Мэдээ мэдээлэл | December 14, 2020

УС, ЦАХИЛГААНАА ХЭМНЭЦГЭЭЕ!

Иймд тог цахилгаан, усаа хэмнэх энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танд хүргэж, эрчим хүчээ хамтдаа хэмнэхийг уриалж байна.

​1. Хэрэглээгүй үедээ унтраа! 

Хэдхэн минутын дараа эргэж орох байсан ч өрөөнөөс гарахдаа гэрлээ заавал унтрааж байгаарай. Хэрэглээгүй үедээ гэрлээ дарж, зурагтаа унтрааж сурвал бодит үр дүн мэдрэгдэх бөгөөд ингэж сурахгүй бол дулаан мэдрэгчтэй гэрэл суурилуулаарай. Ийм гэрэл таныг өрөөнд орж ирэхэд асаж, өрөөнөөс гарахад унтарна. Ингээд гэрлээ унтраахаа мартах асуудал үүсэхгүй.

2. Залгууруудаа салгаарай!

Хүмүүс олон хоногоор хол явахдаа л залгууруудаа салгаж явдаг бол харин одоо та өглөө гэрээсээ гараад орой ирэх үедээ цахилгаан хэрэгслүүдийнхээ залгуурыг салгаж байгаарай. Залгуураас салгаагүй үлдээсэн зурагт, угаалгын машин, хатаагч, богино долгионы зуух, компьютер гэх мэт хэрэгсэл нь бага багаар цахилгаан идсээр байдаг. Үүнээс гадна Wi-Fi-аа ч бас унтрааж, заншаарай. Болж өгвөл шөнө унтахдаа ч гэсэн Wi-Fi-аа унтраах нь эрчим хүчээс гадна таны эрүүл мэндэд ч илүү тустай.  

3. Хувцсаа хүйтэн усанд угаагаарай!

Хувцсаа хүйтэн усанд угааснаар ус халаахад зарцуулдаг эрчим хүчээ хэмнэх боломжтой. Тиймээс 30-35 градусын усаар хувцсаа угааж байгаарай. Ийм ус угаалгын машинд сайнаас гадна хувцасны хир толбыг илүү сайн арилгаж, элэгдэлтээс ч бас сэргийлдэг байна.

4. Чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээр солиорой!

Гэрийг тань олигтой гэрэлтүүлж чадахгүй хэрнээ их эрчим хүч ашигладаг өндөр ваттын гэрлийн чийдэнгүүдээ сүүн гэрлүүдээр солиорой. Сүүн гэрлүүд энгийн чийдэнгээс илүү сайн гэрэлтүүлдэг бөгөөд эрчим хүч бага хэрэглэдэг байна. 

5. Ваннд биш шүршүүрт ороорой!

Ваннаа дүүргэж усанд орохын оронд шүршүүр ашиглаарай. 5 минут шүршүүрт ороход ваннд орох усны талтай нь тэнцэх халуун ус ашигладаг. Тэгэхээр ус халаах эрчим хүчийг хэмнэж бас давхар усаа ч хэмнэх боломжтой болно. Мөн шүршүүрт орохдоо ч аль болох хэрэгцээгүй үедээ буюу биеэ савандаж байхдаа, үсээ угааж байх гэх мэт үеүддээ усаа хааж, заншихыг зөвлөж байна. 

6. Шүдээ угаахдаа ч усаа хаагаарай

Шүдээ угаах, нүүрээ угаах гэх мэт үеүдэд усаа нээгээд, шүдээ угааж дууссаны дараа л хаадаг уу? Энэ нь маш их усыг хэрэгцээгүй урсгадаг тул угаах үедээ усаа хаагаад зөвхөн ус хэрэглэх үедээ л нээгээрэй. Эсвэл аяганд ус хийж байгаад шүдээ угаагаарай. Энэ нь ус, цахилгаан хоёуланг нь хэмнэнэ. Мөн аяга, тавгаа угаахдаа ч бас энэ аргыг хэрэглээрэй. 

7. Хөшгөө ашигла!

Өдрийн цагаар хөшгөө сайн нээж нарны илчийг оруулан, байгалийн үнэгүй гэрэлтүүлгийг ашиглаарай. Ингэвэл өдөртөө гэрэл асаах шаардлагагүйгээс гадна гэр тань илүү дулаахан байх болно. Харин шөнөдөө хөшгөө сайн хаагаад дулаан агаарыг гадагшлуулахгүй байх хэрэгтэй.

8. Албан байгууллага дээрээ ч эрчим хүчээ хэмнээрэй

Компьютер дээрээ дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж компьютерын эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой. Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах. 

Мэдээлэл холбооны хэрэгслүүд – цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэнэ. 

Өдөр бүр ашигладаг цахилгаан эрчим хүч, усаа ухаалаг зохистой хэрэглэх нь энэ үед эх орондоо хувь нэмрээ оруулах ухаалаг иргэний үүрэг билээ. Эрчим хүчийг хэмнэснээр дэлхийн эрчим хүчний эх үүсвэр нөөц болох байгалийн хий, нүүрс, газрын тосны хэрэглээг багасгаж байгаль дэлхийгээ хамгаалдаг. Эдгээрээс хамгийн чухал нь  эрчим хүч хэмнэх замаар агаарын болон усны бохирдлыг бууруулж, ирээдүйдээ цэвэр сайхан амьдралын орчинг үлдээх явдал юм. 

Тиймээс иргэн бүрийг ухамсартай байж, эрчим хүч усаа тогтмол хэмнэж заншихыг уриалж байна. 

Хамтын хүч-Амжилтын Түлхүүр

Таван Богд Групп

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай