Мэдээ мэдээлэл | July 17, 2023

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН АНХНЫ DIAGNOSIS MASTER TECHNICIAN ЦОЛТОЙ Ц.БЯМБАДОРЖТОЙ ЦӨӨН ХОРОМ УУЛЗАЖ, ЯРИЛЦЛАА.

Юуны өмнө Монголын хамгийн анхны мөн одоогоор цор ганц Toyota Diagnosis Master Technician  болсонд баяр хүргэе. Манай уншигчдад Toyota Diagnosis Master Technician    цолныхоо тухай товч мэдээлэл өгнө үү.

За баярлалаа, Тоёотагийн автомашинд засвар үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчнүүдэд зориулсан “TEAM 21”  гэж хөтөлбөр байдаг. Хамгийн багадаа энгийнээс  гүнзгий төвшин хүртэл 42 ,85 цагийн сургалт, мэдлэгийг олгодог. Technician, pro technician, diagnosis technician, тэгээд diagnosis master technician гэсэн дараалал бүхий цол, сертификаттай. Дээрх цол бүхий механикуудыг зааж сургах эрхтэй багшийг instructor гэдэг. Манай Таван Богд компанийн Засвар, үйлчилгээний албаны дарга Д.Цивонноров маань ийм эрхтэй. Энэ хүний шууд зааварчилгаан дор сурах зүйлээ төвшин, төвшнөөр нь сураад, шалгалтаа өгөөд “Diagnosis master technician” цолоо авсан

 

Анх Таван Богд компанид ажилд орж байсан үеэ одоо үетэйгээ харьцуулбал ямар бол? Мөн өөрийнхөө тухай товч танилцуулна уу?

Би Таван Богд ХХК-д  2 жил гаран, салбартаа ажиллаад 15 жил болж байна. Анх хамгийн багаас нь, засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Би Таван Богд компанид ажиллаж байгаагаараа бахархдаг.  

Бид нэг зорилгын төлөө зөв үзэл хандлага, гал эрмэлзэлтэй, зорилгынхоо төлөө өдөр бүр хичээн ажилладаг тийм хамт олон. Бүгд л нэг гэмтэлтэй машин орж ирэхэд алдааг зөв оношлон илрүүлж, гэмтлийг засахыг хичээн ажилладаг. Хүнээр бол мэс заслын эмч шиг л байдаг даа. Хүнийг өвтгөөд байгаа тэр зүйлийг нь зөв тогтоон хэрэгцээт эмчилгээг түргэн шуурхай хийдэг гэсэн үг. Бид бүгдээрээ ажлаа алдаагүй, хурдан шуурхай хийж, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгахын төлөө чин сэтгэлээсээ хичээн ажилладаг.

Таныг Авто уралдааны Спорт сонирхдог гэж сонссон.  Хобби, ажил 2-оо хэрхэн хослуулдаг вэ?

 Аливаа ажлыг хийхэд хүн тухайн хийж буй зүйлдээ дурлахгүй бол хийхэд хэцүү. Би багаасаа л машинд их хоббитой, машиныг хэрхэн бүтээсэн юм бол , машин яаж явдаг юм бол гээд л сонирхдог, усаар явдаг машин зохион бүтээнэ  гэж ярьдаг хүүхэд байсан.

Анх 2003 үед “Алтан хүрд” уралдаанд найзынхаа чиглүүлэгчээр оролцож байсан. Дараа жил нь Таван Богд Трейд ХХК-н борлуулдаг Volkswagen GOLF-ийн хамгийн анхны загварыг өөрчлөн, уралдааны машин болгоод оролцож байсан. Түүнээс хойш байнга тэмцээн уралдаанд өөрийн тус болох бүхий л газар байна. Off-road гээд уралдааны машинуудыг тоноглоход зөвлөгөө өгч, зарим машинууд дээр Toyota – ийн моторыг тавьж асааж байсан. Тэдгээр машинуудыг уралдаандаа амжилттай оролцохыг хараад яг л уяач хүн шиг баярладаг. Энгийн уналгын машиныг уралдааны автомашин болгон тоноглоод,  тэдгээр нь эргээд Таван Богд ХХК-н засварын төвөөс үйлчилгээ авахаар ирэхэд сайхан санагддаг.  

 Оношлоход хэцүү, бусад газрууд чадахгүй байна гэсэн автомашинууд ирэхэд ажил маань улам л сонирхолтой болж бүгдийг нь зөв оношлоод, засчих юмсан гээд л ажилладаг.  

Таван Богд ХХК ажилтнуудаа байнга сургаж, мэргэшүүлэн ажиллуулдаг. Сургалтын талаарх сэтгэгдлээсээ мөн багийнхныхаа тухай танилцуулаач.

Одоогийн байдлаар манай 24 хүн 1-р шатанд,  3 хүн 2-р шатанд, 3 хүн  3-р шатанд, 1  хүн 4-р шатанд суралцаж бэлтгэгдээд сертификатаа авахад бэлэн болсон байгаа. Хамгийн сүүлийн жишээ бол манай кузов засварын засварчин Г.Батдорж Япон уруу мэргэжил дээшлүүлэхээр явсан.  Япон дахь Тоёота-ийн  үйлдвэр, албан ёсны  засварын төвд очиж суралцсанаар, үйлдвэрлэлийн процесс, олон улсын стандарттай танилцаж, бодит мэдээлэлтэй болдог.   үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцах,  сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байгааг нүдээр хараад ирдэг. Олон улсын стандартыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг, үйлчилгээ гэдгийг чин сэтгэлээсээ үзүүлэхийг хараад ирсэн  ирсэн хүн өөрөө өөртөө болон бусдадаа нөлөөлж, чиглүүлж,  мэдээллээ хуваалцдаг. Ажилд ахиц гардаг.

Өдөр бүр хичээн ажиллаж, суралцдаг. Автомашин засдаг гээд хэл сурахгүй байж болохгүй. Тоёотагийн сургалтууд  англи болон япон хэл дээр явагддаг. Тиймээс англи хэлний мэдлэг, чадвараа байнга сайжруулах хэрэгтэй. Илүү их сурч хөгжье гэсэн хүн бүхэнд компани бүхий л боломжийг нээлттэй олгодог.

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай