Таван Богд Групп нь Япон Улсын эдийн засгийн зөвлөлийн байгууллага КЭЙДАНРЭН-ийн гишүүн боллоо
Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулан сурталчлах, дэмжих, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Япон Улсын эдийн засгийн зөвлөлийн байгууллага болох КЭЙДАНРЭН-д Таван Богд Групп гишүүнээр элслээ.
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-нд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан тус байгууллагын албан ёсны арга хэмжээний үеэр Таван Богд Группийн Ерөнхийлөгч ноён Ц.Баатарсайхан гишүүнчлэлийн батламжаа гардан авлаа.
Анх 1946 онд үүсгэн байгуулагдсан КЭЙДАНРЭН зөвлөлийн байгууллага нь өдгөө 1,300 гаруй гишүүн байгууллага, Японы аж үйлдвэрийн салбарын 106 зөвлөлтэй хамтын ажиллагаатай бөгөөд бүсийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааны үйл ажиллагаа явуулдаг 47 байгууллагатай түншилж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд улс төрийн шийдвэр гаргагчид, бизнесийн удирдах албан тушаалтнууд, хөдөлмөрийн нэгдсэн эвлэлүүдийг хамруулсан өргөн хүрээнд харилцаа холбоо тогтоон, бизнесийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлэн ажилладаг.
Тус зөвлөлийн байгууллага нь дэлхийн хоёр дугаар дайн дараа Японы эдийн засгийг дахин сэргээхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, улмаар чөлөөт, нээлттэй эдийн засгийг бий болгох, хамгаалах загварчлалд тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг томоохон байгууллага юм.
Өдгөө КЭЙДАНРЭН нь дэлхий дахинаа бизнесийн салбарт тулгамдаж буй гадаад болон дотоод хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго тээн, эрчим хүчний хэмнэлт, байгаль цаг уурын өөрчлөлт, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаа, цалингийн хэлэлцээртэй холбоотой хөдөлмөрийн тогтвортой менежментийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.




