Улаанбаатар хотод явж үзээгүй зам, орж үзээгүй дэлгүүр гэж бараг байхгүй дээ
Би анх 2008 оны 6-р сард компанидаа түгээлтийн жолоочоор ажилд орж байлаа. Дэлхийд нэр хүндтэй брэндүүдийг машиндаа ачаад, харилцагч нартаа түгээх ажилд 13 жил тасралтгүй зүтгэж байна. Би ер нь аливаад тууштай байхыг хүсдэг хүн. Түүнчлэн манай компанийн ажилтнууддаа тавьдаг анхаарал халамж, хамт олны уур амьсгал, цалин урамшуулал зэрэг нь удаан ажиллах хөшүүрэг болсон гэж боддог. Өнгөрсөн хугацаанд би нэг ч удаа цалингаа хугацаанаас нь хоцорч авч үзээгүй.
Өглөө агуулахаас тухайн өдрийнхөө харилцагч нарын барааг ачаад л гарна. Замын түгжрэл, машины эвдрэл, цаг агаарын нөхцөл байдал гэх мэт олон асуудалтай нүүр тулна. Гол нь ямар ч асуудал гарсан зохицуулаад бүх харилцагч нарынхаа барааг хүргэчхээд, хоосон амбаартай ажил руугаа буцах хамгийн сайхан байдаг даа.
Манай ТҮГЭЭЛТИЙН АЛБА шижигнэсэн, эрч хүчтэй, гялалзсан залуусаар дүүрэн. Би бараг компанидаа хөгшиндөө орно, залуучууддаа чирэгдэхгүй шүү гээд хичээж л явна даа /инээв. Манай хэд намайг ах ах гээд их тус дэм болцгооно. Би ч бас өөрийн мэддэг чаддаг зүйлсээсээ тэд нартаа зөвлөөд л ажилладаг. Нэг нэгнээ гэх сэтгэлтэй сайхан хамт олон дунд ажилладагтаа би их баярладаг.
Манай ажил өглөө 08:30 минутаас эхэлдэг. Гэсэн хэдий ч би өглөө болгон 7:00 цагт ирээд бараагаа аваад, түгээлтдээ гардаг. Орой унтвал нэгийг дуулна, эрт босвол нэгийг үзнэ гэдэг дээ... Маргаашийнхаа ажлыг төлөвлөж бэлдэх нь хамгийн чухал гэж боддог. Шалгаагүй, бэлдээгүй дутуу зүйлстэй ажлаа эхлүүлчихвэл хугацаа алдаж, ажил хойшилдог. Би өглөөнөөс орой хүртэлх ажлын цагаа маш үр дүнтэй зарцуулж, ямар ч ажилд сэтгэлээсээ хандаж, тууштай байх дуртай.
2020 оны 10 сарын 08-нд манай нийт ажилтны улирлын хурал болсон юм. Би ч хуралдаа нэг их юм бодолгүй сууж байтал, гэнэт тайзан дээрээс удирдлагууд миний нэрийг дууддаг юм байна. “Олон жилийн турш ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тууштай ажиллаж байгааг тань үнэлэн байрны урьдчилгаандаа нэмэрлэх 15,000,000 сая төгрөгийн мөнгөн шагналыг бэлэглэж байна” гэв. Хүн чинь маш их баярлахаараа тулгамдаад үг гардаггүй, итгэдэггүй юм байна лээ.
Таван Богд групп болон Таван Богд Интернэйшнл компанидаа миний амьдралын 13 жилд хамт байж, өнөөдрийг хүртэл өсөн дэвшиж, амжилттай ажиллахад минь тус дэм болсонд маш их баярлаж явдаг. Цар тахалтай хүнд энэ үед бидэнд үзүүлэх анхаарал халамж маш сайн байгаа. Ажлын хувцас хэрэглэл, ариутгал, маск, бээлий, олон цаг машинд явдаг болохоор ус, тэр ч бүү хэл цай уух халуун сав хүртэл компаниас хариуцан түгээлтийн ажилтнууддаа олгосон. Манай баг хамт олон хөл хорионы энэ үед ард иргэдийнхээ хүнс, ахуйн хэрэглэлийг тасалдуулахгүй хүргэх тал дээр анхаарч, өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаад нь талархан, бахархаж байна.



