Подкаст, ярилцлага | July 17, 2023

Тэргүүний ажилтан “Таван Богд Билдинг Саплай” компанийн Худалдааны ахлах зөвлөх Д.Туяа

-Та яагаад Таван Богд Группийг сонгон ажилд орох болсон бэ?

Намайг Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд сурч байх үед “Маркетинг сурталчлах сар” гэж болдог байсан. Тэр үед тэмцээн болоход манай анги Таван Богд Групптэй хамтран ажиллаж, тэр тэмцээн дээр түрүүлж байсан юм. 2000 оноос хойш л Таван Богд Группийг мэддэг байсан л даа. Төгсөөд шууд ажилд ормоор байсан ч нөхцөл бололцоо бүрдэхгүй байсан болохоор хэсэгтээ өөр газар ажиллаж байлаа. Гэхдээ ажил амьдрал ч тэгшрээд, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байсан болохоор хийж бүтээж байгаа зүйл, нэр хүнд, ажилчдаа дэмждэг, цалин урамшуулал сайн энэхүү компанид 2012 онд “TOTO” брэндийн худалдааны зөвлөхөөр орж байсан. Ийм том компанийн нэгэн хэсэг болсондоо маш их баярлаж, бахархаж явдаг юм.

-Анх гараагаа эхлүүлснээс авхуулаад Тэргүүний ажилтан болох энэ замналд сурч мэдэж, өөртөө олж авсан хамгийн үнэтэй зүйл нь юу байсан бэ?

Хүмүүстэй харилцах тал дээр би маш их зүйлийг сурч, бас илүү тэвчээртэй болсон. Хүмүүстэй харилцана гэдэг өөрөө маш том чадвар, бүр урлаг гэдэг шүү дээ. Би энэ тал дээр их зүйл суралцаж, цаашид ч надад сурах зүйл их байна гэж хардаг. Хувь хүнийхээ хувьд хөгжиж, илүү чадваржсан минь олзуурхууштай санагддаг. Гэхдээ Таван Богд Группийн нэг хэсэг болж ажиллахын сайхан зүйл нь өсөж дэвших, сурах маш их боломж байдаг. Нэг цэгт хүрээд л болсон гэж бодолгүй үргэлж л улам ихийг сурч, өөрийгөө олон талаар хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд маш их боломж бий.

-Шинээр ажилд орох гэж байгаа, дөнгөж ажлын гараан дээр ирсэн залуустаа та юу гэж зөвлөх вэ?

Таван Богд Групп бол маш том, эрч хүчтэй хамт олонтой, дээрээс нь сурч хөгжүүлэх тал дээр “супер”. Үнэхээр юм суръя, өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа хүмүүст энэ компани маш том боломж юм шүү. Тиймээс орж ирж буй залуус маань өөрийгөө хөгжүүлж, бусдаасаа ихийг суралцаж, бас өөрийнхөө чаддаг мэддэг зүйлийг бусадтайгаа хуваалцаарай. Энэ компаниасаа гарсан ч гэсэн сурч мэдсэн бүхэн чинь, туршлага чинь дараа дараагийн ажил, амьдралд чинь маш том нэмэр болох болно.

-Тэргүүний ажилтан болох үед танд ямар санагдаж байсан бэ?

Үнэхээр итгэмээргүй, сайхан мөч байсан. Гэхдээ бас би энэ чинээгээрээ улам илүү хичээж, илүү сайжрах хүсэл төрсөн. Манай байгууллагад залуу хүүхдүүд их болохоор тэдэндээ мэддэг чаддагаа хуваалцаж, чадахаараа дэм болно гэж илүү их хичээх болсон. Таван Богд Группийн нийт хамт олондоо маш их баярлалаа. Цаашдаа улам ихийг хамтдаа бүтээе.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай