Подкаст, ярилцлага | July 17, 2023

“Улаанбаатар Принт” ХХК Гүйцэтгэх захирал Г.Гантүшиг: 25 жилийн ойг тохиолдуулан 25 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж байна

-Та анх Таван Богд Группт ажиллаж эхэлсэн үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

Санхүүгийн менежерээр групп компанид ажиллаж байгаад өөр салбарт ажиллах шийдвэр гаргасан. Энэ үед Таван Богд Группийг дэлхийн брэндүүдийг Монгол улсад маш амжилттай хөгжүүлж байгааг мэдэж байсан тул 2018 оны 7 сард зорилгоо биелүүлэн Таван Богд Менежмент ХХК-д Санхүүгийн менежерээр ажилд орж, 2019 оноос эхлэн Улаанбаатар Принт ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна.

-Ажиллах хугацаандаа сурсан хамгийн чухал зүйлс юу байсан бэ?

Аливаа багийн амжилт нь ажилтнуудын ажилдаа хандах хичээл зүтгэл, хамт олны уур амьсгал, компанидаа болон удирдлагадаа итгэх итгэл, сэтгэл ханамжаас шууд хамаардаг тул ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарахыг хичээдэг.  Нөгөө талаас компанийнхаа ирээдүйн эрхэм зорилго, алсын харааг бүрэн ойлгож, нэгэн зорилгын төлөө хамт олноороо жигд тэмүүлэхийн тулд ажилтан бүр ижил ойлголт мэдээлэлтэй байх үүднээс нийт ажилтнуудын хурлаар өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа нээлттэй хэлэлцэж, дараа дараагийн саруудын зорилго төлөвлөгөөгөө танилцуулдаг.

-Таван богд Группт удаан хугацааны турш тасралтгүй ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл, шалтгаан юу байсан бэ?

Таван Богд Группийн удирдлагууд манай хамт олонд бүрэн итгэж, бидний санаачлан хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг дэмжин, энэ хэрээр өөрсдийгөө сорих, илүү сайныг бүтээх боломжийг олгон урам зоригийг минь хурцалж өгдөг нь надад таатай санагддаг. 

-Улаанбаатар Принт компанийн хувьд ямар үнэт зүйлийг эрхэмлэн ажилладаг вэ?

Компанийн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч байж, сэтгэл ханамжтай байвал бидний ажлын үр дүн гэж хардаг. Бид Монголдоо дэвтрийн үйлдвэрлэлийн цорын ганц үйлдвэр гэж эрдэхгүй, харин ч энэ нь бидний хувьд маш том үүрэг хариуцлага гэдгийг ойлгон, энэ хэрээр хэрэглэгчийн шаардлагыг сайн сонсож, эцэг эхчүүд, суралцан хөгжиж байгаа ирээдүй хойч үе, сурган хүмүүжүүлж байгаа багш нарын холбогч гүүр нь байж тэдэнд туслах нь бидний үнэт зүйл юм.

-Манлайлагч байхад ямар зан чанар, ур чадвар, дадал зуршил тань хамгийн том нөлөөлөл үзүүлсэн гэж боддог вэ?

Миний хувьд үргэлж шинэ шинэлэг бүхнийг эрэлхийлж, аливааг олон талаас нь харж, эрсдэлийг урьдчилан зөв тооцоолж, хурдтай шийдвэр гаргадаг. Мөн эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг гэж өөрийгөө дүгнэж байна.  

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэх нь бусад төрлийн компани, бизнесүүдээс юугаараа ялгаатай вэ?

Манай компани Дэвтэр үйлдвэрлэл, Оффсет хэвлэл, Double A бичгийн цаасны худалдаа гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Үүний маань хамгийн чухал хэсгийг бид Дэвтэр үйлдвэрлэл гэж дүгнэдэг. Бид Монгол Улсын боловсролын систем, Монгол хүүхдийн онцлогт тохируулан сургуулийн өмнөх наснаас эхлэн хүүхдийн хөгжлийн шат болгонд тохируулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бид шинээр мэдлэгтэй дэвтэр, нотын дэвтэр, монгол бичгийн дэвтэр, ханзны дэвтэр, дасгал ажлын дэвтэр, өнгийн дэвтэр зэргийг гаргахаас гадна хүүхэд бүр өөрийн сонирхлын хүрээнд дуртай хамтлаг дуучин, гэр бүл, найз нөхөд, хайртай амьтныхаа зурагтай дэвтрээ өөрөө хэвлүүлэх боломжийг олгож байна. Мөн бид дэвтэр болон оффсет хэвлэлдээ Монгол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Япон улсад үйлдвэрлэсэн цаасаар үйлдвэрлэл эрхэлдэг учир импортын бусад бүтээгдэхүүнээс чанар аюулгүй байдлаараа илт ялгардаг. Тиймээс 1997 оноос хойш бидний үйлдвэрлэсэн дэвтэр хүний биед харшил үүсгэх тоос тоосонцор үүсгэдэггүй, хүүхдийн бичгийн хэвийг алдагдуулахгүй, гулгамтгай гөлгөр, бэх уусгадаггүй гэх мэт олон давуу талтай юм.

-“Улаанбаатар Принт” компанийн жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Ямар арга хэмжээ, үйл ажиллагаа төлөвлөж байна?

Бид компанийнхаа 25 жилийн ойн арга хэмжээг бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх, нийгэм болон ажилчдадаа тустай аян зохион байгуулахаар 25 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж байна. Сүүлд ажилтнуудынхаа дунд 25 жилийн ойгоо тохиолдуулан 25 км-ийн уртын алхалт зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулиудтай хамт “Дэвтрээ дахин амьдруулъя” аяны хүрээнд хэрэглэж дууссан дэвтрээ дахин боловсруулах аян хэрэгжүүлж байна. Цаашид бид хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн гэх мэт ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

-Та компанийнхаа амжилтаас хуваалцана уу?

Бидний боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмэр бол манай компанийн хамгийн том амжилт, сайн сайхан зүйл гэж өөрсдөөрөө бахархдаг. Бид мөн хэвлэлийн салбарт Монгол улсад анх удаа ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 22000:2018 олон улсын стандартуудыг хэрэгжүүлж, түүхий эд материалдаа ч маш өндөр шалгуур тавин ажиллаж хэвлэлийн салбар дундаа жишиг тогтоон салбараа түүчээлэн ажиллаж байгаа нь бидний амжилт юм. Ингэснээр бусад компаниуд ч мөн хэвлэлийн салбарыг дараагийн түвшинд гаргах ёстойг ойлгон хэвлэлийн салбар маань ар араасаа улам хөгжих эхлэлийг тавьж байна гэж үздэг.  Хэвлэлийн салбар жигд хөгжсөнөөр эргээд хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ.

-Шинээр ажилд орохоор ирсэн хүмүүсээс та ямар зан чанар, хандлагыг харахыг хүсдэг вэ?

Миний хувьд ажил горилж байгаа, ажиллаж байгаа гээд л өдөр тутамдаа л хүнтэй их харилцах ажил хийж байна. Ингэхдээ ямар ч ажлыг намайг сургаж, хөгжүүлж, төлөвшүүлж байгаа ажил гэж хүлээн авч, чин сэтгэлээсээ ханддаг зан чанарыг чухалчилдаг.

-Удирдах албан тушаалтан ямар байх ёстой гэж та үздэг вэ?

Удирдах албан тушаалтан өөрийгөө болон ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг байх, ажилтнуудтайгаа эрх тэгш шударга ханддаг, аливаад алсын хараатай оновчтой шуурхай ханддаг байх ёстой гэж үздэг. Миний хувьд мэргэжлийн хүмүүст ажлуудыг нь даатгах, итгэл үзүүлэх, ажиллах боломжоор нь хангахыг зорьдог.

-Санал болгох ажлын арга туршлагуудаасаа хуваалцана уу?

Их ажлыг бага цагт амжуулахын тулд цаг хэмнэх үүднээс сайтар төлөвлөж, чухал, яаралтай, их, бага гээд л олон ангилдаг. Мөн дээр нь олон ажлыг зэрэг амжуулахад цаг хэмнэх автоматжуулах аль тохирсон боломжийг эрж хайдаг бөгөөд тохирсон арга шийдлээ ч олдог.

-Ойрын үед төлөвлөсөн том төсөл, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

Манай компанийн 2022.07 сард хүлээлгэн өгөхөөр хэрэгжүүлж буй хамгийн том төсөл бол ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл, таатай орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилготой "Таван Оргил" хотхон юм. Ажилтнууддаа Хөшигтийн хөндийд эзэмшил газар, зуслангийн байшинтай болоход нь туслах энэхүү төслийг 2021 оны 9 сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэж байгаа гэдэг утгаар зуслангийн байрыг ажилтнууд өртөг үнээр нь, 70 хувиа боломжит хүүтэй, урт хугацааны зээлээр авах нөхцөлөөр хангаж байна. Хотхон нь ногоон байгууламж, спорт болон тоглоомын талбай, номын сан, машины нэгдсэн зогсоол, бохир болон цэвэр усны нэгдсэн систем, үйлчилгээний байгууллага, нэгдсэн харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдсэн. 

-Та нийт хамт олон, гэр бүлдээ хандан сэтгэлийн үгээ хэлнэ үү?

Та бүхэндээ Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэрийн 25 жилийн ойн байрын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ 2022 онд ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. 
 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай