Подкаст, ярилцлага | August 15, 2024

ТАВАН БОГД ГРУПП ӨСӨЖ ХӨГЖИХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ

Монголын стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд болох мах гурил үйлдвэрлэдэг Улаанбаатар Гурил компанийн Гүйцэтгэх Захирал Ц.Оюунсүрэнтэй ярилцлаа. Эмэгтэй удирдлагын хичээнгүй, тууштай, хариуцлагатай зан чанар, ажил карьерын замнал олон эмэгтэйчүүдэд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулснаар ярилцлагаа эхлэх үү? Яаж яваад гурилын үйлдвэртэй холбогдсон түүхээ хуваалцаач.

Би 13 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд, 4 хүүхдийн ээж. 2 охин, 2 хүүтэй Ховдын Булганд төрсөн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Улаанбаатар гурил компани үүсэн байгуулагдахаас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын туршлагын тухайд хилийн цэрэгт нөхөртэйгөө хамт ажиллаж байгаад, 1997 онд Таван Богд компани байгуулагдахад кассаар ажилд орж, дараа нь Финлянд элсэн чихрийн борлуулалтыг хариуцаж ажилласан. Тэгээд Монголчуудын сайн мэддэг Double Rich, Lucky mint зэргийг оруулж ирж, нэмээд косметикийн бизнесийн суурийг анх тавилцаж байсан. Дэнжийн мянгын зах руу тогтмол явж, зээлээр борлуулалт хийнэ, тэр үед чинь хүмүүс ганзагын наймаа хийдэг, чанар баталгаагүй бүтээгдэхүүн их байсан болохоор, манай оруулж ирсэн бүтээгдэхүүнүүд харьцангуй чанартай, нэмээд сайн танигдсан болохоор, хэдийгээр зээлээр ч гэсэн маш сайн борлуулагддаг байсан. Харин гурил руу орох шалтгаан гэвэл компани маань оросоос гурил оруулж ирж зардаг болсон. Монголд ганцхан гурилын үйлдвэртэй, хятадаас гурил орж ирсэн ч, нөгөөдөх нь чанар муу. Хятад гурил нь хүмүүсийн ярьдгаар бол ясны гурил гэгддэг байсан даа. Тийм болохоор орос гурил арай чанартай байх гээд Оросоос гурил оруулж ирж зарсан. Гэтэл орос гурилын үнэ нэмэгдээд, нэмээд ОХУ ургацаа алдсантай холбоотойгоор хязгаарлалт тавигдсан. Тэгээд гурилгүй болсон хүмүүс,  гурилын үйлдвэр байгуулсан хэрэг.

Гурилын үйлдвэр байгуулах амархан байв уу? Ер нь аливаа үйлдвэрийг авч явах гэдэг том ажил, ялангуяа хүнсний үйлдвэр бол нилээн чанга ажил байлгүй.

Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг. Хийж байсан ажлаа гүйцээхийн тулд гурилын үйлдвэр судлаад, 10 болон 1-р хороололд 3 жижиг хэвтээ үйлдвэрийг байгуулсан.  Хогондоо дарагдсан агуулахыг, гурил үйлдвэрлэх түвшинд хүргэхийн тулд хамт олноороо хичээнгүйлэн ажиллаж байж оруулж байлаа. 3 жижиг үйлдвэр маань тус бүртээ хоногт 60 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай, нэг талаас нь улаан буудай ороод нөгөө талаар нь гурил болж гардаг, яг л гараар гурил тээрэмдэж гаргадаг шиг, жижигхэн хөөрхөн гурилын үйлдвэр байгуулсан. Тэгсэн дараагийн асуудал үүсэж, хотын төвд гурилын үйлдвэр ажиллуулахаар оршин суугчдаас гомдол дагуулж эхэлсэн. Тиймээс дараагийн ажил нь хотоос үйлдвэрээ гаргахдаа хаашаа явах уу гэдэг дээр шийдэл хайсан.  Олон чиглэлээр судалгаа хийж, менежмент багтайгаа ярилцсаны эцэст, Дархан яг тариалангийн бүс нутгийн гол цөм юм байна гэж сонгоод, Дарханд газар судлаад, 2010 онд аваад, 2011 онд үйлдвэрийн шавыг тавьж, 2012 онд сардаа 300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгальд ээлтэй технологи бүхий, хамгийн орчин үеийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үйлдвэр маань саяхныг хүртэл жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж байгаад, 2023-2024 онд дотоодын улаан буудайн чанар, импортын гурилын үнийг тэглэсэн зэрэг шалтгаанаас болоод бага хүчин чадлаар ажиллаж байгаа.

Тариаланчдын буудайн чанарт хүртэл анхаарал тавих хэрэгтэй гэхээр баргийн хүний хийх ажил биш л сонсогдож байна. Хэр хэцүү вэ?

Мэдээж амархан ажил хаана байх вэ. Биед амар гээд кофе шоп ажиллуулсан ч гэсэн, данс тооцоо, барааны хомсдол, ажиллах хүчин гээд олон асуудал тулгарна. Гэхдээ аливаа асуудал бэрхшээл дотроос байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг яагаад ч шийдэж чадахгүй юм даа. Нэмээд улс төрчдийн зарим явцуу шийдвэрээс болоод Монголд буудай тариалах, нэмээд гурилын үйлдвэр байх шаардлагагүй болох нөхцөл үүссэн. Монгол хүн чинь мах гурил байхад баргийн асуудлыг даваад гарчихдаг гэдгийг, ямар ч байсан, идэх хоолондоо санаа зовохгүй байж болохыг, Ковидын үе бидэнд харуулсан шүү дээ. Гаднаас импортоор гурилаа аваад болоод байна гэж байгаа боловч, гэнэтхэн нэг өдөр ОХУ дайнаасаа болоод, Хятадын тал зүгээр л хилээ хаачихвал, гурилгүй бид юугаа идэх вэ гэдэг асуудал үүсэж болзошгүй. Ер нь гурилыг, үйлдвэрлэлийг дагасан зөндөө асуудал бий. Дараагийн асуудал бол тариалалт. Сүүлийн жилүүдэд бороо хур элбэгтэй байна. Тариаланчдын маань 2 жил шахуу талбайгаа бэлдэж, зунжингаа талбай дээрээ өнжиж тариалсан улаан буудай чанарын шаардлага хангахгүй болох тохиолдол их. Тариагаа хурдан болгохын тулд нэмэлт бодис цацчихвал гурилын үйлдвэрүүд авахаа больчихдог. Бид чинь байнга л хэний талбай дээр юу таригдаж байна, хэр ургаж байна, юу хэрэглэж байна гэдгийг харж байгаа болохоор андахгүй шүү дээ. Нэмээд буудайгаа худалдаж авахдаа, олон удаагийн лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа болохоор улаан буудайгаа түргэн болгох гэсэн биш, бүр хаягдал болгох ч магадлалтай. Тариаланчдаа бодоод 3 биш 4-өөс доош зэргийн чанартай будааг худалдаж аваад гурил үйлдвэрлэчихвэл, нөгөө гурил маань хэрэглэгчдэд очоод дүн тавиулчихна. Бууз хийхэд түүхийрээд, шөлтэй хоол хийхэд урсаад байвал, дараагийн удаа манайхыг сонгохгүй шүү дээ. Тэгэхээр бүх ажлууд уялдаатай явж байж, эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гэрт очиж, гэр бүлийнхэнд нь халуунаараа амттай хоол болж хүрч байж л бидний ажил дуусдаг гэдгээрээ онцлогтой. 

Таны хариуцаж байгаа бас нэг том ажил Монбийф байгаа. Монгол хүний бас нэг чухал хэрэгцээ болох махны үйлдвэрлэлийнхээ тухай яриач.

Таван Богд групп бизнесийн үндсэн 8 сегмент дээр ажиллаж байгаагаас ХАА-н чиглэлд нь мах гурилын бизнес багтаж байгаа юм. Хоёр бизнес нэгнийгээ дэмжиж явах боломжтой гэж үзсэний үндсэн дээр Монбийф брэнд өнгөрсөн оноос манай дээр нэгдсэн. Бид малчдын гар дээрээс бага насны үхэр авч, 100 хоног эмчийн хяналт доор тэжээн, эрүүлжүүлж өсгөөд, зориулалтын үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүн болгон, хэрэглэгчийн гарт хүргэж ирсэн. Харин одоо өөрийн цөм сүргийг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд, малынхаа тэжээл тарих хөрсийг бэлдэж, тэжээлээ өөрсдөө тарьж ургуулж, нэмээд мах бэлтгэх үйлдвэрээ дэргэдээ байгуулах ажлууд хийгдээд явж байна. Мөн сүүний чиглэлийн ферм буюу бяслагны үйлдвэр эхлүүлэхээр бэлдэж байна. Хийхийг зорьж байгаа ажлууд их байгаа, хамгийн наад зах нь малын тэжээлээ тарих хөрсөө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатайгаар бэлдэхийн тулд үхрийн баасаараа композ бордоо бэлтгэж байна, тэр бордооныхоо чанарыг сайжруулахын тулд, үхэртээ өгөх тэжээлдээ анхаарал шаардлагатай гээд уялдаа холбоогоо сайжруулахаар ажиллаж байна. 

Мах гурилын үйлдвэрлэл гэдэг үнэхээр ач холбогдолтой, бас чамгүй хүнд хөдөлмөр санагдлаа.Та ер нь менежментийн тал дээрээ ямар бодлого баримталж ажиллаж байна вэ? Эмэгтэй удирдагчийн онцлог бас байдаг. Тэр тухайд хуваалцаач.

Эмэгтэй хүний удирдах арга барил гэж онцгойрох ялгаа байхгүй байх. Аав ээж маань бага байхаас бүх ажлыг ижилхэн хийлгэж сургасан болохоор энэ эмэгтэй хүний хийдэг ажил, энэ эрэгтэй хүний хийдэг ажил гэж ялгалгүй өсгөсөн. Эрэгтэй хүүхэд байсан ч аяга угаадаг, гэрээ цэвэрлэдэг, хоолоо хийдэг, эмэгтэй хүүхэд байсан ч гаднах ажлаа амжуулаад сурчихаар, аливаа ажилд түүртэхгүй, хэцүү нөхцөл байдалд орсон ч, гарах гарцаа хайж олж чаддаг болгосон нь гол давуу тал гэж харж болох юм. Байгууллагаа удирдаж явахдаа асуудлыг зовлон гэж харалгүй ээжийн, эсвэл эгчийн сэтгэлээр хандахыг хичээдэг. Ээж нар угаасаа л бүгдийг болгодог доо, яг л тэр сэтгэлээр аливаа асуудалд хандахыг хичээдэг. Жишээ нь хэн нэг ажилтан ажлаа өгнө гэх юм бол, үнэхээр илүү нөхцөл сонирхоод явж байна уу, эсвэл өөр шалтгаан байгаа эсэхийг тодруулж, хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, ойлголцоогүй асуудал байвал тодруулж, харилцан ярилцаж шийдвэрлэх жишээтэй.

Нээрээ танай компанийн хүний нөөцийн эргэц хэр байдаг вэ? Ажилтнуудаа хадгалж үлдэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?

Манай компанийн хүний нөөцийн эргэц, харьцангуй бага хэр нь жолооч нарын эргэц их байдаг. Уурхайд ажиллаад их мөнгө олно гэж яваад, цалингаа бүтэн авч чадахгүй, эсвэл гэр бүлээсээ хол байхаар хэцүү байна, ганцаараа зүтгээд байхаар хамт олноо үгүйлээд байна, эргээд ажилдаа оръё  гэж ирэх нь элбэг байдаг. Үр хүүхдээ санаж бэтгэрч, олсон хэдийгээ амралтаараа үрж дуусгаад юм болгож чадахгүй явж байхаар, тогтмол цалингаа зөв зарцуулж, багахныг ч гэсэн хадгалж, хамт олонтойгоо хөгжилдөж явах нь хамаагүй сайхан байдаг юм байна гэж дүгнэж байгаа. Өдөрт 8 цаг ажиллаад, 5 цагт ажлаасаа тараад гэртээ очоод хүүхдүүдтэйгээ тоглож суух гэдэг ямар ч мөнгөөр хэн ч хэмжиж болохгүй сайхан зүйл гэдгийг хүмүүс минь ойлгоосой гэж хүсдэг. Манайхан ажлаасаа гарчихсан хэр нь компанийн бэсрэг наадам, шинэ жил, спортынхоо тэмцээн дээр ирчихсэн хамт олноо дэмжээд явж байгаа харагддаг. Нөгөөтээгүүр Улаанбаатар гурил компани байнгын шинэчлэгдэж, өсөж хөгжихийг хичээж ирсэн. Тэр ч утгаараа олон улсын стандартууд, менежментийн арга хэрэгслүүдийг хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн. Жишээ нь 5 S, Kaizeng –ыг хэрэгжүүлэх баг гарчихсан ажиллаж байна. Багт жолооч, үйлчлэгч, хүний нөөц, маркетинг, санхүүгийн хүмүүс оруулчихаар, нэгнийхээ ажлыг ойлгож, үр дүн гаргахдаа маш сайн байна гэж анзаараад байгаа. Жолоочийн зовлонг, санхүү ойлгохгүй, үйлчлэгчийн асуудлыг хүний нөөц нь ойлгохгүй бол ажил явахгүй шүү дээ. Тэднийхээ санаачилгаар бариа хийдэг цэгийг бий болгож, фитнесийн танхим байгууллаа, байнгын орон тооны эмчтэй болж, амралтынхаа цагаар унтах боломжтой өрөөг тохижууллаа. Энэ бүхнийг ганцхан удирдлага нь хийх ёстой гэвэл мөдгүй шүү дээ. Ажилтан бүрийн оролцоог хангаснаар, асуудлууд шийдэгдэж байна. Тэгээд ч манай ажилтнууд нэг үеэ бодоход өөрчлөгдөж байгаа нь илт харагдаж байна. Асуудлыг жижиг гэхгүй анзаарч, багтаа уламжилж, тэр жижиг асуудал нь шийдэгдэж, өгөөжөө өгч байгааг нь хараад бахархаж сууна.

Танайх ажилтнууддаа байр барьсан тухай мэдээ харагдаж байсан. Үнэхээр хамгийн том хэрэгцээ шүү. 

2018 онд эхний 30 айлын орон сууцыг, 2024 онд дахин 22 айлын орон сууцыг тус тус бариулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилтнуудаа олгоод байна. Ажилтнуудаа тогтоон барих бас нэг чухал хөшүүрэг болж байна гэж харж байгаа. Шинэ ажилтны бүтээмж, 3 жилийн туршлагатай ажилтны бүтээмж ямар байх уу? Тэгээд харьцуулж үзээд, ажилтнууд маань ажилдаа сэтгэл ханамжтай, ар гэртээ санаа зовохгүй бол урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Нөгөө талаараа шинэ ажилтнуудаа бэлтгэхдээ социализмын үе шиг захиалгаар бэлдэх асуудал байхгүй болохоор, хувийн хэвшил улсынхаа ачаанаас үүрэлцэж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, цалин авангаа суралцаж, хөгжих боломжийг олгож байна. 

Та бүхнийг ажилтнуудынхаа өмнө төдийгүй нийгмийнхээ өмнө хариуцлагатай ажилладгийг тань харсан. Эдгээр ажлуудын өгөөжийг хэмжихэд хэцүү санагддаг. Тэр тухайд

Өглөгийг мөнгөтэй нь биш сэтгэлтэй нь өгдөг гэдэг дээ. Түүн шиг бид ганцхан компаниа гэхээс илүүтэйгээр боломжоороо нийгэмдээ тустай байхыг хичээж ирлээ. Зөвхөн өнгөрөгч он гэхэд нийтдээ 200 гаруй сая төгрөгийг Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд зарцуулсан байна. Үер ус, гал түймэр, цас зудын үед боломжоороо хандив өргөж ажиллалаа. Хамтран ажилладаг сумынхаа ойг тохиолдуулан, сургуулийг нь унаатай болголоо, тусламж хэрэгтэй ахмадуудад сар шинийн бэлтгэлд нь нэмэр болгож бэлэг тогтмол хүргүүлж байна гээд дурдаад байвал олон байна. Хамгийн гол нь байгаа зүйлээ хуваалцдаг, хэцүү цагт нь, тусламж хэрэгтэй үед нь боломжоороо туслахыг хичээж явна даа. Энэ бүхний ард өнөөдрийн борлуулалт мэдэгдэхүйц өсөхгүй байж болох ч, тус болсон хүмүүсийн минь талархсан сэтгэл эргэж ирнэ гэдэгт итгэдэг.

Монгол Улс хөгжих гарцыг та яг юу гэж харж байна? 

Хүмүүс улс төрчдийг л хөгжүүлчих юм шиг ярьж бичиж, хүлээх юм. Яг үнэндээ хийж байгаа яг өмнөх ажлаа сайн хийчихвэл хөгжих боломжтой л гэж хардаг. Ямар ч ажлыг сэтгэл зүрхээ зориулж хийдэг, эсвэл хуруугаа уншуулаад, хийсэн болоод явдаг 2 хүний бүтээмж хэр байх вэ? Хөгшин залуу гэх ялгаа алга. Таван хүний 2 нь аргацаасан байдлаар амьдарч байна. Манайд ч ялгаа алга. Ажлаа хичээгээд сайн хийж байгаа хүн, олон юм яриад аргацаагаад яваад байгаа хүнийг удирдаж байгаа хүн ялгаж харж л байгаа. Харамсалтай нь наагуураа олон юм яриад ажил хийж дүр үзүүлдэг хүмүүс байсаар л байна. Инээдтэй 1 жишээ хэлэхэд “нэг нөхөр үйлдвэрээс хулгай хийчхээд баригдахаараа УИХ-ын 76 гишүүн  хулгай хийж байхад, би хийхэд яадаг юм” гэнэ. Эрүүл хүн ингэж бодох уу? Үнэнчээр, хөлсөө дуслуулан ажиллаж ажиллаж байгаа хамт олноосоо хулгайлж байгаагаа ч ойлгохгүй болтлоо, толгой нь эргэсэн байгаа нь харамсалтай. Тэгэхээр улсын хөгжил бидний ухамсар хандлага, төлөвшилд л байна. Манай группийн уриа “Өдөр бүр бүх чадлаараа”. Хааяа нэг биш, өдөр бүр, хэр тааруухан биш бүх чадлаараа гэж байгаа биз. Тэгэхээр үнэхээр хичээж чадсан хүнд боломж байна. Хүнд ур чадварыг суулгаж болдог ч, харин хандлагыг хөндлөнгөөс өөрчлөх боломжгүй. Үнэхээр Монгол улсаа хөгжүүлэх хүсэл байгаа л бол хүн бүр өөрийнхөө өмнөхийг хичээгээд сайн хийчихмээр байна.  

Таван Богд Группт ажиллах ямар вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе дөө. 

Дахиад хэлэхэд “Өдөр бүр бүх чадлаараа” хичээж ажилладаг. Ажлыг аргацааж, хийсэн харагдаж явах боломж байхгүй. Үнэлгээний систем зөв шударга болохоор үнэхээр ажлаа сайн хийж байгаа, туршлага багатай ч, хичээл зүтгэл сайтай нь ялгараад л гараад ирнэ. Үр хүүхдүүд эцэг эхийнхээ толины тусгал байдаг шиг, ажилтнууд ч гэсэн удирдах ажилтнуудаасаа үлгэр дуурайлал авч ажилладаг. Том байгууллагыг соёл нь удирддаг гэдэг дээ. Зөвхөн удирдах ажилтан ч гэхгүй манай группийн хувьд өндөр хурд, өндөр бүтээмж, тухтай ажлын байр гэж тодорхойлж болно.  Ажлын цагтаа ажлаа сайн хийчхээд, ар гэртээ, өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зориулдаг соёлд суралцаж явна. Нээрээ санасан дээрээ хэлэхэд ойрын хугацаанд хамт олныхоо санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхийг хүсэж байгаа. Цалин буунгуут хамаагүй зарчхаад, 10  хоногийн дараанаас хүнээс зээлээд явбал хэзээ хуримтлал үүсгэх вэ дээ. Тиймээс системтэйгээр сургаж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Манай группийн сургалтын систем сайн хөгжсөн учир зүгээр өнөөдөр өөртөө байгаадаа сэтгэл ханадаггүй, хөгжих хүсэлтэй хүмүүст боломжийг олгодог гэж хардаг шүү.

Цаг заваа зориулан сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай