Онцлох Хүн-Сургалт, идэвхжүүлэлтийн менежер Т. Энхбилэг
Та бидэнд өөрийнхөө талаар товч танилцуулаач?
Миний хувьд МУБИС-д сэтгэл зүйч мэргэжлээр сурч байхдаа 2-р курсээсээ эхлэн “Young Life” буюу олон улсын хүүхдийн байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, сургалтын төлбөр гэх мэт оюутанд хэрэгцээтэй степентуудыг авч байсан. Тиймээс төгсөөд шууд тус байгууллагадаа 3 жилийн турш хүүхэд залуусыг чиглүүлж, зааж сургах багшаар ажилласан юм. Түүнээс хойш хүний нөөцийн сургалт хөгжлийн чиглэлээрээ хэд хэдэн компаниудад ажиллаж байгаад Таван Богд Групп-д ажиллах хүсэлтээ илгээж, шалгаруулалтад тэнцсэнээр одоо 2 дахь жилдээ сургалт, идэвхжүүлэлтийн менежерээр ажиллаж байна.
Сургалт, идэвхжүүлэлтийн менежер ажлын байрны гол онцлог, зорилго юу вэ?
Миний үндсэн ажил бол компанийн хүсэж буй ур чадвар, мэдлэгтэй ажилтныг бий болгохын тулд ажилтан бүрээ хөгжүүлэх, сургах бүх нөхцөл, бололцоогоор хангах юм. Харин идэвхжүүлэлт талаасаа ажилтныг илүү аз жаргалтай байлгах зорилгын хүрээнд ажилладаг. Яг одоогийн байдлаар группийн нийт компаниудад жилийн хугацаанд ямар сургалт, хөгжлийн ажлууд хийгдэх томоохон төлөвлөгөөгөө гарган, ажиллаж байна.
Бүтээмжтэй ажиллах таны гол арга барил?
Би өглөө бүр ажлаа эхлүүлэхдээ хамгийн чухал бас бусад хүмүүстэй хамааралтай, нэн яаралтай ажлуудаа хийдэг. Түүний дараа сэтгэл амар бусад ажлуудаа хийж, амжуулах дуртай. Миний хувьд сургалт хариуцдаг ч бүх сургалтыг өөрөө орох боломжгүй тул компани бүрийн дотоод сургагч багш нараар дамжуулан илүү олон хүнд сургалт, мэдээлэл хүргэдэг. Гол нь тэдгээрийг зохион байгуулж, төлөвлөн үр дүнтэй сургалт ороход нь дэмжлэг үзүүлдэг.
Дотоод сургагч багш гэж яг ямар хүн бэ?
Таван Богд Групп-д олон ур чадвартай ажилтнууд ажилладаг учраас дотоод нөөц бололцоогоо ашиглан бусад ажилтнууддаа мэдлэг, ур чадвараасаа хуваалцаж, зааж сургах бүрэн боломжтой. Тиймээс ч бид “Дотоод сургагч багш” хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлж, ур чадвартай ажилтнуудаа шалгаруулан заах арга барил буюу багшлах чадваруудад сурган дараа нь дотоод сургагчид маань өөрсдийн мэддэг чиглэлүүдээрээ бусад ажилтнууддаа сургалт орж явдаг. Энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маань өөрсдийгөө хөгжүүлэхийн хажуугаар бусдыгаа хөгжүүлж явдгаараа онцлогтой. Сургагч багш нар төрөл бүрийн хувь хүний хөгжлийн сургалт, мэргэжлийн ур чадвар, удирдах ур чадварын сургалтууд орохоос гадна группийн философийн сургалтуудыг ч бас ордог.
Одоогоор Таван Богд Группийн хэмжээнд ямар төрлийн сургалтууд хэрэгжүүлж байна?
Группийн хэмжээнд ажлын байр бүртэй холбогдуулаад маш олон төрлийн танхимын сургалтууд зохион байгуулагддаг. Гэвч танхимын сургалтын үр дүн 15% байдаг учраас бид аль болох компани бүр дээр нь очоод ажилтай нь холбоотой кейсүүд дээр, практик байдлаар сургалтуудаа орохыг эрмэлздэг. Одоогоор ковид-19-ийн вирустай үед бид бүх төрлийн сургалтуудаа зайнаас орж, хоорондоо мэдлэг, мэдээллээ солилцож тасралтгүй суралцсаар байна.Мөн ажилтан бүр цаг алдалгүйгээр онлайнаар ороод хэрэгтэй мэдээллээ авчихдаг сургалтын мэдээллийн баазтай болж байгаа. Тэгэхээр заавал биеэрээ сургалтад хамрагдалгүйгээр онлайнаар дотоод сургалтуудыг ашиглан өөрийгөө хөгжүүлэх боломжууд нээгдэж байгаа юм.
Түүнээс гадна Таван Богд Группийн хэмжээнд олон улсын франчайзингийн эрхтэй ажилладаг олон байгууллагууд бий. Жишээлбэл KFC, Pizza Hut-н брэндүүдийн хувьд тогтмол гадаадын томоохон сургалт, арга хэмжээнд оролцож байдаг. Тэр бүгдээс бид ч бас суралцан, бие биедээ туршлагаасаа хуваалцан үргэлж сургалтаа хөгжүүлдэг.

Саяхан Таван Богд Группийн анхны менторинг хөтөлбөр хэрэгжсэн. Яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бэ?
Манай групп компаниудад ур чадвартай, туршлагатай удирдлагууд маш олон байдаг ч тэр бүр тэднээс байнга сургалт аваад байх боломжгүй. Тиймээс энэхүү “менторинг хөтөлбөр” буюу ур чадвартай, туршлагатай хүнээсээ зөвлөгөө аван сурч хөгждөг хөтөлбөрийг группийн хэмжээнд хэрэгжүүлэхээр удирдлагууддаа ментор болох санал тавьсан юм. Харин манай удирдлага, захирлууд менторинг хөтөлбөрийг маш нааштайгаар хүлээн авч, өөрсдөө манлайлан ментор болж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй ажилтнуудаас ментее нараа сонгон, шалгаруулж энэ хөтөлбөр эхэлсэн. Нөгөөтэйгүүр групп, компанийн ирээдүйн удирдлагын залгамж халааг бэлтгэх, сургах бас нэгэн том боломж гэж бид харсан юм.
Ментор гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
Ментор хүний хувьд бусдад өөрийнхөө ур чадвар, туршлагаас хуваалцаж, зааж сургах чин сэтгэлтэй хүн байдаг. Мэдээж ментор учраас карьерийн хувьд байр сууриа олчихсон, бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр жишээч хүн байх тул өөрийнхөө өдөр тутмын хийж буй ажлын хажуугаар хэн нэгнийг хөгжихөд нь туслах цаг заваа зориулж чадах хүн байх нь чухал юм.
Удирдлага болон Ментор хоёрын гол ялгаа юу вэ?
Удирдлага гэхээр байгууллагын албан харилцаа яригддаг. Хэдийгээр удирдлага хүн ажилтнууддаа зааж, сургадаг боловч ихэвчлэн ажлын хүрээнд байхаас гадна ажилтныхаа хувийн асуудалруу нь орж тусгайлан зөвлөх боломж бага. Харин менторын хувьд уулзалдах цагаа товлож байгаад ментеетэйгээ ярилцах, зөвлөгөө өгөх гэх мэт тухайн хүний ажил, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд туслахаас гадна амьдралын туршлагаасаа ч бас хуваалцаж бүхий л төрлөөр дэмжиж, чиглүүлэх боломжтой байдгаараа илүү онцлог.
Харин ментее гэж хэн бэ?
Ментее буюу ментороосоо суралцах хүний хувьд хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө тодорхойлсон хүн байх хэрэгтэй. Хангагдаагүй хэрэгцээгээ хангахын тулд бүх төрлийн зүйлийг сураад л яваад байдаг хүмүүс байдаг. Харин эсрэгээрээ би яг юугаа хөгжүүлэх вэ? гэдгээ тодорхой гаргачихсан хүнээс ийм зүйлийг нь сурна, энэ чадвараа хөгжүүлнэ гэдгээ мэддэг хүн сайн ментее буюу суралцагч болж өөрийгөө хөгжүүлж чаддаг. Гэхдээ ментортой боллоо гээд нөгөө хүнээсээ хэрэгтэй зүйлээ сурчхаад зөвхөн өөрийн карьерээ хөгжүүлэх, өөртөө л хэрэгтэй зүйлээ хийх хүн бас хэрэггүй. Ментороосоо сурсан үлгэр жишээгээ бусадтай хуваалцаж, бусдын төлөө суралцаж чаддаг хүн жинхэнэ ментее юм.
Танд ментор бий юу?
“Young Life” байгууллагынхаа шугамаар Зүүн Азийн хөрөнгө оруулалт хариуцдаг маш мундаг хүнтэй танилцаж, ментороо болгон суралцах боломж надад тохиосон юм. Тухайн үед ментортой байх нь зөвхөн ажлаас гадна хувийн амьдралд маань их нөлөөлсөн. Би дөнгөж гэрлэлтээ эхлүүлж байсан тул амьдралаасаа урвах, шантрах буцах гэх мэт хүнд хэцүү үеүдэд ментор маань намайг чиглүүлэн дэмжиж зөв голдиролд оруулж байлаа. Ажлын хувьд ч бас маш хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүдийг өгч, миний зогсонги байдлыг эвддэг байсан учраас менторинг нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг бий өөрийн туршлагаас мэдэрсэн юм.
2015 оноос хойш ажиллаж байсан байгууллагууддаа менторингийг хэрэгжүүлэх боломжийг судалж, саналууд гаргадаг байсан ч тухайн үеийн удирдлагууд маань ач холбогдлыг нь ойлгож, дэмжлэг үзүүлээгүй. Харин Таван Богд Группийн хувьд энэ саналыг маш эергээр хүлээж аван хэрэгжүүлээд үр дүнг нь үзчихсэн байгаад би их баяртай байдаг.

Энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
Группийн хэмжээнд анх удаа хэрэгжсэн учраас ментор болон ментее нартаа хоорондоо хэрхэн ажиллах заавар, чиглүүлгүүдийг бид өгч байсан. Жишээлбэл хөтөлбөр эхлэхэд ментее бүр өөрсдийн сайжруулах 3 ур чадварын зорилтыг ментортойгоо ярилцаж байгаад гаргах, түүнийхээ биелэлтийг хангахын тулд 7 хоногт 1 удаа уулзалдах гэх мэтээр илүү үр дүнтэй болгоход зохион байгуулагчдын зүгээс ажилласан. Мөн бүх гишүүдэд мэдээлэл, туршлага солилцуулах зорилгоор өглөөний уулзалт, ууланд алхалт гэх мэт төрөл бүрийн чөлөөт эвент, арга хэмжээг ч бас зохион байгуулж байлаа. Хэдийгээр 4 сар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч Ковидтой холбоотойгоор 2 сарын хугацаанд л хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Менторинг хөтөлбөр дууссан боловч ментор болон ментеегийн харилцаа насанд туршид үргэлжлэх боломжтой зүйл гэж бид үзэж байгаа.
Хөтөлбөрийн гол үр дүн юу байсан бэ?
Хамгийн сонирхолтой нь хөтөлбөр дуусахад манай удирдлагууд буюу менторууд маань бид нар ч бас их суралцлаа гэж сэтгэгдлээ хэлсэн. Хүнийг сургахад хүн өөрөө илүү их суралцдаг юм байна гэж байсан нь их гоё санагдсан. Миний бодлоор энэ хөтөлбөрийн гол үр дүн нь ментее нар маань мэдэхийг хүссэн асуултууд болон өөртөө тулгамдаж буй асуудлуудаа ямар нэгэн маскгүйгээр хэлж түүнийг нь шийдэж, сайжруулахын тулд зааж сургаж байсан менторуудын цаг мөч хамгийн үнэ цэнэтэй байсан гэж бодож байна. Харин ментее нарын хувьд их ховор, гоё боломжийг ашиглаад, удирдлагуудаасаа суралцаад авсандаа маш баяртай, сэтгэл хангалуун байгаа.

Таван Богд Групп-т ажиллах хугацаандаа сурч ойлгосон зүйлс юу вэ?
2 жил ажиллах хугацаандаа өдөр бүр байдаг чадлаараа ажиллахын үнэ цэнийг л их ойлгосон. Өмнө нь өөрийнхөө ажлын хэв маягаар л ажилладаг байсан бол өнөөдөр байдаг чадлаараа ажиллахад үр дүн ямар гардгийг мэдэрсэн. Эргээд харахад бүх чадлаа дайчлаад хийсэн ажил бүр минь үнэ цэнэтэй, урамтай байдаг. Мөн группийн толгой компани дээр ажилладаг учраас өөрөө бүхнийг хийхээс илүү бусдыг хийхэд уриалж, санаачлан бусадтай хамтран ажиллахын давуу талаас суралцсан.
Өөрийн санаачилж, хэрэгжүүлсэн ажлаасаа хуваалцана уу?
5 жил бодож явсан менторинг хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Гэхдээ миний санаачилга гэхээсээ илүү багийн ажиллагаа, удирдлагуудын дэмжлэг, хамтын хүчээр бүтсэн ажил. Мөн Таван Богд Группийн ажилтнууд хоорондоо мэдээллээ солилцох боломжтой дотоод интранетийг мэдээлэл технологи болон бусад албадуудтайгаа хамтран үүсгээд, одоо маш үр дүнтэй ажиллаж байна.
Түүнээс гадна группийн дотоод подкастаар дамжуулан удирдлагуудтайгаа ярилцаж, группийн түүх, үүсэл хөгжил, удирдах арга барил, компанийн соёл, философи гэх мэт олон хэрэгтэй мэдээллүүдийг нийт ажилтнууддаа хүргэдэг подкастууд бий.
Харин сургалт хөгжлийн хувьд ажлын байран дээр нь очиж яг тулгамдсан асуудалтай нь холбогдуулан илүү практикт суурилсан сургалтыг хийхийг зорьж байгаа маань бас шинэлэг ажил юм.
Та ажлынхаа юунд талархаж явдаг вэ?
Надад олгодог боломжууд, надад итгэх итгэлд хамгийн их талархдаг. Хийж, хэрэгжүүлэхийг хүсдэг ажлуудыг маань дэмжээд, хамтраад бодит болгох боломжийг үргэлж олгодог учраас цаашдаа илүү гоё ажил санаачлаад хийх юмсан гэдэг урам зоригийг өгдөг. Мэдээж тухтай ажлын орчин, ажлын хамт олон, хангамж гээд талархууштай зүйлсийг хэлж баршгүй.
Шантармаар, хэцүү үе тохиоход та юунаас урам зориг авч ажилладаг вэ?
Дотроо гомдоллоод л яваад байдаг хүмүүс байдаг. Манай удирдлага муу, баг дэмждэггүй гэх мэтээр үргэлж ажлаасаа өө хайн, сул талыг нь түрүүлж харчихдаг тохиолдлууд их бий. Ажил хийж буй хүн бүрд л асуудал тулгарах нь тодорхой учраас асуудлыг хэн нэгнээс хайх биш үүнийг яаж өөрчилж илүү сайжруулж болох вэ? гэдэг сэтгэлгээтэй байх их чухал. Мөн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хүн эхлээд бусдыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй шүү дээ. Таныг бусад хүмүүс сонсоосой гэж хүсдэг үү? Тэгвэл та эхлээд бусдыг сонсож, ойлгож чаддаг уу? гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Харах өнцгөө бага зэрэг өөрчилчихсөн тохиолдолд нөгөө том, хэцүү асуудал юу ч биш мэт санагддаг.
Харин урам зоригийн хувьд хамгийн түрүүнд хамт олон маань бодогддог. Алдсан үеүдэд хамт олны инээд, бие биеийгээ дэмжих сэтгэлгээ, наад захын хоорондоо сайхан мэндэлчихдэг соёлууд нь бидний өдөр тутмын амьдралд урам өгч байдаг.
Ажил дээр тохиолдож байсан сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцаач?
10 сард манай хүний нөөцийн мэргэжлийн баяр болоход бид баярын өдрөөрөө өөрсдөө баярлахаас илүү бидний дунд ажилладаг хэн нэгэнд туслахыг хүссэн юм. Бүгд хүний нөөцийн ажилтнууд учраас тусламж шаардлагатай ажилтнуудын мэдээллийг бүх салбар, компаниудаасаа цуглуулж байгаад Таван Богд Групп-д тууштай ажиллаж буй түгээлтийн ажилтны гэр бүлд тусламжийн гараа сунгахаар сонгосон. Учир нь тэрээр эхнэр, 2 хөөрхөн хүүхдийн хамт амьдардаг боловч өөрийн гэрт өвөлжих боломжгүй болсон тул хадмындаа суурьшиж байсан юм. Тиймээс гэр бүлд нь зориулж өвөлжих боломжтой шинэхэн Монгол гэр болон зуух авч өгөхөөр шийдэн 4 сая гаруй төгрөгийг цуглуулж эхэлсэн. 50 гаруй хүний нөөцийн ажилтнуудаас гадна манай менторинг хөтөлбөрт хамрагдсан удирдлага, ажилтнууд маань нийлээд хандив өгснөөр цоо шинэхэн өргөө цагаан гэр барьж, тоонод нь хадаг уян, сайн сайхан бүхнийг хүсэн, хүлээлгэж өгсөн. Бид нар хамтдаа нэгэн айлыг аз жаргалтай болгоход тусалсан энэ мөч хамгийн мартагдашгүй сайхан дурсамж болон үлдсэн шүү.

Цаашдын ажлын зорилгоос хуваалцвал?
Ажилтан бүр хүссэн цагтаа, хүссэн газраасаа онлайнаар хандаад л дуртай сургалтаа маш ойлгомжтой, тодорхой байдлаар авах боломжийг 100% бүрдүүлж өгөх зорилготой байна. Зөвхөн нэг төрлийн ур чадварыг эзэмшиж, мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд сургалтын хүсэлт явуулаад, зохион байгуулагдах хугацааг хүлээхэд их хугацаа ордог. Тиймээс ажилтан бүрд өөр, өөрсдийн мэргэжлийн ур чадвараа цаг алдалгүй хөгжүүлэх боломжийг олгоно гэдэг их чухал юм.
Мөн миний үндсэн мэргэжил буюу сэтгэл зүйчээрээ байгууллагадаа ажиллахыг хүсдэг. Байгууллагын сэтгэл зүйч бол тухайн компанийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах мөн байгууллагын соёлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг гэх мэт маш олон давуу талтай.
Энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө?
Та энэ ярилцлагыг уншиж л байгаа бол өөрийн сурсан, мэдсэн чаддаг зүйлсээ бусадтайгаа заавал хуваалцаж байгаарай. Хүн бусдын төлөө ажиллаж эхлэхээр өөрийн төлөө ажилласнаас хэд дахин үр дүнтэй ажилладаг юм билээ. Өөрийн төлөө ажилласан хүн магадгүй дарга, захирал болоод цаашдаа юу хийхээ мэдэхгүй, зогсчихдог. Харин бусдын төлөө хийсэн бүхэн тань бусадтай хамт үеийн үед үлддэг учраас та зорилгоо өөртөө биш бусад хүмүүст чиглүүлээрэй.
Цаг заваа зарцуулж бидэнд өөрийн ажлын туршлагаас гадна сургалт, хөгжүүлэлттэй холбоотой сонирхолтой мэдээллээс хуваалцсан танд баярлалаа. Ажилтан бүрд сургалт, хөгжлийг хүртээмжтэйгээр шинэ түвшинд хүргэж, ажил амьдралын тэнцвэртэй, аз жаргалтай ажилтанг бий болгох үйлсэд тань амжилт хүсье!



