NURA төв нийгмийн хариуцлагын хүрээнд НЦУГ-тай хамтран ажиллаж эмэгтэй 15 албан хаагчийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллаа

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас хэрэгжүүлж буй "Хууль сахиулахын байгууллага дахь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал" төслийн хүрээнд Хиймэл оюунд суурилсан Монгол дахь цор ганц эрт илрүүлгийн NURA төв хамтран ажиллаж, тус газрын 15 алба хаагчийг эрт илрүүлгийн шинжилгээнд өнөөдөр хамрууллаа.
НЦУГ-ын Эргүүлийн офицер, цагдаагийн хошууч Д.Мянгантуул хэлэхдээ “Хууль Зүйн Дотоод Хэргийн Яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран Монгол дахь хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл нь хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, идэвхжүүлэх гол зорилготой юм.
Манлайлагч эмэгтэй хүн нэгдүгээрт эрүүл байх ёстой. Ингэснээр тухайн алба хаагчийн ажлын бүтээмж өндөр байж, сайн үр дүн гарна. Би дотооддоо эмэгтэй алба хаагчаас авсан судалгаандаа тулгуурлаж, урт хугацаандаа хамтран ажиллах зорилгоор “NURA” төвийг сонгосон" гэсэн юм.
Ингэснээр хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэй ажилтнуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд ээлтэй орчныг бүрдүүлэх замаар тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь тус төслийн гол зорилго ажээ.




