Мэдээ мэдээлэл | September 20, 2021

Мэдээлэл технологийн “Hackateen” олимпиадад Ток Ток баг түрүүллээ

Улсын хэмжээний хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй Мэдээлэл технологийн “Hackateen” олимпиадын төслийн шатны шалгаруулалт 9-р сарын 19-ны өдөр “Digital Nation” арга хэмжээний үеэр болж өнгөрлөө. Ток Ток багийн сурагчид олон хоногийн уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул, бүтээлч санааныхаа үр дүнд төслөө амжилттай танилцуулж, 1-р байранд шалгарсан юм. 

ШИЛДЭГ ТӨСЛӨӨР Н. ГАЛ МЕНТОРТОЙ “ТОК ТОК” БАГИЙН “WU” АПП

Энэхүү олимпиадад 21 аймгийн 600 сурагч өрсөлдөж, 1-р шатанд шалгарсан 77 сурагч 7 багт хуваагдаж, ивээн тэтгэгч байгууллагуудын ментороос чиглүүлэг аван төсөл боловсруулж өрсөлдсөн. Ток Ток багийн сурагчдад Ток Ток-н IT-н албаны дарга Н.Гал болон бусад албаны ажилтнууд ч санаагаа нэмэрлэж, хамт олноороо дэмжин оролцлоо. Шүүгчдийн зүгээс энэхүү төслийг заавал хэрэгжүүлээрэй гэж захисан ба боломжит бүх тусламж дэмжлэгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Төслийн гол зорилго нь яаралтай түргэн тусламж дуудах үйл явцыг илүү хялбарчлах байсан юм. “WU” апп нь маш богино хугацаанд мэдээллийг ойр байгаа дотнын хүмүүс, холбогдох төрийн байгууллагуудад баримт нотолгоотой нь дамжуулж, олон хүний амь насыг хамгаалах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн зөвхөн тусламж дуудаад зогсохгүй сэтгэл зүйн зөвлөгөө, өөрийгөө шалгах тест, тусламжийн сан зэрэг олон нэмэлт функц багтаасан байна. “WU” нэр нь биднээс чамд гэх утгыг агуулахаас гадна түргэн тусламжийн дуут дохиог илэрхийлсэн нь шүүгчид болоод сонссон хүн бүрд таалагдсан юм. Мөн “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” хэмээх Монголчуудын эртнээс билэгдэж ирсэн зүйр үгийг уриа үгээрээ сонгосон нь онцлууштай.

Төслийн 2-р байранд Ард баг, 3-р байранд Скайтел компанийн багууд тус тус шалгарсан юм. Энэхүү төсөлд оролцож, гайхалтай санаагаа танилцуулсан сурагчдадаа бүгдэд нь баяр хүргэж, амжилт хүсье! Мөн мэдээлэл технологийн хамгийн том олимпиадыг зохион байгуулагч Nest Education IT School-н хамт олон болон бүх ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлалаа.

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай