"ӨНТЭЙ ӨВӨЛ” ХАНДИВЫН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Таван Богд Финанс ББСБ ХХК болон Таван Богд Нура ХХК хамтран зохион байгуулсан “ӨНТЭЙ ӨВӨЛ” хандивын аян 2025 оны 12 дугаар сарын 11–16-ны өдрүүдэд амжилттай хэрэгжиж, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд бодит дэмжлэг үзүүллээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж буй салбаруудын нэг болох хувцас үйлдвэрлэлийн салбартай холбоотойгоор хариуцлагатай хэрэглээг дэмжих, дахин ашиглалт, хандивын соёлыг түгээх зорилгоор уг аяныг хэрэгжүүлсэн юм. Аяны хүрээнд Таван Богд Группийн ажилтнуудын идэвхтэй оролцоогоор шинэ болон өмсөхөө больсон боловч дахин хэрэглэх боломжтой өвлийн дулаан хувцас, хүүхдийн тоглоом, ахуйн хэрэгцээний эд зүйлсийг цуглуулж, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд хандивлав.
Тус аянд группийн хэмжээнд +100 кг хувцас, хэрэгцээт эд зүйлс цугларч, 50+ хүүхэд өвлийг дулаан, өнтэй өнгөрүүлэх бодит дэмжлэгийг авч чадсан нь аяны хамгийн том үр дүн байлаа.

Мөн “ӨНТЭЙ ӨВӨЛ” хандивын аянд Таван Богд Группийн 6 брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хувь нэмрээ оруулав. Үүнд:
- KFC - Эрхийн бичиг
- Pizza Hut - Халуун бүтээгдэхүүн
- Улаанбаатар Принт / Мэдлэгтэй дэвтэр - Дэвтэр, хүүхдийн хичээлийн хэрэгслийн багц
- Monbeef - шимтэй, зөөлөн шүүслэг махан бүтээгдэхүүн
- UB Rice- Бэлэн бүтээгдэхүүн
- Улаанбаатар Гурил - Бэлэн бүтээгдэхүүн
Эдгээр брэндүүдийн оролцоогоор нийт +5,000,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдэд шаардлагатай хүнс, бүтээгдэхүүнийг “Эрдэм төв” асрамжын газар, “Өгөөмөр хайр” төсөлд хандивлаж, зорилтот бүлгийн гэр бүлүүдийн өдөр тутмын хэрэгцээнд бодитой дэмжлэг үзүүлсэн юм.
“ӨНТЭЙ ӨВӨЛ” аян нь зөвхөн хандивын үйл ажиллагаа байгаад зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулах, нийгэмд хариуцлагатай хэрэглээ, халамжийн соёлыг түгээх чухал санаачилга болж хэрэгжлээ. Ажилтан бүрийн сэтгэл, оролцоо нэгдсэнээр олон хүүхдэд итгэл, урам зориг, шинэ жилийн дулаан мэдрэмжийг бэлэглэсэн нь уг аяны хамгийн үнэ цэнтэй үр дүн байв.
Цаашид “ӨНТЭЙ ӨВӨЛ” хандивын аяныг нэг удаагийн санаачилга бус, тогтмол хэрэгжих, илүү өргөн цар хүрээтэй нийгмийн хариуцлагын бодит хөтөлбөр болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Ирэх жилүүдэд аяны хамрах хүрээг тэлж, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлүүдийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ группийн хэмжээнд болон хамтрагч байгууллагуудын оролцоог өргөжүүлэн, илүү тогтвортой, илүү үр дүнтэй хэлбэрээр хэрэгжүүлэх зорилт тавиад байна.
Энэхүү санаачилга нь зөвхөн өвлийн дулаан хувцас, хэрэгцээт зүйлсийн хандивт хязгаарлагдахгүй бөгөөд хариуцлагатай хэрэглээ, дахин ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн урт хугацааны нийгмийн үнэ цэнийг бий болгох томоохон ажлын эхлэл байх болно.
ӨНТЭЙ ӨВӨЛ БИДНЭЭС ЭХЭЛНЭ.
Хамтын хүч Амжилтын түлхүүр



