Мэдээ мэдээлэл | July 16, 2020

БАЙНГЫН САЙЖРУУЛАЛТ НЬ ХУРДТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Группийнхээ нийт ажилтнуудад аялалын сонин хачинаа хөөрөлдөж, аяны богцоо задалсан захирлууддаа талархахын хамт Та бүхнийг энэхүү бяцхан ярилцлагыг шимтэн уншихыг урьж байна.

- Та бүхэн ямар ажил амжуулахаар Итали орныг зорьсон бэ?
Таван Богд Трэйд компани нь "Газар Сүлжмэл" ХК-ийн хяналтын багцыг худалдан авч, Duty Free буюу татваргүй барааны дэлгүүр ажиллуулахдаа дэлхийд алдартай DFS групптэй хамтран ажиллах юм. Бизнесийн хамтрагчийнхаа урилгаар Венецийн сүр жавхлант барилга болох Fondaco dei Tedeschi- д нээгдсэн татваргүй барааны дэлгүүрийн нээлтэнд оролцоод ирлээ.
1228 онд анхны суурь нь тавигдсан түүхэн дурсгалт байрыг алдартай архитектерчид барилгын өмнөх загварыг хадгалж, зарим деталыг өөрчлөн сүүлийн 7 жилийн турш сэргээн засварлаж, Fondaco хэмээх 72,355м2 талбайтай орчин үеийн дээд зэрэглэлийн худалдааны төвийг байгуулсантай танилцсан. Мөн Италид очсон дээрээ дэлхийн "Ноолуурын хаан" Brunello Cucinelli болон бусад хүмүүстэй уулзаад ирлээ.


- Интернэтээс "king of cashmere" гэж бичингүүт л энэ хүний түүх намтар, ярилцлага гарч ирэх юм.
Эерэг энерги цацраасан мөрөөдөмтгий нэгэн санагдсан. Төрж өссөн жижиг тосгоныг нь залуус орхиод, хөгшчүүл нь үлдээд байсан тул төрөлх тосгондоо өөрийн брэндийн нэрийн дэлгүүрээ нээсэн. Энэ дэлгүүрийг нь холын холоос хүмүүс зорьж очдог. Ингээд зогсохгүй тосгоныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан музей, театр, брэндийнхээ үйлдвэр, оёдлын сургууль, дотоод засал чимэглэл, цэцэрлэгчийн сургууль байгуулсан. Үйлдвэр нь өдрийн гэрлийн оронд байгалийн гэрэлтүүлгийг илүү их ашигладаг. Ер нь бүхнийг өвөрмөц, сонирхолтойгоор шийдэхийг зорьж, хүмүүст урам зориг өгдөг, мөрөөдлөө бүтээж байгаа гайхамшигтай хүн санагдсан. Brunello Cucinelli Японд болсон газар хөдөлтийн дараа тэр тосгоны хүүхдүүдийг өөрийн төрөлх хотдоо авчиран сургалтанд суулгасан. Сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа тэр хүүхдүүдэд маш их хүсэл тэмүүллийг өгсөн. Жижиг тосгонд төрсөн ч өнөөдөр дэлхийг байлдан дагуулж, эргээд төрөлх тосгондоо ямар их зүйл хийж болохыг харуулсан. Энэ бүхнээс санаа аваад Brunello Cucinelli болон Говь ХК хамтраад төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байна.


- Нууц биш бол та энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач. Их гоё төсөл санагдсан.
Монгол малчин айлын, тэр тусмаа говьдоо ямаа малладаг ямаачин хүүхдүүдийг Италид аваачиж, өөрсдийнх нь өсгөдөг ямааны ноолуур буюу "ургадаг алт" хэмээх байгалийн тэр нэгэн баялаг хэрхэн алдартай бүтээл болж, дэлхийн хүн зонд таашаал, мэдрэмж өгч болдгийг харуулах төсөл хэрэгжүүлэхээр ярьж байна. Монгол ноолуураараа дэлхийд алдартай бүтээгдэхүүн хийж болох тэр боломжийг хүүхдэд бага наснаас нь ойлгуулах, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой.


- "Ноолуурын хаан" маань монголчууд бидний тухай ямар ойлголттой байсан бэ?
Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гайхамшигтай сайхан түүхий эд нь танайд байгаа учраас илүү ихийг хийх боломж байгаа гэж онцолсон. Мөн Чингисийн үед Итали цэргүүдийн 10 хоног туулах газрыг монгол цэргүүд 2 хоногт туулж чаддаг байсан Тэдэнд гайхамшигт хурд байсан. Тиймдээ ч дэлхийн талыг байлдан дагуулсан. Харин өнөөдөр монголчуудын хурд саарсан. Италичууд бид хурдтай учраас ноолуураар дэлхийд тэргүүлж байна гэж тодорхойлсон. Энэ хүний тодорхойлолт энгийн нэг дүгнэлт байгаагүй, Итали хүмүүстэй уулзах бүрт мэдрэгдэж байсан.


- Өөр олон хүмүүстэй уулзсан байх даа. Энэ тухайгаа тодорхой ярьж өгнө үү?
Ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай Colombo компанийн захирал Роберто Коломбо-той уулзаж, өдрийн хоол идэнгээ ярилцсан. Тэрээр: - Монгол ноолуур бол чанараараа дэлхийд гайхагддаг. Чанартай түүхий эдээр хамгийн гоё зүйлийг л хийх хэрэгтэй. Монголчууд дэлхийд өөрсдийн бүтээгдэхүүнээр танил болох ёстой. Ойрын хугацаанд хийж болох хамгийн боломжит салбар бол ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж дүгнээд хамтран ажиллахад бэлэн гээд тэд биднээс ноолууран утас аваад, тэр утсаараа драп болгоод буцаагаад явуулая гэсэн. Энэ хүнтэй уулзаад 7 хоноогүй байхад эхний 3 загвар Fedex илгээмжээр Говь ХК-д ирсэн. Хурд гэдгийг энэ хүмүүсээс л харлаа гэдгээ дахин онцолмоор байна.
Мөн хүн бүхний дуртай брэнд Dolce Gabbana-ийн гүйцэтгэх захирал Alfonso Dolce гэж хүнтэй уулзсан. Уулзалтын хугацаа ердөө 30 минут л байсан. Гэхдээ ийм богино хугацааны ажлын уулзалт маань ажил хэрэг болох болов уу гэж эргэлзэж байсан ч 7 хоногийн дараа гэхэд энэ компанийн зүгээс Говиос ноолууран утас авах тухай амжилттай гэрээ хийгдсэн. Тэд үнэхээр хурдтай ажиллаж чадаж байна, тиймээс тэднийг дэлхий хүлээн зөвшөөрч байна.
ГОВЬ ХК-ийн хувьд, группийн хувьд бид тасралтгүй сайжруулалтуудыг хийж байгаа, спортоор бол марафон гүйлт шиг зогсолтгүй ажиллаж байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Гэхдээ гүйлтийнхээ хурдыг бид нэмэх ёстой юм байна гэсэн сэтгэл төрж байна. Тиймдээ ч энэ аялалынхаа хугацаанд Говийн салбар дэлгүүрийг Германд байгуулахаар ярьж тохирсон. Богинохон хугацаанд дэлгүүрээ байгуулах газараа сонгоод, ажиллуулах хүнтэйгээ гэрээгээ хийгээд, дэлгүүрийн нээлтээ 11 сарын 21 нд хийхээр төлөвлөн ажиллаж байна.


- Та хоёр 2007 онд Италид очиж байсан, сая очоод ирлээ. Энэ хоёрын хооронд ямар ялгаа анзаарагдсан бэ?
Тэр үед сүлжмэлийн үйлдвэрийн хүчин чадал, чанар, загвар дээр илүү их анхаарч байсан. Харин өнөөдөр Италид очиход бүх зүйл өөрчлөгдсөн, нэхмэл тал руугаа илүү хөгжиж байгааг харлаа. Мөн бид ч гэсэн дэлхийд танигдаж байгаа гэдгээ мэдэрсэн. Говь брэндийг маань дэлхийн хүмүүс мэддэг болжээ. Бидэнд боломж байна, дэлхий нийт биднийг хүлээн авах боломжтой байна гэсэн урам зоригтойгоор ирлээ.


- Та бүхэн аялалаас олсон олз омогоо цөөн үгэнд багтаагаад бидэнд хэлээч гэвэл:
Хүн том мөрөөдөлтэй байх ёстой. Түүндээ хүрэх их тэмүүлэлтэй байх ёстой. Байнга өөрөөсөө илүү мундаг хүмүүстэй уулзаж, тэднээс санаа авах, өөрийгөө хурцлах ёстой юм байна. Мөн хамгийн чухал зүйл бол ХУРД гэдгийг, байнгын сайжруулалт нь ХУРДтай байх хэрэгтэй гэдгийг дахин ойлголоо. Мөн хүн аялж, шинэ зүйлсийг үзэж, шинэ санаа олох ёстой юм байна.
Ухаарал нэмсэн, шинэ хүсэл тэмүүлэлд уриалсан ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай