“ТАВАН БОГД ХОЛДИНГС ХХК'' “ГОВЬ” ХК-ИЙН 84.29 ХУВИЙН ЭЗЭМШИГЧ БОЛОВ
Монголын Хөрөнгийн Биржийн 2024 оны 3 сарын 15-ны өдрийн арилжаагаар ГОВЬ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК нь ГОВЬ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох Япон Улсын “Хиде Интер” ХХК-иас 33.00%-ийн хувьцааг худалдан авснаар ГОВЬ ХК-ийн 84.29%-ийн хувьцаа эзэмшигч болж байна. Ингэснээр Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох ноолууран эдлэл үйлдвэрлэгч үндэсний компанийн дийлэнх хэсгийг 100 хувь Монгол хөрөнгө оруулагч эзэмших боллоо.
ГОВЬ ХК нь малчны гар дээрээс түүхий эдээ бэлтгэн, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл дамжлагыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг үндэсний хэмжээний компани билээ. Олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд монгол ноолуурын загвар, чанараар танигдаж, дэлхийн хүн зоныг Монгол ноолуураар гоёх эрхэм зорилгод хүрэх боломж илүү их байна гэж үзэн энэхүү хөрөнгө оруулалтыг Таван Богд Холдингс компани хийлээ.
Говь ХК нь бүхий л оролцогч талуудынхаа эрх ашгийг дээдэлж, засаглалын сайн туршлагуудыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод нээлттэй, шударга зарчим баримтлан ажиллаж, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийнхээ хувьд тогтвортой бөгөөд урт хугацааны үнэ цэнийг бүтээж, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан дэлхийн №1 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулагч компани болж, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Таван Богд Холдингс ХХК итгэл төгс байна.



