Онцлох хүн-Таван Богд ХХК Засвар үйлчилгээний албаны менежер Б. Мөнхнасан
ХҮН БҮРД ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ
Таван Богд Группийн онцлох хүн ярилцлагын энэ удаагийн дугаарт Таван Богд ХХК-д 6-дахь жилдээ ажиллаж буй Тоёота-н албан ёсны дилер Таван Богд ХХК-н Засвар үйлчилгээний албаны менежер Б. Мөнхнасанг урьж, сонирхолтой яриаг өрнүүллээ.
Анх механикаар ажиллаж эхэлснээсээ хойш ур чадвараа тууштай хөгжүүлэн, өөрийгөө нээсээр Ахлах механик, Засвар үйлчилгээний зөвлөх, Ээлж хариуцсан нэгжийн дарга, Албаны менежер албан тушаалуудад дэвшиж, амжилттай ажиллаж яваа туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе, та бидэнд өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?
Өдрийн мэнд хүргэе, миний хувьд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженерийн Сургуульд Инженер механик мэргэжлээр суралцаж, төгсөөд ажлын гараагаа Вагнер Ази Автоматив компаниас эхлүүлсэн. Анхнаасаа том компанид ажилласан тул цаашдаа бүр илүү нэр хүндтэй компанид орж ажиллана гэж боддог байсан юм. Харин тухайн үед Таван Богд ХХК-д Тоёота брэндийн албан ёсны Засварын төв нээгдэх гэж байгаа сургаар шууд л оръё гэж зориглон анкетаа өгөөд хүсэж, хүлээж байж орсон доо. Тоёотагийн хамгийн анхны механикчидтай хамт ажиллаж эхэлсэн цаг саяхан мэт боловч олон албан тушаал дээр ажиллаж өөрийгөө сорьсоор, одоо засвар үйлчилгээний албаны менежерээр ажиллаж байна.
Механикчаар ажилладаг хүмүүс бусад мэргэжлийн хүмүүсээс юугаараа ялгардаг бол?
Аливаа техникийн засвар дээр ажилладаг хүн ур чадвартай, мэдлэгтэй хамгийн гол нь тууштай, шантардаггүй байх ёстой. Учир нь техникийг хүнтэй харьцуулаад үзвэл хүн өөрийнхөө өвдөж буй зовууриа хэлээд, ойлголцох боломжтой байдаг бол техникийн хувьд нэг систем дээр доголдол үүсэхэд уг автомашины хянах самбар дээр анхааруулах гэрэл асах, чичрэх, хөдөлгөөнд оролцоход явдал өөр болох, энэ тэнд нь резин хяхтнах, төмөр дуугарах гээд янз бүрийн шинж тэмдгүүдээр илэрдэг ч яг хаана, хэзээ ямар асуудал үүссэн гэдэг нь тодорхойгүй байдаг. Тиймээс тухайн техникийн яг юу нь эвдэрсэн гэдэг гол оношийг нь олохгүй зарим залуучууд маань шантрах гээд байдаг. Энэ үед л тэвчээртэй байж засварлаж чадсан хүн илүү сайн механикч болж ажилдаа дурладаг болов уу.
Онош нь тодрохгүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Бид автомашинаа засуулахаар ирсэн үйлчлүүлэгчээсээ хамгийн түрүүнд ямар асуудал байгааг лавлаад эвдрэлтэй холбоотой асуулт асуудаг. Жишээлбэл хэзээнээс энэ асуудал үүссэн, ямар тохиолдлуудад ихэвчлэн илэрдэг гэх мэтээр хэрэглэгчээсээ хэрэгтэй мэдээллээ авч оношоо тодруулдаг. Гэтэл хэрэглэгч маань буруу, худлаа мэдээлэл өгөх, машиныхаа эвдрэл гэмтлийг хэзээнээс эхэлсэн, ямар үед илэрдэг гэдгээ сайн мэдэхгүй байвал онош тодрохгүй удна гэсэн үг. Дараа нь тухайн автомашинд ямар гэмтэл гарснаас хамаарч компьютер оношилгоо хийх үү, өргөгчин дээр гаргах уу эсвэл өөрөө автомашиныг барьж үзэж байж оношлох уу гэдгээ шийддэг. Засагдах хугацааны хувьд гэмтлээсээ хамаараад өөр өөр байдаг
Манай засварын төвийн давуу тал нь албан ёсны дилер учраас баталгаат бүх сэлбэг хэрэгсэл нь бэлэн байхаас гадна Тоёота-н сургалтад бүрэн хамрагдсан, мэргэшсэн инженер механикууд хурдан шуурхай үйлчилгээг үзүүлдэгт юм.

Засвар үйлчилгээн дээр ажилладаг хүмүүсийн баримтлах ёстой гол зарчим юу вэ?
Нэг боолт дутуу бооход л хүний эд хөрөнгө, эрүүл мэндтэй холбогддог учир автомашин засахдаа өөриймсгөөр хандаж, маш анхаарал болгоомжтой байх ёстой. Автомашины боолт болгон чангалгааны стандарттай байдаг.
Мэдээж тууштай байж, өөрийгөө байнгын сайжруулж байх нь чухал. Хүмүүс механикчдыг харахдаа байнгын тостой хутгалдсан, ердийн засварчин гэж хардаг байж магад, манайд 31 механикч ажилладаг ба бүгд инженер мэргэжилтэй залуус байдаг.
Бид өөрсдөө тууштай, шаргуу хөдөлмөрлөж мэдлэг, чадвараа дээшлүүлж чадсан тохиолдолд албан тушаал дэвшиж өөрийн амьдрал, карьераа өөрчлөх боломж хүн бүхэнд нээлттэй гэж би боддог.

Албан тушаал дэвшиж ажиллахад гол чухал нөлөөлдөг зүйлс юу байдаг вэ?
Миний хувьд аливаа нэгэн зүйлийг хийхдээ илүү нухацтай бас тууштай, цаг хугацаанд нь хийхийг зорьдог. Бас нэг онцлох зүйл гэвэл үйлчлүүлэгчээс ирсэн сайшаал, магтаалд их урамшиж илүү сайн ажиллах эрч хүчтэй болдог.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Бид ажлын өглөөгөө “Чоорэй”-р эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл манай засвар, үйлчилгээний ажилтнууд бүгд цуглараад өмнөх өдрийнхөө алдаа дутагдал, ололт амжилт болон сурсан мэдсэн, сайжруулах зүйлсээ хоорондоо хуваалцаж, ярилцдаг. Дараа нь хамтдаа дасгал, хөдөлгөөн хийж, Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын зааварчилгаа аваад эрч хүчтэйгээр ажилдаа гардаг.
Өдрийн турш хийдэг гол ажил бол харилцагч, үйлчлүүлэгчидтэй ярилцах, гомдол саналыг хүлээн авах, сайжруулах байдаг. Мөн засварын албаны ажлыг бүтээмжтэй, тасралтгүй үргэлжлэхэд шаардагдах багаж, тоног төхөөрөмжөөр хангахын тулд тоног, төхөөрөмжүүдийн нөөцийг тооцоолж, өдөр тутамд захиалга хийдэг. Засварын төвийн үйл ажиллагааг тогтмол сайжруулах үүднээс Тоёота философи, Тоёота-н хөгжлийн нууц, дүрэм журмуудыг судалж, механикууддаа өдөр тутам ажил дээрх чиглүүлэг, заавар зөвлөгөөг өгч ажилладаг. Түүнчлэн Засварын төвийн үйл ажиллагаан дээр ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд түүнийг илрүүлж, сайжруулахын төлөө ажиллахаас гадна албаны ажиллах хүчний төлөвлөлт, зөв газарт-зөв хүнийг ажиллуулахын төлөө албаны дарга, хүний нөөцтэйгээ хамтран ажилладаг.
Харилцагч үйлчлүүлэгчидтэйгээ харилцах, албаны ажиллагсадтайгаа өдөр тутамд тулж ажиллахаас гадна Тоёота-н дистрибьютор компанид тайлан мэдээлэл солилцох, шинээр харилцагч байгууллагатай гэрээ байгуулах, засвар үйлчилгээ, сэлбэг борлуулалтын тендерт оролцох гэх мэт бичиг цаасны ажил их байдаг.
Таны ажилладаг компаниас хамгийн их таалагддаг зүйлс юу вэ?
Тоёота-н албан ёсны дилерийн засварын төвд ажиллаж байгаагаараа хамгийн их бахархдаг. Мэдээж дэлхийд танигдсан томоохон брэндэд ажиллахын нэг том давуу тал нь олон төрлийн мэргэжлийн сургалтад хамруулдаг тул хүнд өөрт нь маш их мэдлэг, чадвар хуримтлагдчихсан байдаг. Жишээлбэл анх механикчаар ажиллахдаа л сургалтанд сууж албан ёсны сертификат авсан, дараа нь үйлчилгээний зөвлөхөөр ажиллаж эхлэхэд үйлчилгээний зөвлөхийн мэргэжлийн сургалтад сууж сертификат авсан гэх мэт ажлын байр бүр дээр мэргэжлийн түвшинд ажилтнуудаа бэлтгэж, байнга сургаж байдаг. Энэ сертификатуудыг авсан хүн Ази номхон далайн бүсийн Тоёота-н компанид үзүүлээд ажилд орох бүрэн боломжтой байдаг юм.
Бас манай компанид ихэвчлэн гуч орчим насны гэр бүл зохиосон бага насны хүүхдүүдтэй залуучууд ажилладаг тул компаниас маань хүүхдүүдээ явуулах цэцэрлэгийг нь хүртэл шийдээд өгчихсөн байдаг нь их талархууштай санагддаг. Ер нь л ар гэртээ санаа зовохгүй, тайван таатай ажиллах олон нөхцөл боломжоор хангадаг нь таалагддаг.
Компанидаа өнгөрүүлж байсан хамгийн сонирхолтой дурсамжаас хуваалцана уу?
Миний эхнэр Таван Богд компанийн ажилтан ба бид хамт ажиллаж байгаад гэр бүл болсон, одоо хөөрхөн охинтой болж аз жаргалтай амьдарч байна. Таван Богд-с амьдралын ханиа сонгож гал голомтоо асаасандаа баяртай байдаг.
Санаанаас гардаггүй нэг сонирхолтой дурсамж гэвэл би 2018 онд Таван Богд Группийн Шилдэг ажилтнаар шалгарч Гүйцэтгэх захирал Ж. Барсболд-н хамт Тоёота-н Япон дахь үйлдвэртэй танилцаж байсан.
Тус үйлдвэрийн үйл ажиллагааны 99% нь автоматаар ажиллаж байсныг хараад би бүр шоконд орж байлаа. Бараг л хүний оролцоогүйгээр автомашины эд ангиуд нийлээд нэг цоо шинэ автомашин үйлдвэрлэгдээд гараад ирдэг юм билээ.
Бас нэг гайхалтай санагдсан зүйл нь биднийг Тоёота-н үйлдвэрээр танилцуулж явсан эмэгтэй ажилтан бүх л бүтэн өдрийн турш бидэнтэй байнгын инээмсэглэж харилцаж байсан. Би тухайн үед үйлчилгээний зөвлөх байсан учир энэ инээмсэглэдэг сайхан чадварыг нь ажил дээрээ хэрэгжүүлэх юмсан гэж их хүсэж, хамт олондоо ч бас энэ тухай хуваалцаж байлаа.

Харилцагч, хэрэглэгчид танай төвд ямар асуудлаар хамгийн их ханддаг вэ?
Тоёота-н автомашинуудад эвдрэл гэмтэл харьцангуй бага гардаг учраас ихэвчлэн тос солиулах, мөн хуваарьтай солигддог эд ангиудаа солиулах, оношилгоо хийлгэх зорилгоор ирж үйлчлүүлдэг. Мөн түгжрэл ихтэй, автомашины зогсоол хүрэлцээ муутайгаас шүргэлцсэн, мөргөлдсөн асуудлаар кузов засвар хийлгэхээр ирдэг.
Автомашиныг нь засаад өгсний дараа ихэнх үйлчлүүлэгчид маань яг зөв газраа ирсэн байна гэж их талархдагт нь бид их урамшдаг шүү.
Анх хүмүүс албан ёсны баталгаатай сэлбэг гэдэг зүйлийн чанар, үнэ цэнийг нь ойлгодоггүй байсан учраас эхлээд бусад засварын төвүүдийн үнэтэй харьцуулж, гомдол гаргах тохиолдлууд их байлаа. Харин одоо бол ихэнх хүмүүс чанаргүй, баталгаагүй сэлбэг ашиглах нь автомашинд ямар хор хөнөөлтэйг ойлгож, аль болох чанартай, найдвартай албан ёсны төвүүдээр үйлчлүүлэхийг зорьдог болсон.
Албан ёсны баталгаатай дилер компаниас машинаа худалдаж авах, засвар үйлчилгээ, сэлбэг хийлгэх нь яагаад тийм чухал вэ?
Манай Монголын зах зээлд албан ёсны дилерийн төвүүд байгаа ч хувь хүнээр дамжуулан автомашин болон гарал үүсэл нь тодорхойгүй сэлбэг худалдан авах нь байдаг ч бидний хувьд буух эзэн, буцах хаягтай, 100%-н баталгаатай дилер компани гэдгээр нь хэрэглэгч нар маань өөрсдөө сонгоод ирдэг.
Мөн засвар үйлчилгээ ч бас яг дэлхийн Тоёота төвийн стандартыг баримтлан найдвартай сэлбэг хэрэгслээр сольж, засах үйлчилгээг үзүүлдэг.
Мөнххада болон Таван Богд дилерүүдийн ялгаа нь яг юу вэ?
Тоёота брэндийг Монголд төлөөлөх албан ёсны дилер гэдэг утгаараа яг адил боловч хэд хэдэн ялгаатай талууд бий. Манай Таван Богд нь автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж чаддагаараа илүү онцлог, давуу талтай. Жишээлбэл автомашины бүх төрлийн сэлбэг хэрэгслүүд, кузов засвар, обуд, дугуй, автомашины хамгаалалтын гадар хуулга, угаалга гээд автомашинд хэрэгцээтэй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор цогцлоож чадсан. Мөн манайхаас борлуулагдсан автомашин засвар үйлчилгээ авах гээд ирсэн тохиолдолд оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжтой гээд хэрэглэгчиддээ халамжлах болон давуу эрхүүд олгодог.
Та өдөр тутамдаа хэнээс, юунаас урам зориг авч, ажилладаг вэ?
Хийж байгаа ажлаасаа урам зориг авдаг. Бас хамт олон хамтарч ажилладаг багаасаа болон компанийн удирдлага Ж. Барсболд захирлаасаа өдөр тутамдаа урам зориг авч, бидний төлөө хийж буй ажил бүхэнд нь талархдаг.
Манай захирлууд ажилтнууддаа их үлгэр дуурайллыг үйл хөдлөлөөрөө үзүүлдэг. Жишээ нь Дэд захирал маань хогийн шүүр тосгуур барьчихсан гадаа талбайгаа цэвэрлээд явж байдаг.Гүйцэтгэх захирал маань ажилтнуудтайгаа хамтраад хүрз барьчихсан цасаа цэвэрлээд зогсож байдаг. Иймэрхүү ажилд захирлууд нь оролцоод байдаг компанийн удирдагч нар ховор байх гэж би боддог шүү.
Бас Таван Богд Группээс гаргадаг Инамори Казүо багшийн цуврал номуудыг өдөр тутамдаа уншиж, их урам зориг, сургамж авах дуртай. Миний нэг дуртай хэсэг бол “Зөөлөн байхын нөгөө тал нь хатуу байх зарчим, харин эрхлүүлэхийн нөгөө тал нь харгислал юм” гэсэн хэсэг. Хэт их эрхлүүлбэл сайн үр дүн гарч чадахгүй тиймээс удирдлага хүн ямар үед хүнийг магтах, ямар үед шүүмжлэх вэ гэдгээ маш сайн мэддэг, мэдрэмжтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож байсан .
Мөн миний хувьд ажлаа хийхдээ байнга баримталж явдаг нэг зарчим бол “Хүн бүрд хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэх”-ийг зорьдог. Ажилтан хүн өөрөө өөртөө зорилго тавиад түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж ажиллах нь өөр өөрийгөө хөдөлгөх хамгийн том урам зориг юм болов уу гэж боддог.
Онцлох ажилтан ярилцлагад оролцон, цаг заваа зарцуулж бидэнд сонирхолтой, хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!



