Подкаст, ярилцлага | July 17, 2023

"ДУТУУГАА ДҮҮРГЭ" ярилцлагууд

Нийгэмдээ эерэг дуу хоолойгоо хүргэх зорилгоор "Дутуугаа Дүүргэ" аяныг санаачлан, олон ажлыг хэрэгжүүлээд буй KFC брэнд нь өөр өөрийн гэсэн онцлогтой шинэ үеийн төлөөлөл болох залуустай "Дутуугаа Дүүргэ" цуврал ярилцлагуудыг фэйсбүүк хуудсаараа тогтмол хүргэж байна. Энэхүү ярилцлагад өөрийн сонирхолтой түүхээс хуваалцсан залуус дутуу мэдрэмжүүдээ юугаар дүүргэхийг хүсэж, ирээдүйд юунд зорьж буйгаа илэрхийлснийг та тухлан уншаарай. 
 

Э.ЭНХМӨНХ- ОЙ ТОГТООЛТЫН СПОРТЫН МАСТЕР
 

2013 оноос эхлэн ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд жилийн дараа “Дэлхийн аварга” болж байлаа. Дараа жилийн тэмцээн дээр нь өсвөрийн дэлхийн рекордоо эвдээд “Хошой аварга” болох боломжтой байсан. Гэтэл нэгхэн алхмын зайтай бүх зүйл орвонгоороо эргэчих нь тэр. Тухайн үед намайг унагаасан ганц зүйл гэвэл "өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чадаагүй" байдал. Өөрийнхөө гаргасан эхний санаанд эргэлзэж оронд нь өөр санаа гаргаад алдсан.

Түүнээс хойш зөвхөн би л өөртөө итгэхгүй бол унасны дараа хэн ч надад итгэхгүй гэдгийг ойлгосон. Өмнө нь дандаа өөрөөсөө илүү бусдыг хайрлаж, бусдыг нэгт тавьдаг байж. Бусад хүмүүсийг гоё, таатай байлгах нь надад ч гоё санагддаг л даа. Харин одоо бол өөрийгөө илүү хайрлаж, өөртөө итгэлтэй байсан цагт бусад хүн чамайг хайрлана гэдгийг ойлгож байгаа.

Багш нарын маань хэлдгээр ой тогтоолтын хамгийн гол зүйл бол өдөр бүрийн бэлтгэл. Хэдийгээр би одоо өөр зүйл хийж байгаа ч өдөр бүр хэдэн минут ч хамаагүй ой тогтоолтоо сайжруулахыг эрмэлздэг. Жишээлбэл би өөрөө маркетинг, хөгжүүлэлт дээр нь ажиллаж буй “Memo words” аппликэйшнаараа дамжуулж гадаад үг цээжилдэг. Энэ аппликэйшин нь гадаад хэлийг сурах арга барилуудыг заадаг.

Бас өдөр тутамдаа харсан тоон мэдээллээ уншиж, цуглуулдаг. Гэхдээ мэдээллээ ялгах нь чухал. Хүнд өдөрт 60-аас 70 мянган мэдээлэл цуглардаг боловч ихэнх нь хэрэггүй мэдээлэл байдаг. Энэ их хэрэггүй мэдээллээр толгойгоо дүүргэвэл мэдээж үр ашиггүй шүү дээ. Түүнээс гадна цээжлэх хурдаа үргэлж ихэсгэдэг. Өнөөдрийн цээжилсэн хурд маань өчигдрийн хурднаас илүү байх ёстой. Тэгж байж л тархи тасралтгүй суралцаж, тогтмол сайжирдаг. Харин цаашдаа мэргэжлийн ур чадвараараа өөрийгөө ДҮҮРГЭХ зорилготой. Дата шинжилгээ, дата цуглуулалт гэх мэт маркетинг дотроо илүү судалгаатай холбоотой ур чадваруудаа хөгжүүлэхийг хүсэж байна.

Залуучууддаа хандаж хэлэхэд аливааг шүүмжлэхээс илүү өөрөөрөө үлгэрлэж, бусдад сайнаар нөлөөлж сураарай. Хүмүүс яагаад соёлгүй байдаг гол шалтгаан нь анхнаасаа тийм нийгэмд өсөж, хүмүүжээгүй, мэдэхгүй учраас л тэгж аашилдаг. Хүн мэдэлгүй буруу зүйл хийчихвэл аль болох түрүүлж уурлаж, шүүмжлэх биш харин эсрэгээрээ тэдэнд зааж, чиглүүлж өгч байгаарай. Тэгсэн цагт нийгэм маань илүү эерэг зүйлсээр ДҮҮРНЭ гэдэгт итгэдэг.

А.СОЛОНГО- KFC ТЭНГИС САЛБАРЫН АЖИЛТАН
 

Би ажилдаа ороод 7 хоноод л шантарсан. Өмнө нь огт ажил хийж үзээгүй, ачаалал дааж сураагүй, хөдөлмөрийн амт шимийг мэдрээгүй байсан л даа.

Хамт олон маань намайг их дэмжиж одоогийн Солонго гэдэг хүнийг бүтээхэд тусалсанд талархдаг. Миний KFC-д хамгийн сайн сурсан зүйл гэвэл харилцааны чадвар. Ямар ч зан ааштай хэрэглэгчийн арга эвийг олж зөв харилцаж чаддаг болсон. Энэ сурсан чухал зүйл минь одоо миний амьдралд маш их хэрэг болдог.

Багаараа “Champs challenge” ур чадварын тэмцээнд оролцож байсан үе маань KFC-д өнгөрүүлсэн хамгийн гоё мөч байх аа. Ер нь бол бид нарын хувьд олимп л гэсэн үг. Эхлээд Монголынхоо бүх KFC-н салбарын ажилтнуудтай ур чадвараараа өрсөлдөж түрүүлээд, дараа нь эх орноо төлөөлөн Ази номхон далайн бүсийн орнуудаас шалгарсан багуудтай өрсөлддөг тэмцээн юм. Ажлаа тараад л бид тэмцээндээ бэлдээд салбар дотроо гүйж өгнө дөө. Манай баг хэдийгээр шилдэг багаар шалгараагүй ч тэр үе хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн.

Ажлынхаа хажуугаар би ШУТИС-д Геодези мэргэжлээр сурдаг. Яг хүсэж сонгосон мэргэжил биш учраас цаашдаа мэргэжлээрээ ажиллахаас илүү зочлох үйлчилгээний менежментээр суралцаж, энэ салбарт ажиллах хүсэлтэй болсон. Энэ зорилгоруу хөтөлсөн зүйл гэвэл KFC-д ажилладаг болоод дэлхийн стандартыг биеэрээ мэдэрсэн тэр мөчөөс эхэлсэн. Саяхан тушаал дэвших шалгалтандаа тэнцээд “Star ажилтан” болсондоо урамшиж, өөрийгөө улам бүр сайжруулж, салбарын менежер болъё гэж зорьж эхэлсэн шүү.

Залуустаа хандаж хэлэхэд тэвчээрээр ДҮҮРЭН байгаарай! Ялангуяа анх хийж байгаа ажилдаа шантралгүй чин сэтгэлээ гаргаад тууштай байх нь чухал шүү.

А. ТҮВШИНТӨР- ALIMAA’S DAILY LIFE-Н КОМИК АРТИСТ
 

Алдсан ч хамаагүй сонирхсон зүйлээ хийвэл аз жаргалтай байж чадна гэж бодсон.

Анх Анагаахад оюутан болж ороод анатомийн хичээлээ хамгийн их сонирхдог байлаа. Багаасаа л зурах дуртай байсан учраас биеийн анатоми судалж байхдаа хүний бие, булчингийн бүтэц зэргийг зурж сурсан. Гэхдээ 2-р курсээсээ эмчээр ажиллах нь миний хийх зүйл биш гэж ойлгоод сургуулиасаа гарчихсан л даа.

Түүнээс хойш Youtube-с төрөл бүрийн бичлэг үзээд хувиараа байгууллагуудын лого дизайн гаргаж, дотоод засал, хананы зураг зурж бүр шивээс хүртэл хийж байсан. Хажуугаар нь бас л сонирхлоороо “Гөлөгөн муужгай” дүрийг зохион 2 цуврал комикоо зурчихсан дөнгөж эхлүүлж байх үед манай компани надад хамтран ажиллах санал тавьсан. Түүнээс хойш Alimaa’s Daily Life дээр комикоо илүү сайн хөгжүүлж гөлөгөн муужгай комикийг тууштай зурж, эхлүүлээд яг нэг жил болж байна.

Харин одоо өмнө нь огт хийж байгаагүй шинэ зүйлсийг туршиж цоо шинэ мэдрэмжээр өөрийгөө ДҮҮРГЭМЭЭР байна. Жишээлбэл сүши хийдэг тогооч болмоор байна. Гэхдээ зүгээр л нэг энгийн ресторанд биш Японруу явж, хамгийн багаас нь эхэлж, жинхэнэ хоол хийх соёлоос нь суралцаад гараараа гоё урлаг бүтээхийг хүсдэг.

Эцэст нь хэлэхэд “Юу чамайг аз жаргалтай болгоно түүгээрээ өөрийгөө ДҮҮРГЭЭРЭЙ”

Б. ОДБАЯР- "BRAINSTORM AGENCY" ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
 

Багадаа өөрийгөө хичээл номоор аль хэдийн дүүрчихсэн, сургуулийнхаа хамгийн мундаг нь болчихсон л гэж боддог байлаа. Конкурс болоход огт бэлдээгүй шууд л яваад орсон. Тэгсэн харин бүх хичээлийн шалгалтдаа унаад, хүссэн нэг ч сургуульдаа орж чадаагүй дээ. Тэр мөчөөс ер нь юманд ханаж, цадаж өөрийгөө дүүрсэн гэж хэзээ ч бодож болохгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ шантралгүй оюутан болж, их сургуулийнхаа хажуугаар үсчин, зөөгч бас тогооч гээд л юм юм хийж явлаа. Бүр 2-р курсдээ анхныхаа компанийг байгуулж, хэлний курс ажиллуулаад өөрөө ч багшилж байлаа.

Апу ХК-д маркетингийн менежерээр ажилласнаар миний мэргэжлийн ажлын гараа эхэлсэн. Маркетингийн албаны даргаар дэвшээд олон төсөл дээр амжилттай ажиллаж, олон ч төсөл дээр бүдэрсэн. Алдаж, оносон байна гэдэг нь хамгийн их туршлага хуримтлуулсан гэсэн үг. Тэр үедээ өөр юм хийж үзье гэж шийдээд ажлаасаа гараад "аман сурталчилгааны аппликэйшн" бүтээсэн. Машинаа зарж, гаргасан аппликэйшн маань амжилттай болж олон компаниудтай хамтран ажилласан. Тухайн үед аппликэйшнийг маань өндөр үнээр худалдаж авах санал тавьсан тул зараад оронд нь “Brainstorm” компаниа эхлүүлсэн юм.

Бид нарын ажил их сонирхолтой, үргэлж л дутуу мэдрэмж өгдөг. Учир нь би өнөөдөр зайрмагны маркетинг дээр ажиллаж байгаад маргааш нь эмний брэнд дээр ажиллах боломжтой. Ажиллаж буй брэнд, зах зээл чинь өөрчлөгдөхөд л дахиж бүх зүйлийг тэгээс нь эхлэн судалж өлөн байх хэрэгтэй болдгоороо онцлог. Цаашдын зорилго гэвэл үл хөдлөхийн томоохон төсөл дээр ажиллаж, энэ салбараар өөрийгөө дүүргэхийг хүсэж байгаа.

Би хүмүүст гоё мэдрэмж, эерэг энерги бэлэглэхийг хүсдэг. Инстаграм нэрээ хүртэл “Happy Star" болгосон. Уншиж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд чамайг аз жаргалтай болгож байгаа бүхнээрээ өөрийгөө ДҮҮРГЭЭРЭЙ.

АМРА- ДУУЧИН 
 

Манай гэр бүлийн хүмүүжил жинхэнэ Ази соёлтой. Бүх хичээлдээ онц сурах ёстой учраас хичээл номоор л өөрийгөө дүүргэж өссөн.

Багаасаа л дуулах дуртай байсан ч математиктаа сайн бас конкурсын шалгалтын дүнгээрээ хамгийн дээгүүр оноотой болохоор санхүүгийн мэргэжлийг сонгосон. 3 жил хагасаар СЭЗИС-ийн бакалаврыг төгсөөд долоохон хоногийн дараа л корпорэйт банканд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Уг нь 2013 оноос л “Soundcloud”-д өөрийнхөө бичсэн дууг оруулж эхэлсэн тухайн үедээ бас хөөрхөн хандалт авчихна. Анх Titanium дууг коверлож дуулахад “Youtube”-д сайн хандалт авч байсан шүү. Ер нь л сонирхлоороо энэ тэнд cover night-ууд дээр хаяа очиж дуулна, дуулахдаа үргэлж л дуртай байсан. 

Миний нэг онцлог бол өөрийгөө тултал нь шахах дуртай хүн. Харин Японд санхүүгээр мастерт сурч байхдаа цаашдаа дуугаараа л явъя гэж шийдсэн юм. Хүн ганцаараа байхаар их юм боддог доо. Тэнд өөртэйгөө ярьж, би яг юу хүсдэг, юуг зорих ёстой билээ? гэдгээ асууж, зөв хариултаа олсон. Тэгээд юу ойлгосон бэ? гэхээр санхүүч хүн мундаг гэдэг нийгмийн үзлийн дагуу би мундаг л хүн байх ёстой гэдэг бодлоор өөрийнхөө хийж буй зүйлс, мэргэжлээ сонгосон юм билээ одоо ингээд бодоход. Өөртөө амрах боломж огт өгдөггүй, багаасаа л өөрийгөө байнга шахдаг байсныгаа олж хараад дуртай, сонирхолтой зүйлээ хийхээр шийдсэн.

Хүн бүр заавал бүх зүйлд мундаг, шилдэг байх албагүй гэдгийг өөртөө ойлгуулж хөгжмөөрөө тултал нь явахыг хүссэн. Цаашдаа олон улсын артист болох зорилготой. Дуугаа гаргачихсан клипэн дээрээ ажиллаж байна. Гэхдээ шууд л дэлхийд танигдана гэдэг боломжгүй учраас эхлээд Азийн Тайвань, Тайланд гэх мэт олон хүн амтай улсуудруу зорьж ажиллаж байгаа.

Залуучууддаа хандаж хэлэхэд хүмүүсийн хүслээр амьдрах биш өөрийнхөө хүсдэг зүйлээр өөрийгөө ДҮҮРГЭЖ, түүндээ тууштай, шийдэмгий байх хамгийн чухал шүү. Сэтгэл зүйн хувьд дархлаатай, хүчтэй байж бусад хүмүүсийн үзэл бодлоос хараат бус байгаарай.

ДУТУУГАА ДҮҮРГЭ- KFC БРЭНД 
 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай