Ц.Тамир: ИНЖЕНЕРЭЭР СУРЧ БАЙХДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮН БОЛОХООР СЭТГЭЛ ШУЛУУДСАН
127 жилийн түүхтэй дэлхийн алдарт Кемпински зочид буудлын ерөнхий менежер Ц.Тамиртай ярилцлаа. Өөрийн тууштай байдал, хариуцлагатай, хичээнгүй зангаараа гүйцэтгэх удирдлага болсон залуу манлайлагчтай хийсэн ярилцлага олон залууст урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Юуны өмнө зочид буудлынхаа ид ачаалалтай үедээ, цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө тухай товч танилцуулснаар ярилцлагаа эхлэх үү?
Сайн байна уу, намайг Тамир гэдэг. Кемпински Хаан Палас Зочид буудлын ерөнхий менежер. Зочид буудалдаа буюу энэ байгууллагатаа 17 дахь жилдээ, аялал жуулчлалын салбарт нийт 21 дэх жилдээ ажиллаж байна. ШУТИС-ийг механик инженер сургууль болон Газарчин дээд сургуулийг Аялал Жуулчлалын Менежментийн мэргэжлээр төгссөн.
Инженер болох байсан хүн яагаад аялал жуулчлалыг сонирхох болов. Карьерынхаа замналыг яривал залуучуудад сонин байх болов уу?
Би Багануур дүүрэгт 10 жилээ төгссөн. Хотын алслагдсан дүүрэг гэдэг утгаараа гаднынхан маш цөөхөн ирдэг байсан. Гадаад хүнтэй таарах бүртээ сониучирхаж харилцах гэж хичээдэг байлаа. Тэр үед Англи хэл сурах битүүхэн бодол төрж байсан.
Механик инженерийн чиглэлээр сурч байхдаа 2003 оны зуны амралтаар хөтөч тайлбарлагч хийх боломж олдож жуулчдад анх үйлчилж үзсэн юм. Гадаад хүмүүсийг Монгол орноороо аялуулах нь надад маш их таалагдаж, ирээдүйн ажил мэргэжлээ болгох шийдвэр гаргасан юм. Ингээд эргэлт буцалтгүйгээр инженер техникийн салбарт биш аялал жуулчлалын буюу үйлчилгээний салбарын хүн болсон.
Дараагаар нь Италийн Систрера гэж цанын баазыг түшиглэсэн жижиг тосгонд 3 одтой зочид буудлын ресейпшнээр ажиллаж байгаад 2007 онд Монголдоо буцаж ирээд Кемпински Хаан Палас Зочид буудалд ресейпшн авах зарын дагуу ажилд орсон. Хэдийгээр зочид буудлын үйлчилгээний талаар боломжийн туршлага хуримтлуулсан байсан хэдий ч 5 одтой олон улсын зочид буудлын сүлжээ, үйлчилгээний стандартын талаар ойлголт бага гэдгээ ороод мэдэрсэн. Гадаад үзэмж, биеийн хэлмэж, харилцаа, зочноо судлах, тусгайлсан хүсэлтэд алдаа мадаггүй бэлтгэх, хувьчилсан үйлчилгээг үзүүлэх, байнгын зочиноо таньж нэрээр нь мэндлэх гээд өрөө хүлээн аваас үдэн гаргах хүртлээ олон улсын стандарт шаардлага маш өндөр тавигддаг төгс үйлчилгээний байгууллага байсан юм.
Тиймээс ч өдий хүртэл 127 жилийн түүхтэй Кемпински зочид буудлын туршлага, гайхалтай цогц сургалтын систем, know-how, үйлчилгээний дүрэм журмаас нь суралцаж явна даа.
Олон залуучууд хурдан амжилтад хүрч, захирал болохыг хүсдэг болчихсон. Ресейпшнээс эхлэн дэвшсээр гүйцэтгэх удирдлага болсон түүх олон хүнд сонирхолтой санагдах байх. Туршлагаасаа хуваалцана уу.
Манай байгууллага ажилтнаа сургаж хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаардаг бөгөөд сул орон тоо гармагц гаднаас боловсон хүчин сонгон шалгаруулахын зэрэгцээ, дотооддоо бэлтгэгдсэн чадварлаг ажилдаа дэвшүүлэх замаар тэдгээрийн карьер хөгжилд анхаардаг.
2007 онд Монголд Кемпински зочид буудал менежмент, олон улсын стандартыг нэвтрүүлж байхад, зах зээл дээрээ анхдагч сүлжээ буудал байсан учраас, олон улсын стандартын талаарх туршлага бага, боловсорсон хүчин мэргэжилтэн хомс байсан хэрэг. Тиймээс шинэ ажилтан авч сургаад, сайныг нь дэвшүүлээд явдаг. Би тэр боломжуудыг атгаж авсан ажилтнуудын нэг гэсэн үг. Байгууллагатаа орсноос хойш найман албан тушаалд ажиллаж үзээд байна. Ресейпшн-с эхлэн менежер, албаны дарга, дэд захирал хүртэл дэвшсээр өнөөдөр гүйцэтгэх удирдлага буюу ерөнхий менежерээр томилогдоод байна.
Энд зөвхөн хувь хүний ур чадвар, харилцаа хандлагаас гадна, шинэ албан тушаалд очсоноор гарах өөрчлөлтөд дасан зохицох, өөрийгөө шинэчлэх мөн өөрт ирэх хариуцлагаа бүрэн ухамсарлах нь чухал байх.
Удаан ажилласан болохоор л гүйцэтгэх захирал болчихдоггүй байх. Хараад байхад удаан ажилласан хэр нь ахиж дэвшдэггүй, ажилдаа дургүй хүмүүс их байдаг. Харин амжилтынхаа нууцыг хуваалцаач.
Амжилтын нууц гэхээр асар том зүйл төсөөлж магадгүй. Миний хувьд ажлын амжилтын үндэс нь хийж буй ажилдаа дурлах явдал байх. Үүнээс хүсэл эрмэлзэл, асуудлыг даван туулах, сурч хөгжих, хариуцлага хүлээх сэтгэл зүй бүрддэг болов уу гэж боддог. Мөн миний хувь хүний төрмөл зан төлөв үйлчилгээний салбарт их зохицсон хүн гэж боддог. Тиймдээ ч би өнөөдрийг хүртэл тууштай, ажилдаа дурлаж хийж ирсэн гэж бодож байна. Яг л барилгачин
хүн өөрийн хөлс хүчээр босгосон байшингаа харж баярлах, эмч хүн илаарьшсан өвчтөнөө харж баярладагтай адил, сэтгэл ханамжтай байгаа зочноо харах нь маш сайхан.
Төрмөл үйлчилгээний хүн гэхээр сонин сонсогдож байна. Хүн болгоны зүрхшээдэг, хэцүү салбар шүү дээ.
Манай зочлох үйлчилгээний салбар академик боловсролоос илүүтэйгээр туршлага маш их шаарддаг ажил. Тиймээс ч 4 жилийн сургалтын 1,5 жилд онолоор сурсан мэдлэгээ, ажил дээрээ гарч практикаар хэрэгжүүлж, ажлын арга барилаа олж авах, харилцаа хандлага, мэдрэмжтэй байхыг сурдаг. Ихэнх салбарт ажлын цаг дуусаад асуудлаа байгууллага дотороо үлдээгээд амардаг бол, зочлох үйлчилгээний салбар тийм биш ажлын бус цагаараа ч эргэх холбоотой байхыг шаарддаг. Энэ салбарт хувь хүн өөрийн төлөвлөгөөгөөр ажиллаад, амараад явах дун хэцүү, учир нь үйлчлүүлэгчийн хүсэлт, хэрэгцээ хэзээ үүсэхийг таашгүй, байнга л явар нэг зүйл болж байдаг. Мөн өөрийн сэтгэл хөдлөлөөр ажилдаа хандаж болохгүй, амжсангүй гээд зочны асуудлыг шийдэхгүй орхиод маргааш ирээд хийнэ гэх боломжгүй юм. 24 цагаар үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгээ алхам тутамдаа санах хэрэгтэй.
Тэгэхээр зочлохуйн салбар нь бусдыг ойлгож өөрийгөө оронд нь тавьж бодох сэтгэлтэй, асуудалд уян хатан ханддаг, түргэн шуурхай, ажил хэрэгч хүн байхыг шаарддаг.
Одоо чинь гадаадад төгссөн хүнийг л ажилд авах сонирхол дийлэнх газруудад байдаг. Тэр ч утгаараа залуучууд маань мэдлэгийг, тэр тусмаа гадаадад сурч л ажлын байран дээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж ойлголт нийтлэг байна. Тэр тухайд та юу гэж бодож байна вэ?
Гадаадад төгссөн оюутнуудад давуу тал их бий. Гадаад хэлний түвшин өндөр, хүнтэй нээлттэй харилцаатай, олон улстай харьцуулах, том зургаар харах гээд болон давуу талуудтай. Гэхдээ хөгжсөн нийгмийн суурь тогтолцоо сайн, гэнэтийн асуудал гарах нь ховор, шийдэл олох нь ч хялбар байдаг бол манай улсад гэнэтийн нөхцөл үүсэх нь түгээмэл байдаг. Энэ нь гадаадад суралцаж төгссөн хүнд дасан зохицож ажиллахад хүндрэлтэй, бухимдах тал ажиглагддаг. Харин дотоодын оюутнуудын хувьд энэ нөхцөл байдалд хэдийн дасан зохицсон, даван туулах сэтгэлзүй арай илүү байгаа санагддаг. Гэхдээ энэ цаг хугацааны л асуудал байх.
Үүнээс биш гадаадад сургуульд төгсөөд шууд ажилд орно, албан тушаал өсөх нь хурдан биш л болов уу, Хаана сурч, ямар орчинд өссөнөөс үл хамаараад хувь хүний хандлага, чармайлт л чухал байдаг. “Оролдлого сайт оройд нь” гэдэг шүү дээ, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Тиймээс тухайн хүн ажилдаа дурлаж, мөн чанарыг ойлгож, стагдартын дагуу чанартай гүйцэтгэж байна уу, өдөр тутамд суралцаж, мэдлэг чадвар нь дээшилж байна уу гэдэг хамгийн чухал байх. Энэ нь хэн бүхэнд ижил тэгш боломжийг үүсгэж, ажлын байран дээрээ хүлээн зөвшөөрөгдөх, дэвших үндэс болно. Манай групп компани энэ тал дээр тогтолцоо сайтай, мерит зарчмаар өсөх боломжийг нь хүнд олгодог.
Ер нь Монголын аялал жуулчлалын салбар хөгжих найдлага байна уу? Хөндлөнгөөс харахад нислэг, зочлох үйлчилгээ, зам харилцаа гээд олон асуудал байгаа харагдах юм.
Асуудлууд их бий, гэхдээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа салбар. Олон авиа компаниуд нислэг үйлдэж, өндөр зэрэглэлийн зочид буудлууд шинээр нээгдэж, жуулчны баазуудын чанар маш ирэхээр сайжирч байна. Үүний нөлөөгөөр ажлын байр ихээр нэмэгдэж байгаа боловч нөгөөтэйгөөр үйлчилгээний сайн ажилтны хомсдолтой байгаа нь аялал жуулчлалын салбарт ажиглагдаж байна. Дотоодын нислэг, орон нутгийн наадмын хуваарь, дэд бүтэц, баыршуулах хэрэгсэлийн хүрэлцээ гээд тоочвол асуудал их байгаа тул илүү сайжруулж, системтэй төлөвлөх хэрэгтэй гэж хардаг.
Мөн аялал жуулчлалын салбарын хамгийн том бүрэлдэхүүн нь зочлох үйлчилгээний салбар. Тэр утгаараа одоо Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа жуулчны баазаас эхлээд зэрэглэлтэй, зэрэглэлгүй бүх л буудлууд үйлчилгээний чанар бүтээгдэхүүнээ сайжруулах нь аялал жуулчлалын салбараа өөд нь татах нь хамгийн том дэмжлэг. Харамсалтай нь бид нийьээрээ л стандартыг тогтмол, урт удаан хугацаанд барьж чаддаггүй сул талтай. Анх нээгдэхдээ сайн бүтээгдэхүүн үйлчилгээтэй байснаа, аажимдаа муудаад эхлэдэг нь тоогүй хэрэг.
Кемпински юугаар танигдсан бэ гэвэл бид анхдагч олон улсын зочид буудлын сүлжээ бөгөөд өнөөдрийг хүртэл стандартаа чанад барьж, бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулж явдаг. Ажилтан солигдох, удирдлага өөрчлөгдөх, гадаад хүчин зүйлсийн нөлөө их байсан ч чанар стандартаа алдалгүй явж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах гэж хүн бүр нь хичээдэг. Энэ нь л салбарынхаа хөгжилд оруулах хувь нэмэр гэж бодож байна.
За салбарынх нь тухай нэлээн мэдээлэл авлаа. Группийнхээ тухай танилцуулаач. Таван Богд группийн удирдах ажилтан байх ямар вэ?
Миний бодлоор манай Таван Богд группт ажилтан компани дотроо эсвэл хооронд шилжин ажиллах замаар хурдтай өсөж, хөгжих боломж их байдаг. Үүний олон жишээг салбар компаниудын ажилчид болон удирдах албаныхантай уулзахад л мэдэж болно. Мөн компанийн засаглал бэхжсэн. Ялангуяа санхүү бүртгэл, дотоод хяналт мөн хүний нөөц, борлуулалт маркетинг гээд бусад хэлтсүүдийн үйл ажиллагаанаас харж болно. Байгууллага, хувь хүний KPI үзүүлэлтийг маш тодорхой зааж өгсөн байдаг нь өөрсдийгөө дүгнэх, зах зээлд эзлэх байр сууриа тодорхойлохоос эхлээд хувь хүн нь ямар урамшуулал авахыг нь хүртэл тоон үзүүлэлт рүү хувирган маш тодорхой болгосон байдаг. Тиймээс ерөнхий байдлаар дүгнэхээс илүү, бодит гүйцэтгэлээ төлөвлөгөө, өмнөх оноотойгоо харьцуулан ямар байгаа өдөр тутамдаа хянаж, бизнесээ удирдан залж явдаг. Боломж нөхцөлөө бодитойгоор харж дүгнэн, сайн байгаа шийдлийг хадгалаад, тааруугаа сайжруулаад явахыг хичээдэг.
Группийн Ерөнхийлөгчийн “Таван Богд Групп орлого олсон бол татвараа 100% төлнө. Ажилчдынхаа цалинг яг цагт нь тавина. Гэрээний үүргээ биелүүлж байгаа бэлтгэн нийлүүлэгчдийн төлбөрийг 100% яг цагт нь төлнө.” гэж хэлж байсныг би маш тод санаж байна. Энэ нь миний хувьд маш утга учиртай бөгөөд санхүүгийн ямар сахилга баттай байгааг, бидний эрхэлж байгаа бизнес ямар эрүүл байгааг илтгэж байгаа хэрэг юм. Яг энэхүү үг группийн хэмжээнд зарчим болон мөрдөгдөж, группийн бүх ажилд тусгалаа олж, байгууллагатаа итгэх итгэл, цаашлаад гадна талд байгууллагын үнэлгээг өсгөж байна гэж боддог. Тиймээс манай групп дотоод соёл, бизнесийн эрүүл тогтолцоо нь сайн ажиллах бүхий л боломжийг бидэнд олгодог.
Маш их баярлалаа. Таны ярилцлага уншигчдад маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.




