11 САРААС ЭХЛЭН КУЗОВ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛНЭ
Манай борлуулалт, засвар үйлчилгээний хэлтэс маань Toyota автомашин борлуулалт, мөн автомашины засвар үйлчилгээ, Bridgestone дугуй, Yuasa брэндийн аккумуляторын борлуулалт гэх үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Автомашин борлуулалтыг 2013 оны 3 дугаар сараас эхлэн явуулж, өнөөг хүртэлх хугацаанд нийт 2,386ш автомашин борлуулаад байгаа нь албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг 3 компани дотроо 75% эзэлж байна.
Бид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн автомашины загвар, тоноглол, өнгө зэргийн сонголтыг өргөн байлгаж, шинэ төрөл загварыг тогтмол санал болгох боломжийг хайн ажиллаж байна.
Засвар үйлчилгээний төв маань 2015 оны 4 дүгээр сард албан ёсоор нээлтээ хийснээс хойш Toyota болон Lexus брэндийн бүх төрлийн автомашинд чанартай засвар үйлчилгээг баталгаат сэлбэгийн хамтаар санал болгон үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн борлуулсан болон зах зээл дээр буй бусад төрлийн нийт 19,000 гаруй автомашинд засвар үйлчилгээ үзүүлж нийт албан ёсны засварын төвүүдийн үйлчилгээний 60%-г эзлээд байгаа юм. Бид харилцагч нартаа илүү өргөн хүрээний засвар үйлчилгээг санал болгох үүднээс нано өнгөлгөөний үйлчилгээг нэвтрүүлсэн ба энэ оны 11-р сараас эхлэн кузов засварын үйлчилгээг эхлүүлэхээр тоног төхөөрөмжийн болон боловсон хүчний бүрдэл, сургалт хөгжлийг ханган бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Дугуй, аккумуляторын борлуулалтын алба маань чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг харилцагч нартаа санал болгож, урт хугацааны үнэнч харилцагч нарыг бий болгож, автомашины салбарт цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилтын маань томоохон хэсэг болон ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн богинохон хугацаанд бий болгосон бүтээн байгуулалт, гаргасан амжилт маань ажиллагсдын маань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой гэж боддог. Мөн бидний үйл ажиллагааг ямагт дэмжиж, санхүүгийн боломж болон алсын хараатай удирдлагаар хангаж байдаг Таван Богд Групп-н удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийлэх нь зүйн хэрэг юм.
Цаашид улам илүү амжилт гаргаж, зах зээл дээрх үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд бид өдөр тутмын үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж, хүн бүр оногдсон ажлаа чанартай гүйцэтгэн, хэрэглэгчдийнхээ хүндлэлийг хүлээсэн, үйл ажиллагаагаараа салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалахаар чармайн ажиллаж байна.



