Улаанбаатар Гурил ХХК болон АХБ хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана
Улаанбаатар хот , 2025 оны 5-р сарын 7 - Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Улаанбаатар Гурил ХХК стратегийн шинэ хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Талууд гурван жилийн хугацаатай, 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын улаан буудайн дотоодын хангамжийг тогтворжуулах зорилт тавьж байна. Энэхүү санхүүжилтээр Улаанбаатар Гурил ХХК дотоодын тариаланчдаас, тэр дундаа жижиг аж ахуй болон эмэгтэй тариаланчдаас улаан буудай худалдан авч, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлнэ.
АХБ-ны Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Шэннон Коулин “Гурил бол Монгол өрх бүрийн хүнсний хэрэглээний үндсэн бүтээгдэхүүний нэг. Улирлын чанартай ургац хураалт, цаг уурын сорилт зэрэг нь дотоодын улаан буудайн хангамжийг тогтворгүй байдалд оруулж байна. Энэхүү төсөл нь зөвхөн үйлдвэрлэлийг дэмжихээс гадна эмэгтэй тариаланчдын оролцоог нэмэгдүүлж, илүү хүртээмжтэй, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн салбар хөгжүүлэх чухал алхам юм” хэмээлээ.
Төслийн хүрээнд нийт 250 орчим жижиг аж ахуйн нэгж тогтмол худалдан авагчтай болох бол Улаанбаатар Гурил ХХК худалдан авалтын бодлогодоо жендерийн тэгш байдлыг шингээж, эмэгтэй ханган нийлүүлэгчдийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллана.
Мөн АХБ 500 мянган ам.долларын нэмэлт санхүүжилтээр газар тариалан эрхлэгчдийн санхүүгийн боловсрол, тогтвортой хөдөө аж ахуйн аргачлалын сургалтуудыг хэрэгжүүлж, хөрсний үржил шим, усны менежмент, хортонтой тэмцэх арга барилын тухай мэдлэг олгохоор зорьж байна. Энэ нь АХБ болон Улаанбаатар Гурил ХХК-ийн гурав дахь удаагийн хамтын ажиллагаа бөгөөд Таван Богд Группийн хувьд АХБ-тай хэрэгжүүлж буй дөрөв дэх төсөл болж байна.
Хүнсний аюулгүй байдал АХБ-ны бүс нутгийн хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд тус банк 2022–2030 оны хооронд уг салбарт нийт 40 тэрбум ам.долларын санхүүжилт зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь зөвхөн Монголын биш, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт юм.





