ГОВЬ ХК 1500 ажилтнаа хувьцаагаар урамшууллаа
Говь ХК, Таван Богд Капитал ҮЦК ХХК, Монголын Хөрөнгийн Биржийн хамтарсан хөтөлбөрийн дагуу өнөөдөр хүндэтгэлийн Цан цохиж, Говь ХК-ийн 1500 ажилтан хөрөнгө оруулагч болсон тэмдэглэлт үйл явдал тохиож байна.

Энэхүү үйл ажиллагаанд Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан, УИХ гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ, Говь ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа нар оролцлоо. Говь ХК нь 1981 онд байгуулагдсан ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэг туршлагыг үнэлэмжээ болгодог үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд 2007 оноос эхлэн Таван Богд Групп голлох хөрөнгө оруулагч нь болсон билээ. Говь ХК нь өдгөө ямааны ноолуурыг технологийн өндөр түвшинд боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ ДЭЛХИЙД ТАНИГДСАН тэргүүлэгч брэнд болоод байна.

Үйл ажиллагааны үеэр Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Говь компани 2007 онд хувьчлагдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 148 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, борлуулалтын орлогыг 11 дахин, хувьцааны ханшийг 13 дахин өсгөсөн амжилттай ажилласан” гэдгийг онцлон хэлэв. Мөн үргэлжлүүлэн "Цар тахлын хүндхэн үеийг үл ажран дараагийн өсөлт хөгжил рүү шилжих томоохон алхмыг хийж, дэлхийн зах зээл рүү боломжит бүх борлуулалтын сувгийг ашиглан үйл ажиллагаагаа тэлэхийн ялдамд ажилтнуудаа хувьцаагаар урамшуулж, ирээдүйд хэд дахин өсөх үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг бий болгож байна” гэлээ.

Харин Говь ХК-ийн Тэргүүн Дэд захирал Ч.Солонго “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуй нэгжүүдээс ажилтан бүр хөрөнгө оруулагч болох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь өөрийн гараар бүтээсэн баялгаасаа хувь хүртэж, сэтгэл хангалуун ажиллах хөшүүрэг болохоос гадна 1500 ажилтнаа цалингаас гадна нэмэлт орлоготой болгож, тэдэнд эзний ёсоор хандах хандлагыг бүрдүүлж ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Ажилтны албан тушаалын зэрэглэлээс хамааран олгох хувьцааны тоо ялгаатай байх бөгөөд хамгийн багадаа ажилтан бүр 500 ширхэг хувьцааг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлнэ” гэсэн юм.

Цан цохих үйл ажиллагааны дараа Говь ХК болон Таван Богд Капитал ҮЦК ХХК нар санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт талууд уг хөтөлбөрийг цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх талаар дурджээ.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ “Говь ХК хөгжлийнхөө дараагийн шатанд орж байна. Энэхүү их бүтээн байгуулалт, тэлэлт өсөлтийн үр дүнд компани 5 дахин томрох тооцоололтой байгаа. Энэ нь өнөөдөр хувьцаа эзэмшиж буй 1,500 ажилтны эзэмших хувьцаа төдий чинээ өсөх боломжтой гэсэн үг. Компани хөтөлбөр эхлүүлж ажилтнууддаа үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшүүлж байна. Энэхүү урамшууллын хувьцаа ямар их үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болохыг цаг хугацаа харуулна” гэлээ.


Таван Богд Капитал ҮЦК ХХК нь цаашид уг хөтөлбөрийг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг үзүүлэх ба Говь ХК-ийн хамт олонтой хамтран тусгайлан бэлтгэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрийн дагуу үе шаттай арга хэмжээн зохион байгуулахаар боллоо.

Үндэсний томоохон аж ахуй нэгж ийнхүү хувьцаагаа ажилтнууддаа эзэмшүүлэх нь нийгэмд чинээлэг дундаж ангийг бий болгох, баялгийг нийтээрээ хүртэх боломжийг олгох томоохон бодит үйл явдал юм. Хувьцааны хөрөнгө оруулалт нь капиталист системийн нэгэн гайхамшиг билээ.
Хамтын Хүч - Амжилтын Түлхүүр



