Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал: Монголын финтекийн зах зээл тоонооc чанарт шилжих үе дээрээ явж байна
-Финтек Монголд ямар түвшинд урагшилж, хөгжиж байна гэж та үзэж байна вэ?
-Монголын санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд финтекийн зах зээл тэлж, зээлийн аппликэйшнүүд "тэсрэлт" хийж байгаа хэдий ч хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, цогц экосистем бүрдүүлж чадсан тоглогчид л тунаж үлдэх хандлага түлхүү ажиглагдаж байна. Финтекийн салбарын ирээдүй санхүүгийн бие даасан үйлчилгээ бус харилцагч төвтэй буюу өдөр тутамд ашиглагдахуйц, тэдний хэрэглээнд нийцсэн чиглэлд хөгжих болов уу. Таван Богд Группийн хувьд худалдаа, технологи, эрүүл мэнд зэрэг голлох салбарт харилцагчдад ойр, хэрэглэгч төвтэй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нь дээрх чиг хандлагыг түүчээлэх том давуу тал болж байна.
“Санхүүгийн бизнес итгэлцэл дээр тогтдог. Бид технологийн компани шиг хурдтай байх ёстой ч, банк шиг найдвартай засаглал, эрсдэлийн удирдлагатай байх ёстой”
-Гүйцэтгэх удирдлагын хувьд энэ салбарт ажиллахад ямар чиглэлээр голчлон анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ салбарт гүйцэтгэх удирдлагаар томилогдон ажиллаж байгаагийн хувьд дараах гурван хүчин зүйлд голлон анхаарч байна.
- Засаглал ба Итгэлцэл. Санхүүгийн бизнес итгэлцэл дээр тогтдог. Бид технологийн компани шиг хурдтай байх ёстой ч, банк шиг найдвартай засаглал, эрсдэлийн удирдлагатай байх ёстой.
- Синержи.Санхүү, Финтек, Худалдаа, Технологи гэсэн салбаруудын уялдааг хангаж, тус бүрийн өгөгдлийг нэгтгэн "Их өгөгдөл" болгоход анхаарч байна.
- Ажилтны хөгжил ба Соёл. Технологийг код биш, хүн бүтээдэг. Тиймээс "Өсөлтийн сэтгэлгээтэй" (Growth Mindset), суралцах хүсэлтэй багийг бүрдүүлж, тэднийг тогтмол хөгжүүлэх нь миний өдөр тутмын ажил юм.
“Бид зөвхөн зээл олгогч байхаас татгалзаж, харилцагчийнхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжигч түнш байх зорилт тавьсан"
-Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн 2025 оны зорилтуудын үр дүнг хуваалцаж болох уу?
Манай компанийн хувьд 2025 он "Дижитал Тэлэлт"-ийн жил байлаа. Бид зөвхөн зээл олгогч байхаас татгалзаж, харилцагчийнхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжигч түнш байх зорилт тавьсан.
Гол үр дүнгүүдээс дурдвал,
- Хүртээмжийг нэмэгдүүлсэн. Уламжлалт танин баталгаажуулалтын системээс E-KYC буюу харилцагчийг зайнаас, цахимаар танин баталгаажуулах шийдлийг нэвтрүүлснээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч танин баталгаажуулалт хийлгэж, зээлийн үйлчилгээ авах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд үүний үр дүнд одоогийн байдлаар 600,000 харилцагчтай болоод байна.
- Автомат зээлийн төрөлжүүлж FinOn барьцаатай зээлийн автоматжуулалтыг нэвтрүүлснээр харилцагч үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг төвөггүй авах боломжийг бүрдүүллээ.
- ESG санаачилга хэрэгжүүлж цаасан хэрэглээг 90% бууруулж, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг багцдаа амжилттай нэвтрүүлсэн нь байгаль орчинд ээлтэй бизнес байж тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэгч компани байх амлалтын маань бодит үр дүн гэж харж байна.
Дижитал зээл, AI скоринг, автоматжуулалт зэрэг технологи хэрэглэгчийн туршлагад ямар бодит өөрчлөлт авчирч байна вэ?
Технологи бол зөвхөн хурд биш. Энэ бол "Шударга байдал ба Хүртээмж" юм.
- Цаг хугацааны хэмнэлт: Өмнө нь хэдэн өдөр болдог байсан процессыг бид хэдхэн секунд, минутаар хэмжигдэх түвшинд хүргэсэн. Энэ бол хэрэглэгчийнхээ цагийг хүндэтгэж буй хэлбэр.
- Объектив шийдвэр: AI скоринг нь хүний оролцоог халснаар зээлийн шийдвэр гаргалтад "хүний үзэмж" орох эрсдэлийг арилгаж, хүн бүрд ижил тэгш боломжийг олгож байна.
- Хувь хүнд тохирсон үйлчилгээ: Харилцагч бүрдээ яг түүнд тохирсон зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөлтийн нөхцөлийг санал болгох чадвартай болж байна. Энэ нь харилцагчаа санхүүгийн дарамтад оруулахгүй байх хариуцлагатай зээл олголтын үндэс юм.
-Ойрын жилүүдэд Монголын санхүүгийн салбар ямар чиглэлд хамгийн хурдтай хөгжих вэ?
-Технологийн маш хурдацтай өсөлт дунд ажиллаж байгаа болохоор 2, 3 жилийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй. Хөгжлийн чиг хандлагын дагуу гэвэл дараах 3 үндсэн тулгуур дээр харж байна:
- Нээлттэй банк ба Дата эдийн засаг: Банк болон финтекүүд өгөгдлөө API-аар дамжуулан солилцож, хэрэглэгч өөрийн санхүүгийн мэдээллээ бүрэн удирдаж, олон төрлийн үйлчилгээг нэг цонхноос авах боломж бүрдэнэ.
- Зөвлөх үйлчилгээ: Зөвхөн зээл өгөх бус, иргэдийн хуримтлалыг өсгөх, хөрөнгө оруулалт хийхэд нь туслах автоматжуулсан зөвлөх үйлчилгээнүүд хүчтэй хөгжинө.
- Ногоон санхүү: Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад Монголд ч мөн байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь зөвхөн сайн дурын ажил биш, бизнесийн гол шалгуур болон хувирах болов уу.
Монголын санхүүгийн салбар зөвхөн төлбөр тооцоо, зээл гэсэн уламжлалт ойлголтоос хальж, хүний амьдралын чанарыг сайжруулах Lifestyle Partner болох чиглэлд хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.




