Подкаст, ярилцлага | July 17, 2023

Онцлох хүн- Таван Богд Фүүдс ХХК-н Ерөнхий менежер Д. Ганбат

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. 
 

Та Таван Богд Групп-д ажиллахаасаа өмнө хаана суралцаж, ажиллаж байсан бэ?

Сайн байцгаана уу? Энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүстээ  энэ өдрийн мэндийг хүргэе. Би Австрали улсад 6 жил амьдрах хугацаандаа бизнес менежмент болон маркетингийн чиглэлээр коллежид суралцаж байлаа. Эхний коллежоо төгсөөд дараа нь дахиад “Зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлал” -н мэргэжлийг “Нийтийн хоолтой” хослуулан хос мэргэжлээр суралцаж, төгссөн юм. Монголд ирээд MCS группд 6 жил ерөнхий менежерээр ажилласныхаа дараа Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндэд 2013 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Өглөө  5 цагийн үед сэрээд хамгийн түрүүнд мессежүүдээ шалгадаг. KFC брэнд нь тасралтгүй 24 цагаар ажилладаг учраас салбаруудын үйл ажиллагаатай байнга танилцах шаардлагатай. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчхөөд хамгийн түрүүнд  урд шөнийн цэвэрлэгээ, хадгалалт гэх мэт стандартуудыг шалгахаар  KFC-н аль нэг салбар дээр очиж ажлаа эхлүүлэх дуртай. Харин дараа нь оффис дээрээ очин санхүү, маркетинг, татан авалт, хүний нөөц гээд бүх албаныхаа хүмүүстэй уулзаж, шийдвэрлэх ажлуудаа ярилцана. Зарим тохиолдолд тарахаасаа өмнө дахиад KFC-н аль нэг салбарруугаа очдог доо. 

Хурдтай, бүтээмжтэй ажиллах гол нууц тань юу вэ?

Бүх газар нэг дор байж чадахгүй учраас гар утсаараа маш их ажлаа зохицуулж, онлайнаар хүмүүстэйгээ харилцаж, их мэдээлэл авч чаддаг. Салбаруудынхаа бичлэгийг шууд утаснаасаа харах боломжтой байдаг учраас хялбар байдаг шүү. KFC-гийн эрхийг эзэмшдэг “Yum! Brands Inc”-н менежерүүд маань ихэвчлэн “Whatsapp” ашигладаг тул манай компанийн хамт олны ч бас хоорондоо харилцдаг гол хэрэгсэл болсон. Мөн бусад захирлуудтайгаа байнга холбоотой байх үүднээс вайбер ч бас ашиглачихдаг. 

Харин фэйсбүүк, твиттер-г өөрөө юм харж үзэх гэхээсээ илүү KFC брэндийн талаар хүмүүс ямар сэтгэгдэлтэй, санал хүсэлтэй байгааг тогтмол мэдэх зорилгоор ашигладаг. Хэрэглэгчдийн санал хүсэлтийг хараад юуг сайжруулж, цаашид ямар шинэ зүйл хийж болох талаараа мэдэж авдаг даа. 

Та хамт олонтойгоо хэрхэн харилцаж, ямар арга барилаар ажилладаг вэ?

Би хэт их хуралдаж, цугларахаас илүү багийнхантайгаа сайхан зэрэгцэж сууж байгаад л чөлөөтэй байдлаар ярилцах дуртай. Хамт олныхоо санал, бодлыг нь сонсож бас өөрөө саналаа хэлж ажиллах илүү гоё санагддаг. Ажлын цагаар зөвхөн ажил ярина гэдэг зарчимгүй, харин ч илүү хөгжилтэй байдлаар ажлаа хийх сонирхолтой. Хамгийн гол нь дарга, цэрэг гэж ялгаралгүй хүн бүхэнтэй найз шиг нь харилцсанаар хамтран ажиллахад илүү таатай боломжууд бүрддэг гэж бодож байна. 

Танай компанийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

Компани бүр өөр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Манай компанийн хувьд Yum! Brands-ийн соёлоос үлгэрлэн бусдыг урмын үгээр тэтгэж, хоорондоо найрсаг, чөлөөтэй байх соёлтой гэдгээрээ илүү онцлог болов уу.  Хамгийн гоё зүйл нь гэвэл манай компани нэг шинэ төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө маш олон оронд хэрэгжчихсэн туршлагуудаас давуу болон сул талуудыг нь сонсож, суралцах боломж их байдаг. Бас өөрөө өөрсдийнхөө алдаж, оносон ажлуудаас ч гэсэн бусад орныхоо хүмүүст хэлж, хоорондоо их мэдээлэл солилцдог нь маш том давуу тал юм. 

Нэг газраа тогтвортой удаан хугацаанд ажиллахад юу нөлөөлдөг, ямар давуу талтай вэ?

Миний  нэг зүйлдээ тууштай байж, удаан хугацаанд тогтвортой ажиллах дуртай зан чанар маань их нөлөөлдөг гэж боддог. Тууштай байхийн хамгийн том давуу тал нь хүн нэг газраа удаан ажиллаад ирэхээр хийж буй ажлынхаа гүнрүү орох чадвартай болдог. Олон жилийн хугацаанд алдах, онох үе тохиох бүрд хүн түүнээсээ суралцаж байдаг учраас илүү туршлагатай болж, мэргэшдэг шүү дээ. Эсрэгээрээ богино хугацаанд нэг газар ажиллаад л солиод байхаар өмнөх хүн нь аль хэдийн алдаад үзчихсэн зүйл дээр дахиад л алдах тохиолдол гардаг. Тэгэхээр хүн нэг газраа урт хугацаанд ажиллаад ирэхээр алдсан зүйл дээрээ дахиж алдахгүй хашир болчихдог бас нэгэнт алдчихсан зүйлээ яаж илүү сайжруулах вэ? гэдгээ харж чаддаг юм.  

Та 21000 шоу нэвтрүүлгийн оролцогчид брэндийнхээ талаар тайлбарлаж байхдаа олны таашаалыг их хүртсэн. Тухайн үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Эхлээд жоохон санаа зовсон. /инээв/ Миний бодлоор ямар ч зүйлийг хүнд тайлбарлахдаа маш гоё, нарийн ойлгомжтой байдлаар хэлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд л тухайн оролцогчдоо бас үзэгчдэд илүү сонирхолтой, ойлгомжтой байлгах гээд хичээж байсан юм  л даа. Бүтээгдэхүүн худалдах ч бас яг ижилхэн шүү дээ. Бүтээгдэхүүнийхээ талаар бүх зүйлийг нарийн тайлбарлаж, яагаад тэр хүн худалдаж авах хэрэгтэй вэ? гэдгийг ойлгуулах нь чухал. Зарим газрууд бүтээгдэхүүнээ худалдаалахдаа үнийг нь ч бичихгүй, бүтээгдэхүүнийхээ онцлогийг нь сайн ойлгуулж чаддаггүй нь харамсалтай санагддаг. 

Анх Монгол улсад KFC брэндийг оруулж ирэхэд ямар бэрхшээлүүд тулгарсан бэ? Одоо үеийнхтэй харьцуулан харахад хэр их өөрчлөлт орсон байна? 

Анх KFC брэндийг 2013 онд оруулж ирж байхдаа Монголынхоо бүх хүмүүст энэ гоё амтыг амтлуулж үзье гэж зорьж байлаа. Гэхдээ одоо болтол KFC-г амталж үзээгүй хүмүүс бий. Тиймээс бид нар анх оруулж ирсэн зорилгодоо арай л хүрээгүй гэж боддог. Нөгөө талдаа анх оруулж ирэхэд тахианы махаа хаанаас авах вэ? гэх мэт асуудлууд бидэнд тулгарсан л даа. Бас яг тэр үед хэр олон хүн орж ирэх бол? гэсэн айдастай байтал төсөөлснөөс ч их оочер үүсэж, ачаалалтай ажиллаж байсан шүү. 

Хамгийн анх хүмүүс цоо шинэ амтанд их татагдсан юм болов уу гэж боддог. Одоо бол KFC-г ихэнх хүмүүс идээд үзчихсэн зарим хүмүүст таалагддаг, харин заримд нь таалагддаггүй. Бид хүн бүрийг заавал өдөр бүр KFC идээсэй гэж хүсдэггүй. Мэдээж өдөр бүр нэг л зүйлээ идээд байвал уйдах учраас өдөр бүрийнхээ сонголтыг өөр өөрөөр хийгээсэй л гэж хүсдэг. Тиймээс ч түргэн хоолны салбарт бусад брэндүүд шинээр нээгдэхэд тэднийг өрсөлдөгч гэдэг нүдээр харахаасаа илүүтэй хэрэглэгчид маань илүү олон сонголттой болж байна гэж баярладаг. 

KFC брэндийн ажилтнууд олон маш эрч хүчтэй залуусаас бүрддэг. Энэ хүмүүсийг нэгтгэж, нэг баг хамт олон болгоход хамгийн чухал зүйлс юу вэ?

Удирдлага нь ямар харилцаатай байхаас шалтгаалж ажилтнууд хоорондоо яаж харилцах, ямар уур амьсгалтай байх нь тодорхойлогддог гэж хүмүүс ярьцгаадаг. Гэр бүлд хүүхдүүд нь аав ээжээсээ үлгэрлэж, аль нэгийг нь дуурайдаг шүү дээ. Компани бол бидний хоёр дахь гэр гэдэг утгаараа  ямар зан характертай хүн хамт олныг удирдаж байгаагаас шалтгаалан тухайн компанийн дотоод соёл бий болдог болов уу. Манай Д. Хулан захирал маш гоё энергитэй, үргэлж инээмсэглэж явдаг. Би өөрөө ч бас их чанга дуутай, инээлдэж хөгжилдөх дуртай гэхдээ хаяа уурлах ч үе бий./инээв/ 

Франчайзингаар ажиллах ямар байдаг болон  KFC брэндийн эрхийг эзэмшигч Yum! Brands-тэй хэрхэн хамтарч ажилладаг талаараа бидэнд товчхон дурдаач? 

KFC брэндийн лого, түүний цаана шарж буй тахиа гээд бүх зүйл нарийн стандарттай байдаг. Манайхан ямар нэгэн зүйлийг Монголчлох сэтгэлгээ ихтэй хүмүүс. Хэрвээ тийм сэтгэлгээгээр, аль нэг зүйлийг өөрчилбөл франчайзинг гэдэг зүйлийн гол утга учир үгүй болдог. 

Цаанаас маш хатуу шаардлага тавина түүнийг биелүүлж, мөрдөж чадвал амжилтад хүрнэ. Дэлхий даяар 130 гаруй оронд 60’000 орчим салбартай олон жилийн туршлагатай ажиллаж буй Yum! Brans биднээс хамаагүй их мэдлэг чадвар хуримтлуулчихсан байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс франчайзинг гэдэг бол брэндийнхээ нэр хүндийг унагахгүй авч явах чадвар, стандарт бүрийг нэг бүрчлэн мөрдөхөөс эхлээд маш том үүрэг, хариуцлага юм. 

Олон улсын томоохон нийтийн хоолны брэндийг Монгол улсад ажиллуулах давуу тал болон хүндрэлтэй зүйлсийн талаар бидэнд хуваалцана уу. 

Монгол улсад дэлхийн нэр хүндтэй брэндийг анх оруулж ирсэн учраас бусад томоохон брэндүүдийг ч бас Монголд ажиллуулах үүд хаалгыг нээсэн гэж хардаг. Мэдээж томоохон брэндийг ажиллуулж байгаа учраас хүндрэлтэй талууд ч бас их бий. Жишээлбэл тээвэр, импортоос эхлүүлээд ихэнх бүтээгдэхүүнээ гаднын улсаас авч, ашиглана. Дотоодын бүтээгдэхүүнээ авч ашиглах хүсэлтэй боловч ихэнх нь олон улсын стандартыг хангаж чадаагүй учир авч, хэрэглэх боломжгүй байдаг. Сүүлийн үед Монголын үйлдвэрүүд олон улсын шаардлагатай стандартуудаа авч, бид хамтран ажиллах боломжууд бүрдэж байгаад их баяртай байгаа.

Олон улсын стандарт хангасан байгууллагуудтай хамтарч ажиллах нь яагаад тийм чухал гэж?

Дээд зэрэглэлийн ресторан, эрүүл чанартай хүнс гэх мэт үгийг компаниуд их ашигладаг. Тэгвэл тухайн газрыг яг дээд зэрэглэлийн ресторан, яг эрүүл чанартай хүнсээр хангадаг гэж хэн, ямар хэмжигдэхүүнээр батлах вэ? Олон улсын стандартууд нь тухайн байгууллагыг найдвартай, асуудалгүй гэдгийг бидэнд баталж чадах гол хэмжигдэхүүн юм. Тиймээс л байгууллагууд тухайн стандарт, сертификатуудыг авч, түүнийхээ дагуу ажиллах нь чухал. 

Танай компаниас жилд хэдэн ажилтан олон улсын сургалт, арга хэмжээнд оролцдог вэ? 

Бүх албаны ажилтнууд жилд 1-2 удаа олон улсын Yum! Brands-с зохион байгуулдаг сургалтад суудаг. Түүнээс гадна бид дотооддоо ч бас ажилтнуудынхаа хувь хүний хөгжил талаас нь анхаарч их олон төрлийн сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулна. Сургалтаас гадна олон улсын уралдаан тэмцээнүүдэд ч бас их оролцдог шүү.  Манай салбарын ажилтнууд нэг баг болж нэгдээд Азийн бусад улсын багуудтай өрсөлдөж түүнээсээ ихээхэн ур чадвар, туршлага хуримтлуулдаг. Энэ нь манай салбарын ажилтнуудад маш том урам зориг, эрч хүч бэлэглэдэг гэж боддог. Уралдаанд тэмцээнд оролцонгоо залуучууд маань гаднын улсад очоод олон гоё зүйлс үзэж, хардаг нь илүү сонирхолтой байдаг болов уу. Сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулагдаж байсан боловч энэ жил Ковид-19-тэй холбоотойгоор цуцлагдсан байгаа. 

KFC брэндийн хувьд жилийн өмнө том асуудал тохиолдож, алдаагаа маш богино хугацаанд засан, үйл ажиллагаагаа сайжруулж чадсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Танай баг хэрхэн ажиллаж, ямар арга хэмжээнүүдийг авсан бэ?

Тухайн үед бид хамгийн түрүүнд яг юун дээр алдаа гаргасан бэ? гэдгээ олохыг зорьсон доо. Алдсан алдаагаа хэрхэн яаж, засаж хэрэглэгчдийнхээ итгэлийг буцааж олох вэ? гэдэг асуудалтай тулгарч байлаа. Стандартаа үнэхээр мөрдөж байна уу? Бидэнд үнэхээр дутуу, дулимаг хийсэн зүйл байна уу? Амжилтандаа хэт их ташуурсан уу? гэж бид олон талаас харсан. Өмнө нь манай багийн хэнд ч ийм асуудал тулгарч байгаагүй учраас зарим хүмүүс маань сэтгэлээр унах тохиолдлууд ч гарсан удаатай. Гэхдээ бид алдсан алдаагаа засаад, улам сайжрах ёстой гэж бодон хичээн ажиллаж чадсан нь бахархууштай санагддаг. 

KFC брэндэд ажиллахад юу нь хамгийн гоё байдаг вэ? KFC брэндэд ажиллаж буй хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ? 

Бид олон улсын брэндэд ажиллаж байгаа учраас маш их зүйлийг байнга сурч мэддэг. Зөвхөн ажилтай холбоотой биш хувь  хүний хөгжилд ч гэсэн хэрэгтэй олон мэдлэг, мэдээллийг тогтмол авч байна. Ажилтнуудын мэдлэг, туршлага нэмэгдэх тусам компани хөгжихийн гол үндэс суурь болдог гэж боддог. Мөн KFC-д ажиллаж байгаа хүмүүс өсөж дэвших боломжоор дүүрэн гэдгийг хүн бүр мэднэ. Албан тушаал дэвшихэд хэн нэгний үзэмж, үнэлэмж огт хамаардаггүй. Харин цаанаасаа бэлтгэсэн шалгалтыг давж гарах хэрэгтэй. Тэр шалгалтуудыг давсан тохиолдолд салбарын ажилтнаас эхлээд салбарын менежер хүртэл өсөж, дэвших боломж хүн бүрд нээлттэй байдаг шүү. 

Энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө? 

“Ямар нэгэн зүйлд тууштай байгаарай” гэж зөвлөхийг хүсэж байна. Түр зуурын ажил гэж байдаггүй тул нэгэнт л аливаа ажлыг хийхээр сонгоод орсон бол тууштай, хариуцлагатай байж ажлынхаа ард нь заавал гараарай. Бүгдэд нь амжилт хүсье. 

“Онцлох ажилтан” ярилцлагад өөрийн ажлын туршлагаасаа нээлттэй хуваалцаж бидэнд KFC брэндийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг харамгүй хайрласан танд нийт уншигчид болон Таван Богд Группийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай