ТАВАН БОГД ГРУППИЙН САНХҮҮЧ БАЙХ ЯМАР ВЭ?
ТАВАН БОГД ГРУППИЙН САНХҮҮЧ БАЙХ ЯМАР ВЭ?
ГАХАЙНЫ ЗУРАГТАЙ НОМ
Миний нэрийг Сайнбаяр гэдэг ба 2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Банк, санхүүгийн салбарт 4 жил ажилласан ба Таван Богд Группт 2 дахь жилдээ ажиллаж байна. Эргээд харахад санхүүч мэргэжлийг сонгох суурь 4-р ангид тавигдсан гэж хэлж болох юм. Тухайн үед “Мөнгө гэж юу вэ” гэдэг мөнгөний гахайн зурагтай номыг уншсанаар санхүү, эдийн засагт татагдаж эхэлсэн. Тэр номоос анх 72-н дүрэм, эрэлт, нийлүүлэлт зэргийн тухай уншиж, ихээхэн гайхширч билээ.
АЖЛЫН ЗАМНАЛ
Сургуулиа төгсөөд туршлага, мэдлэг чадвар бага тул мэдээлэл, судалгааны ажилтнаас эхэлж байсан. Үүнээс хойш өөрийгөө хөгжүүлж эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, санхүүгийн менежер зэргээр ажилласан ба одоогоор группийн Санхүү удирдлагын газрын санхүүгийн менежерээр ажиллаж байна. Группийн санхүүгийн менежер тухайлсан 1 компани биш, группийн 20 гаруй охин компани дээр ажиллаж, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлдэг.
САНХҮҮЧ БОЛОХ АМАРХАН
Санхүү менежментийг зарим хүн уйтгартай ажил гэж боддог боловч үнэндээ хамгийн сонирхолтой, хорхой гозолзуулсан ажлуудын нэг юм. Мөн төвөгтэй математик шаардлагагүй буюу ердөө л нэмэх, хасах, үржих хуваах үйлдэл хийнэ шүү дээ. Компанийн санхүү удирдах нь ар гэрийн санхүү удирдахаас зөвхөн мөнгөний хэмжээгээрээ л ялгаатай.
︎САНХҮҮЧ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Компанийн борлуулалт, хүний нөөц, маркетинг зэрэг олон үйл ажиллагаа нь бүгд эцсийн дүндээ санхүү дээр базагддаг ба дийлэнх шийдвэр гаргалтууд санхүүгийн үр дүнд үндэслэдэг. Тийм ч учраас санхүүч хүний гол ажил нь удирдан манлайлж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
ГРУППТ АЖИЛЛАХЫН ДАВУУ ТАЛ
Одоогоор группийн 8 салбарын 20-иод компанид 40 гаруй санхүүч ажиллаж байна. Эдгээр санхүүчид тогтмол уулзаж, хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцдаг. Бусад компаниудын хувьд даргаас өөр чиглүүлэх хүн байдаггүй бол манай группт чамд туслах, хамтдаа сурч хөгжих 40 гаруй хүн байгаа гэсэн үг юм. Үүний ч ачаар энэхүү 2 жилийн хугацаанд өмнөх 4 жилээс илүү их сурч, хөгжсөн гэж өөрийгөө дүгнэдэг.
ЦАГ НАРГҮЙ ИХ АЖИЛ БАЙДАГ УУ?
Манай санхүү удирдлагын газрын ажилчид бүгд яг цагтаа тардаг ба бусад газраас ялгаатай нь “тарцгаая л даа” гэдэг үгийг манай дарга хамгийн түрүүлж хэлдэг.
Ажлын цагаар зөвхөн ажилдаа л бүрэн төвлөрөх юм бол илүү цагаар суух шаардлага гардаггүй. Энэ нь хоол идэж байхдаа утас ширтэхгүй байхтай л адилхан.




