ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ЗӨВ ХАНДЛАГА, ГАЛ ЭРМЭЛЗЭЛ, ЗОРИЛГОТОЙ БАЙХАД ӨСӨЖ ДЭВШИХ БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ ТАВАН БОГД ГРУПП ОЛГОДОГ
Таныг Таван Богд Трейд ХХК-д веб мастераар анх ажилд орж байсан гэж сонссон. Түүнчлэн, гитар гоё дардаг гэж зөндөө сонсож байлаа. Өөрийнхөө талаар товч танилцуулна уу.
Би 2014 оны 2-р сард Таван Богд Группт ажилд орсон. Би Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд элсэн орж, мэдээлэл технологийн инженерээр их сургуулиа төгссөн. Анх Таван Богд Группт веб мастераар ажиллаж эхэлж байлаа. Тухайн үед шинээр ажилд ороод программ хөгжүүлэхээр захиалга өгсөн тохиолдолд шийдэл олох, гаргалгаа гаргах, тухайн асуудлын шийдлийг хэрхэн олох вэ? гэдгээс эхлэн шинээр бүгдийг суралцсан. Үүний дараа, 2017 оноос Ток Ток ХХК-руу шилжиж, одоогоор Ток Ток ХХК-ийн Мэдээллийн Технологийн Албаны даргаар ажиллаж байна.
Ажлын нэг өдөр тань хэрхэн эхэлдэг вэ?
Би өглөө бүр тогтмол мэйл хаягаа шалгаж, шинээр гарч буй технологиудын судалгаан дээр ажиллан, багийнхантайгаа хуралдаж ажлын процесс үе шаттай тогтмол танилцдаг. Ажлын үйл явцаас харж байгаад шийдэл олох шаардлагатай ажил байгаа эсэхийг харж үзэн, гаргалгаа юу байна гэдэг дээр төвлөрч ажилладаг.
Та ажлынхаа ямар хэсгээс хамгийн их урам зориг авдаг вэ?
Манай багийнхны хувьд зохион бүтээсэн систем маань эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгч нарын гар дээр хүрч, өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж байгаа нь маш их аз жаргал мэдрүүлдэг. Түүнчлэн, Оффисын баг, хүргэлтийн баг гээд ажилтнуудын хэрэглээнд нэвтэрч байгаа нь сайхан байдаг.
Таны хувьд үүссэн нөхцөл байдал дээр хамгийн зөв шийдлийг олж байсан бодит туршлагаасаа хуваалцвал?
Сүүлийн үед байгууллагын стратегийн ажилд шийдэл гарган ажиллаж байна. Бид нар эхэндээ зөвхөн хэрэглэгч нарт хүрсэн CRM нэвтрүүлье гэж байгаад, үүнийгээ илүү боловсронгуй болгож жолооч, хүргэлтийн ажилтан, харилцагч байгууллагат хүртэл тохирсон цогц CRM болгон хөгжүүлэх ажил дээр илүүтэй төвлөрөн ажиллаж байна.
Таны багаа удирдахдаа баримталдаг зарчим юу вэ?
Би багаа удирдаж байгаа хүний хувьд хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ юунд сонирхолтой байгаад тулгуурлан тохирох ажлыг нь даалгадаг. Программ бичих гэдэг нэлээн ажиллагаатай ажил учир үйл явцаас илүү гарах үр дүнд л ач холбогдол өгдөг. Манай багийн залуучууд ч энэ арга барилыг минь мэддэг учраас үр бүтээлтэй ажлаа дуусгадаг.
Өөрийн тань хувьд Таван Богд Группт байх хугацаандаа хийсэн хамгийн чухал ажлуудаа нэрлэвэл?
Миний хувьд Таван Богд Группт веб мастераар эхний 4 жилийн хугацаанд ажилласан. Энэ үедээ Таван Богд Группийн бүх охин компаниудын веб сайтуудыг гар бие оролцон угсарч хөгжүүлсэн. Энэ хугацаанд нийт 30 орчим вебийн хөгжүүлэлт хийжээ. Үүний дараа, Ток Ток ХХК-д орж платформыг бүхэлд нь хариуцаж эцсийн байдлаар хэрэглэгч нарт хэрэглээнд нэвтрэх үйл явц хүртэл нь хариуцаад ажилласан. Одоо хэрэглээнд нэвтрээд амжилттай хэрэгжиж байгаад нь маш их баяртай байна.
Ток Ток ХХК-д ороод шинээр юуг сурсан бэ?
Ток Ток ХХК-д орсноор оновчтой зөв шийдвэр гаргах, аливаа ажлыг ганцхан талаас биш бүхэл бүтэн системээр нь хардаг болсон. Жишээлбэл, 20-30 төрлийн модуль байлаа гэхэд тэр нь эргээд 20,000-30,000 үйлдлүүдэд ажиллаж чаддаг тийм л цогц платформыг хэрхэн бий болгох тал дээр ерөнхий зураглалаар нь харж сурсан даа.
Таны хувьд амьдралдаа хийж байсан хамгийн зөв алхам юу вэ?
Миний хувьд Таван Богд Группт ажиллах шийдвэр гаргасан нь хамгийн чухал алхмуудын нэг байсан. Үүний дараа, Ток Ток ХХК-д ажиллах саналыг Долгорсүрэн захирал тавьж, энэ боломжийг хүлээж авсан нь амьдралдаа гаргасан зөв шийдвэрүүдийн маань нэг гэж боддог.
Өөртөө хэрхэн чөлөөт цаг гаргадаг вэ?
Би ажлаа тараад дор хаяж долоо хоногт нэг удаа хамтлагийн бэлтгэл хийдэг. Ийнхүү, Дэлхийн хэмжээний том шоу болох VOICE-д хөгжимчнөөр ажиллах урилга авсан. Энэ үед ажлаасаа урт хугацааны чөлөө авах шаардлага гарахад удирдлагууд маань намайг ойлгож нааштай хүлээж авсанд маш их баярласан. Ажлаа орхилгүйгээр сонирхдог зүйлдээ урт хугацааны чөлөө авна гэдэг хэн бүхэнд олддоггүй боломж гэж бодож байна.
Таны хувьд өөртөө тавьдаг шаардлага тань юу вэ?
Өчигдрийн байсан би, Өнөөдөр илүү сайжирсан байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Үүнийг өдөр тутамд хэрэгжүүлэхийг хичээдэг.
Та группийн “Шилдэг ажилтан” болсноо мэдэх үед төрсөн мэдрэмжээсээ хуваалцана уу?
Үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай байсан. Учир нь, 7 жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх нэр төрийн хэрэг санагдсан. Өмнө нь группийн шилдэг ажилтнуудын ярилцлагыг уншихад их гоё санагддаг байлаа. Тэгтэл тун удалгүй өөрөө шилдэг ажилтан гээд дуудуулж шагнал аваад зогсох мөчийг юутай ч зүйрлэшгүй. Шинэ жилийн баярын хурал дээр хүмүүсийн шагналыг гардуулж дуусах үед дахиад нэг шагнал үлдсэнийг хэлж миний нэрийг зарласан. Таван Богд Группийн “Шилдэг ажилтан” гэхэд манай хамт олон хүртэл бүгд маш их баярласан.
Өөртөө тавьж байгаа дараачийн зорилго юу байгаа вэ?
2022 онд хийгдэх байгууллагын томоохон төслийг хариуцаж ажиллах зорилготой байна.
Таван Богд Группт өнгөрүүлсэн 7 жилээ дүгнээд хэлбэл?
Миний хувьд 2013-2019 онд дандаа ганцаараа ажиллаж байсан бол Ток Ток ХХК-д баг удирдаж эхэлснээр хамт олонтойгоо хэрхэн ажиллах вэ, хэрхэн багаа зөв удирдах вэ, багийн гишүүдтэйгээ яаж харицах вэ зэрэг олон зүйл суралцжээ. Ахиж дэвших боломжийг олгосон удирдлагууддаа маш их баярлаж явдаг. Хүн тууштай байвал хэзээ нэгэн цагт үр дүнгээ хүртдэг гэдгийг хэлмээр байна.
Таван Богд Группт шинээр ажилд орж байгаа залууст хандаж юу хэлмээр байна вэ?
Таван Богд Группт ажилд орох гэж буй залуустаа хандаж хэлэхэд, хэрвээ карьер төлөвлөж байгаа бол хамгийн зөв газраа ирсэн байна гэдэгт итгээрэй. Учир нь, Хүн өөрөө л хүсэл тэмүүлэлтэй, зорилготой, тууштай байж чадвал ажлын байран дээр хурдан өсөж дэвших боломжтой. Түүнчлэн, Таван Богд Групп бол хамгийн шударга, үнэн зөв өрсөлдөөнтэй газар гэж би хувьдаа дүгнэдэг. Тэгэхээр, хувь хүн өөрөө л хичээж чадвал бүгдэд нь боломж бий шүү гэдгийг дахин хэлмээр байна.
Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.



