Улаанбаатар Гурил ХХК хөл хориотой үед хэрхэн ажиллаж байгаа талаараа хуваалцлаа
Үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн хүндрэл тулгарч байна уу?
Одоогийн байдлаар гурилын үйлдвэрлэл 24 цагаар тасралтгүй, хэвийн явагдаж байна. Намрын ургацаас буудай татан авсан тул үйлдвэр тасралтгүй ажиллах нөхцөл боломж бүрдэж, бид 24 цагаар зогсолтгүй ажиллаж байна.
Хөл хорионы үед хэдэн хоногийн хугацаанд зөвхөн шөнийн цагаар хүргэлт хийх шаардлага тулгарсан. Энэ үед танай компанид ямар нөлөөтэй байсан бэ?
Хоёр хоногийн хугацаанд шөнийн цагаар түгээлт хийх шийдвэрийн дагуу ажиллахад замын үзэгдэх орчин муу тул халтиргаа, гулгаа ихтэй мөн дэлгүүрүүдийн 50 гаруй хувь нь хаалттай байсан гэх мэт хүндрэлүүдтэй тулгарсан. Харин өдрийн цагаар замын хөдөлгөөн багассантай холбоотойгоор бүтээгдэхүүнээ хурдан шуурхай хүргэж, илүү олон дэлгүүрүүдэд түгээлт хийх боломжтой болсон.
Харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа зогссонтой холбоотой цаашид гурил үйлдвэрлэхэд ямар нэг хүндрэл тулгарах боломжтой юу?
Гурил үйлдвэрлэхэд хамгийн гол нь түүхий эд болох улаан буудайгаас гадна сав баглаа, боодол байдаг. Алтан Булгийн хил хаасантай холбоотойгоор Орос улсаас авдаг 1кг-ийн гурилын сав баглаа хомстох магадлалтай. Мөн 1кг-ийн гурилыг багцалдаг уутыг Монголдоо үйлдвэрлэдэг боловч тухайн үйлдвэр маань хөл хориотой холбоотойгоор одоогийн байдлаар зогссон байгаа.
Орон нутагруу түгээлт хийх боломж нээлттэй байна уу?
Хүнсний түгээлтийг Монгол улс даяараа зөвшөөрсөн байгаа тул орон нутгуудад гурилын түгээлт хэвийн явагдаж байна.
Танай компанийн хувьд хөл хорионы үеийн шинэчилсэн бодлого ашиглан, үйл ажиллагаандаа өөрчлөлтүүд хийж байна уу?
Ковидтой холбоотойгоор 2020 оны 2-р сараас эхлэн бид албан бус зөвлөл байгуулан ажилласан. Энэ зөвлөлийн дагуу одоогийн нөхцөл байдалд ч бас заавар, зааварчилгаагаа тогтмол аваад онцгой үеийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн Дарханы үйлдвэр дээрх ажилтнуудаа Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдуулахад шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ба үйлдвэр дээр вакуумжсан байдалтай ажиллаж, зөвхөн ажилтнуудын автобусаар зорчиж байгаа.
Улаанбаатар хотод ажиллаж буй түгээлтийн ажилтнуудын хувьд зориулалтын хамгаалалтын дүрэмт хувцастай, 2 цаг тутамдаа маскаа солихоос гадна бусад халдвар, хамгааллын дүрмүүдээ ягштал баримтлан ажиллаж байна. Харилцагч байгууллагууд ч бас дэглэмээ баримталж, бүртгэл хөтлөн, халуун хэмжих гэх мэтээр халдвараас сайн сэргийлж байгаа тул одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл үүсээгүй.

Танай компани гурилын зах зээлийн хэдэн хувийг ханган, үйлдвэрлэдэг вэ?
“Улаанбаатар Гурил” ХХК нь Монгол улсын гурил үйлдвэрлэлийн зах зээлийн нийт 35%-ийг дангаар хангадаг. Дотоодын нийт гурилын үйлдвэрүүд нь нийлээд 1 сая тонн үр тариа тээрэмдэх хүчин чадалтайгаар идэвхтэй ажиллаж байна. Гэтэл дотоодын үндсэн хэрэглээ нь 240’000 тонн гурил буюу 340’000 тонн улаан буудай байдаг.
Нөгөө талдаа түүхий эдийн нийлүүлэлтийн томоохон асуудал бидэнд тулгарч байна. 2020 оны ургацаар гурил үйлдвэрлэлд шаардлагатай 230’000 тонн орчим буудайг нийт гурил үйлдвэрлэлд хүлээж авсан. Тэгэхээр бидэнд одоогоор 140’000 тонн орчим улаан буудай дутагдаж байгаа юм. Үүнийг харьяа яам судалсны дагуу нийт 150’000 тонн квот олгох үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд өнгөрсөн онтой мөн адилаар ОХУ-аас импортоор улаан буудай авч, дотоодын хэрэгцээг хангах нөхцөл, боломж бүрдэнэ.
2021-2022 онуудад тариалангийн салбарт тулгарч болох гол эрсдэлүүдийг юу гэж харж байна вэ?
Гурил үйлдвэрлэлийн салбарт хамгийн том асуудал бол улаан буудайн түүхий эдийн татан авалт, нөөц байдаг. ОХУ-ын мэдээний сайтууд дээр ирэх оны 1 эсвэл 2 сараас эхлэн хүнсний үр тарианы экспортуудыг хаана гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Гэхдээ энэ мэдээллийг хараахан албан ёсоор батлаагүй тул хаагдана гэж ойлгож болохгүй. Тиймээс бид аль болох оны өмнө шаардлагатай хүнсний улаан буудайгаа татаж авах хэрэгтэй байгаа юм.
Цаашлаад тариалан эрхлэгчдэд үрийн буудай их чухал байдаг. ОХУ нь 2020 оны 4 сарын 26-аас 6 сарын 30 хүртэл үр тарианы экспортыг хааж байсан түүхтэй. Магадгүй энэ байдлаараа үр тарианы экспортыг дахин хаасан тохиолдолд үрийн буудайны асуудал хамгийн чухал болно. Тэгэхээр үрийн буудайгаа ч бас оны өмнө татан авч чадвал ирэх оны тариалан эрхлэлтэд асуудал тулгарахгүй болов уу.
Стратегийн хүнс болох гурилын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан танд баярлалаа.
Та бүхэнд баярлалаа.




