“Говь” ХК ажилчдадаа зориулан байгууллагын дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна
Энэ тухай "Говь" ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа:
"Салбартаа тэргүүлэгч “Говь” ХК тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлдэг. Бид ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх тэгш байдлыг ханган, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг.
Энэ хүрээнд бид Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн харьяа 100 хүүхэд хүлээн авах чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг байгуулж, 9 сарын 1-ээс хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр залуу гэр бүлүүд ар гэр, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажилдаа төвлөрөөд, бүтээмжтэйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ" гэлээ.

Говь компани 1500 гаруй ажилтантай бөгөөд тэдний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд мөн өрх толгойлсон болон гэр бүлээрээ компанидаа ажилладаг залуу хос олон байдаг бөгөөд ажилчдынхаа дунд явуулсан судалгаагаар сургуулийн өмнөх насны нийт 400 гаруй байсны 200 орчим нь цэцэрлэгт бүртгүүлжээ.
Тиймээс одоо байгуулж буй байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ 2-3 нас, 3-4 нас, 4-5 насныханд зориулсан гурван бүлэгт 100 хүүхэд хүлээн авч ажиллахаар төлөвлөж байна.
Уг цэцэрлэг нь улсын цэцэрлэгийн салбар бүлгэм болох учраас яг л тэр зарчмаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажилтнуудын хүүхдүүд тус цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаж байгаа ба "Говь" ХК-иас цэцэрлэг байгуулах бүх зардал, мөн явцын дунд гарах цахилгаан дулааны төлбөр төлөх бол улсаас багш нарын цалин, хоол хүнсний зардлыг гаргаж, заах арга зүйгээр хангаж ажиллахаар төлөвлөж байна.
Тус цэцэрлэгт хүүхдээ явуулахаар төлөвлөж буй Сүлжмэлийн үйлдвэрийн гар оёдолчин М.Энхсаруул:
"Би "Говь" компанид ажилд ороод нэг жил болж байна. Дөрвөн хүүхдийн ээж. Бага хүүхэд маань энэ жил цэцэрлэгт орно. Ажлын ойролцоо байгууллагын цэцэрлэг нээнэ гэдэг ажилчдын хувьд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Бид маш баяртай байна" гэлээ.
Одоогоор цэцэрлэгийн барилгын ажил дуусаагүй байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс ажилчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч эхлэхээр төлөвлөн ажиллаж буй юм байна.

#ТаванБогдГрупп #ГовьХК



