Кемпински Хаан Палас зочид буудал хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн төлөө "BE HEALTH" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Kempinski Hotel Khan Palace, Ulaanbaatar нь ''Тогтвортой хөгжлийн зорилт''-ын хүрээнд BE HEALTH хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлж ажиллана.
Дэлхийн 36 оронд 80 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Кемпински сүлжээ зочид буудал, ресорт нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 20 гаруй хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийг санаачлан дэлхий даяар хэрэгжүүлдгээс Монгол дах Kempinski Hotel Khan Palace, Ulaanbaatar буудал нь 2024 онд Мишээл Кидс сантай хамтран BE HEALTH хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийг нээж, олон нийтэд танилцуулах арга хэмжээг 4 сарын 9-ний өдөр зохион байгуулж Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д. Хулан, Кемпински Хаан Палас Зочид буудлын Ерөнхий менежер Ц.Тамир, Швейцарын Консулын газрын дарга, Доктор Стефани Бурри нар болон бусад зочид төлөөлөгч нар оролцсон ба нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдлаас дурдвал;
Кемпински Хаан Палас зочид буудлын зүгээс:
Зочид буудлаар үйлчлүүлсэн зочин бүрээс сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр байршсан хоног тутамд 1 ам.доллартой тэнцэхүйц мөнгөн дүнг цуглуулж BE HEALTH хөтөлбөрт хандивлах BE Health санг үүсгэлээ.
2024 оны 4 сарын байдлаар цугларсан 9 сая төгрөгийг Мишээл Кидс сангийн үндэслэгч хатагтай Габриелла Шмитд гардуулан өглөө. Швейцарын Консулын газрын дарга, Доктор Стефани Бурриг BE Health хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр өргөмжлөн гэрчилгээг гардууллаа. Мөн Таван Богд Интернэйшнл компани, Colgate брэндийн зүгээс тус хөтөлбөрийг дэмжин 100 хүүхдийн 1 жилийн хэрэглээний ам арчилгааны бүтээгдэхүүн хандивлалаа.

BE HEALTH хөтөлбөр нь олон улсад чанар, хяналт, үнэлгээний стандартад нийцсэн эрүүл мэндийн төслүүдтэй хамтран ажилладаг бол Монгол улсад Kempinski Hotel Khan Palace, Ulaanbaatar нь “Шүдний эрүүл мэнд”-ийг дэмжих зорилгоор Мишээл Кидс сантай хамтран Монголын алслагдмал аймгууд болон захын дүүргүүдээр байдаг шүдний эмчилгээ, үйлчилгээ авах боломжгүй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг түгээх эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах зорилготойгоор ажиллаж байна.
Кемпински Хаан Палас зочид буудал нь цар тахлын өмнө энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэн 50 гаруй сая төгрөгийн бэлэн болон бэлэн бусаар дэмжлэг, тусламжийг үзүүлж ирсэн бөгөөд 2024 онд дахин хэрэгжүүлж байгаа юм.




