“ГОВЬ” ХК ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ
Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай “ГОВЬ” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ. Уг үйлдвэр нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд, ноос ноолуурын салбарт хамгийн нарийн ажиллагаанд тооцогддог “кеттель”-ийн үйлдвэр юм байна.
Нийтдээ 100-120 гаруй ажилтан ажиллах хүчин чадалтай ба, Монгол-Солонгосын политехникийн сургуулийн кеттелийн багш нартай хамтран, мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтад туршлагагүй хүмүүсийг хамруулан чадамжийн гэрчилгээ олгох юм байна.
“ГОВЬ”-ийн орон нутаг дахь кеттелийн салбар үйлдвэр ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд ноос ноолуурын салбарт цөөн байдаг боловсон хүчнийг нэмэгдүүлж, чадавхжуулахыг зорьж байна.
“ГОВЬ” нь салбар үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгохын зэрэгцээ, тогтвор суурьшилтай амьдралын нөхцөл боломжийг бүрдүүлж буйн нэг илрэл юм. Орон нутагт салбар үйлдвэрээ нээснээр тогтвортой ажлын байрыг бий болгож, нийслэл хотыг зорих иргэдийн урсгал багасан, орон нутгийн хөгжил тэлэхийн зэрэгцээ, өрхийн орлого нэмэгдэх гээд олон давуу талууд цогцолсон үйл явдал болж байна. Үргэлж анхдагч байж, хөгжлийг түүчээлэгч Говийн хамт олондоо баяр хүргэе.





