Бид бусдаас түрүүлж хөгжиж, бусдаас түрүүлж алхаж, бусдын хараагүйг түрүүлж харах ёстой
Миний ажил амьдралдаа баримталдаг чухал хоёр зарчим бий.
ЗӨВ ХҮН БАЙХ
Би үргэлж зөв бодож, зөв ярьж, зөв үйлдэл хийхийг хичээдэг. Таван Богд Группийн дотоод соёл ч ажилтнуудаа зөв хүн байхыг зааж сургадаг. Бид группийн хэмжээнд амёб менежментээр ажилладаг ба манай компани үүнийг анх нэвтрүүлж байсан түүхтэй. Амёб менежментийг нэвтрүүлснээр байгууллагын соёл, баг хамт олны хамтын ажиллагаа, уялдаа холбоо илүү сайжирсан. Түүнчлэн хэлтэс нэгжийн ажилтнууд компанийн үр ашгийн тайлантай сар бүр танилцана. Ингэснээр ажилтнууд маань би компанийнхаа үр ашигт хэр хэмжээний хувь нэмэр оруулсан бэ гэдгээ мэдэж, миний үүрэг оролцоо компанид маань ямар чухал вэ гэдгийг ойлгодог. Амёб менежментийн хамгийн гол зорилго нь энэ. Мөн манай ажилтан бүр ажлын цаг минут бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэр хэрээр компанийн үр ашиг нэмэгдэж, тэдний маань цалин хөлс ч нэмэгддэг юм.
ТАЛАРХАЛ БОЛОН ТУУШТАЙ БАЙДАЛ
Хүн бүр талархлыг зуршил болгоосой гэж хүсдэг... Гэр бүл, найз нөхөд, хамт олон гээд надад байгаа бүх зүйлд би талархдаг. Жижиг зүйлд ч талархаж сурах нь зөв хүн байхын үндэс юм. Мөн хүн тууштай байвал ямар ч өндөр оргилын дээр нь гарч чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ хүн хаана?, хэзээ?, юунд? тууштай байж чадах вэ гэдгээ олох ёстой. Үүний тулд эхлээд хийх дуртай ажлаа олно. Тэгээд тухайн ажлынхаа утга учир, зорилгыг ойлгох нь чухал. Мөн хийж байгаа ажил, хамт олноосоо баяр баясал мэдрэх хэрэгтэй. Ингэж чадвал аз жаргалтайгаар тууштай ажиллах болно.
Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний үүрэг хариуцлага илүү их нэмэгдсэн бөгөөд дараах хоёр зүйлийг маш сайн ойлгож авсан юм.
ТОМ ЗОРИЛГОТОЙ ХҮНД ЖИЖИГ АСУУДАЛ САДАА БОЛДОГГҮЙ
Компанийн гүйцэтгэх захирал өдөр бүр том, жижиг, яаралтай гэсэн чухал олон шийдвэр гаргах ёстой болдог. Хэрэв миний шийдвэр буруу, алсыг хараагүй, өнгөцхөн байвал компанийн үйл ажиллагаа доголдоно. Компанийн үйл ажиллагаа доголдвол 400 гаруй ажилтны маань цалин хөлс тасалдаж, цаашлаад амьдрал ахуйд нь нөлөөлнө шүү дээ. Тиймээс би гаргаж буй шийдвэр бүрдээ нухацтай хандах ёстой. Манай компани өргөн хэрэглээний хүнс болон ахуйн бүтээгдэхүүний зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зах зээл нь маш их өрсөлдөөнтэй зах зээл. Бид бусдаас түрүүлж хөгжиж, бусдаас түрүүлж алхаж, бусдын хараагүйг түрүүлж харах ёстой. Энэ бодол маань өдөр бүр миний мотиваци болж, сайн удирдагч байж ажилтнуудынхаа амьдралд эергээр нөлөөлөхийн төлөө зүтгэж байна.
ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ
Хэдэн жилийн өмнө манай улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо цөөн байсан. Харин сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн манлайлал эрчимтэй нэмэгдэж байна. Нийгэм ч хүлээн зөвшөөрч хүндэлдэг боллоо. Хувийн амьдрал болон карьер өсөлтөө зэрэгцүүлэн зохицуулдаг, хувь хүний хөгжил дээрээ маш их анхаардаг мундаг эмэгтэйчүүд олон болж байгаад баярлаж явдаг. Манай компанийн хувьд удирдлагын багийн дийлэнх хувийг эмэгтэй удирдлага эзэлдэг. Эмэгтэйчүүд бидний байгалиас заяасан тэвчээр, тууштай зан, нарийн деталь зүйлийг ч олж хардаг чадварууд нь ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлэхэд тусалдаг гэж боддог. Мэдээж хүн төгс биш. Нас, хүйсийн ялгаанаас хамаарсан давуу болон сул тал үүсэх нь тодорхой. Гэхдээ манай компани нас, хүйс харгалзахгүйгээр хүн бүрд өсөн дэвших боломжийг тэгш олгодог.
Төгсгөлд нь хэлэхэд, Таван Богд Интернэйшнл ХХК нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны дистрибьютер компани бөгөөд ажилтнуудаа үндэстэн дамнасан том корпорацуудын нөү-хау болон туршлагаас тогтмол суралцах боломжоор хангадаг. Компанийн хамгийн чухал, хэзээ ч шавхагдашгүй, хязгааргүй өсөлт, хөгжлийг бий болгодог зүйл бол ажиллах хүчин буюу ХҮНИЙ НӨӨЦ билээ. Шинэ зүйл сурч, хөгжих хүсэл эрмэлзэлтэй ажилтныг дэмжиж, багахан түлхэц өгөхөд төсөөлснөөс ч их үр дүн авчирдаг.



