Мэдээ мэдээлэл | May 9, 2025

Таван Богд Групп АХБ-ны 58 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо

2025 оны 5-р сарын 4-7-ны өдрүүдэд Италийн Милан хотноо болсон Азийн Хөгжлийн Банкны (АХБ) 58 дахь удаагийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Фермийн аж ахуйн хамтын ажиллагаа - Хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаанд Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан урилгаар оролцож илтгэл тавилаа. 
 

Тогтвортой хөдөө аж ахуйн түүхий эдийн салбарт тэргүүлэгч ECOM компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулагдсан уг хурлаар фермийн аж ахуйн хамтын ажиллагаа хүнсний аюулгүй байдалд үзүүлэх чухал нөлөө, амжилттай хэрэгжих боломжуудын талаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Д.Хулан Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тэр дундаа мал аж ахуй, ноос ноолуурын салбарын хөгжлийн боломж, сорилтуудын талаар танилцууллаа. 
 

Дэлхий даяар нийт 450 сая жижиг фермийн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 гаруй хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрч байна. Иймд фермерүүдийн хамтын ажиллагаа орон нутгийн болон олон улсын зах зээлд гарч, тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд АХБ болон Улаанбаатар Гурил ХХК хамтран жил ирэх тусам өсөж буй Монголын дотоодын гурилын хэрэгцээг орон нутгийн улаан буудайн тариалалтаар хангахад дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Ингэснээр улаан буудайн нийлүүлэлт тогтвортой байх ач холбогдолтойгоос гадна орон нутгийн фермерийн аж ахуй эрхлэгчид, тэр дундаа энэ төрлийн аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөө аж ахуйн салбар дахь оролцоог давхар хангах боломж бүрдэх юм. 
 

Монгол Улс дэлхийн ноолуурын нийт эрэлтийн 50 орчим хувийг хангадаг бөгөөд үүний 90 хувийг түүхий эд хэлбэрээр экспортолдог. Малчин өрхүүд жилд дунджаар 24 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг гэсэн тооцоо бий. Улмаар 7.92 сая төгрөгийг зөвхөн түүхий ноолуураас бүрдүүлж байна.  Тэгвэл GOBI Cashmere брэнд Монгол ноолуурыг дэлхийд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж малчдад илүү ашигтай, үнэ цэнтэй боломжийг бий болгож байна. GOBI брэндийн онлайн дэлгүүрүүд одоогоор Европын Холбоо (EU), Герман (DE), Франц (FR), Их Британи (UK), АНУ (US), БНХАУ (CN) зэрэг голлох зах зээлүүдэд Монголын ноолуурын нэр хүндийг дэлхийд өсгөсөөр байна. 

 

f2

 

f4

 

f1

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай