ТАВАН БОГД ГРУППИЙН МАРКЕТЕР БАЙХ ЯМАР УУ?
АЖИЛД ОРСОН ТҮҮХ-АМАРХӨӨН
Намайг Б.Ариунболор гэдэг. Би 2022 оны 6 сард МУИС-ийг Бизнесийн Маркетингаар төгсөөд, дипломаа авчихаад, Улаанбаатар принтэд орж байсан. Өмнө нь яг мэргэжлээрээ брэнд хөгжүүлэх ажил хийж байгаагүй, ганц хоёрхон багахан зэргийн сошиал хөгжүүлэлт, цагийн ажлын туршлагатай л орж байсан.
МАРКЕТЕР ЮУ ХИЙХ ҮҮ?
Брэнд тус бүрийнхээ ялгарал давуу тал дээр тулгуурлан сарынхаа төлөвлөгөөт үйл ажиллагаа, сошиал календарийг хийнэ, зураг авалтынхаа, рийлсийнхээ санааг олно, обьектоо бэлтгэнэ, инфлүнсерүүдтэйгээ холбогдоно, гэрээ байгуулна, постуудынхаа постерыг тус бүрээр нь төлөвлөнө, урьдчилсан төсөв гаргана, сошиал дээрх бүүстүүдээ хийнэ, явцад нь хяналт тавина, борлуулалттай уялдуулан төсвөө харж, хяналт тавина, хэрэглэгчийн дата мэдээлэл ашиглан хийх шууд маркетингийн санааг CRM менежертэйгээ гаргана, пиар нийтлэл, постын тайлбаруудыг бэлтгэнэ, хүмүүсийн хэлэх, бүтээгдэхүүний онцлох мессэж, нэвтрүүлэг, рекламны зохиол гаргана, зураг авалтандаа оролцож, санаа оноогоо нэмэрлэнэ. Нэмээд төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох мөнгөнүүдээ шилжүүлж, санхүүгийн бүрдлүүдээ хангаж ажиллана. Миний хариуцаж ажиллаж байгаа Double A, UB print, Дэвтэр гэсэн 3 брэнд чинь хоорондоо тэс өөр Target Audience-аа шинээр таньж мэдэхээс авхуулаад олон ажлууд хийнэ дээ.
АЖИЛ НЬ АМАРХАН БАЙСАН УУ?
Юу гэж дээ. Оюутан байхад сурч байсан бүхэн, эхний таск дээр л нисээд алга болчихдог юм байна лээ. Амархан санагдаж байсан бүхэн арилж, юу ч чадахгүй юм шиг санагдаад, яаж ард нь гарна даа, би болоогүй байна даа гэж халгаж, нэг ажлаа олон удаа хийгээд, дахин шалгаад л. Харин нэг л мэдсэн чинь нөгөө зовоогоод байсан ажлууд гарт ороод ирчихсэн байсан. Цалин авснаасаа илүү, хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авах үнэхээр янзын.
ГРУППИЙН МАРКЕТЕР БАЙХ, ЯМАР УУ?
Салбар компани бүрийн маркетинг менежер мэргэжилтнүүдээс гадна борлуулалт багийнхан, гүйцэтгэх удирдлагууд дэмжиж ажиллахаас гадна Группийн маркетингийн газраас яг тухайлсан чиглэлээрээ мэргэшсэн, олон жилийн туршлагатай менежерүүд алхам тутамд чиглүүлж өгдөг болохоор үнэхээр дэмтэй. Дээр хэлсэнчлэн юу ч мэдэхгүй хүүхэд, энэ олон ажлуудыг амжуулахад, ямар нэг хөтөлбөр, санхүүгийн шийдвэр гаргахад дэмжих хүнгүй бол гацна ш дээ.
АЖЛЫН АЧААЛАЛ НЬ АЙМААР УУ?
Чадахгүйгээ нухаж суух үед оройтож байсан. Гэхдээ одоо ажлаа гартаа оруулаад ирэхээр, ажлын 8 цагтаа л бүгдийг амжуулдаг болсон. Ажилд ороход миний бодсоноос бол шал өөр байсан. Би бодохдоо ажлаа гялс дуусгачхаад, амраад, магадгүй ажлын цаг дуусахгүй байна, хурдан тарах юмсан гэсэн постууд байдаг ш дээ тэрэн шиг уйдаад сууж байх юм бодсын. Гэтэл ерөөсөө тийм байгаагүй. Өдөр тутамдаа хийх ажлууд нь тодорхой, ар араасаа шахагдсан олон тасктай болохоор нэг л мэдэхэд орой, нэг л мэдэхэд 5 дах болчихсон байдаг.
УЙДАЖ, ЭМОРОХ Ч ЗАВГҮЙ АЖИЛ БУЦАЛДАГ-ТАВАН БОГД ГРУПП
Таван Богд Группт ажиллахын давуу тал олон байгаа. Гэхдээ надад таалагддаг хэдээ дурдъя.
Сургалтын системтэй-Чи л цагаа зохицуулж чадвал хууль, санхүү, маркетинг, эрүүл мэнд, сэтгэл зүй, орчин үеийн чиг хандлагууд гээд суралцаж болно.
Чиг үүргийн удирдлага-Дээр хэлсэнчлэн бүх салбарыг мэргэжлийн хүмүүс чиглүүлдэг. Сарын төсвөөс өгсүүлээд, постны санаа, үг үсгийн сонголт, зураг авалтын орчин, хэрэглэгчийн бүртгэл, харилцагчийн сегмэнтчлэл гээд бүхий л талаар зөвлөгчтэй.
Хоолны үйлчилгээ-Шөлтэй, хуурай, кето хоолнууд олон төрөлтэй байдаг болохоор фитнест явдаг, жингээ хасч байгаа хүмүүст хэрэгтэй санагддаг.
Идэвхжүүлэлт-Дотоод ажилчдыг идэвхжүүлэх зүйлсүүд нь бас гоё. Маркетингийн зугаалга, маркетингийн баярууд, сар, улирал бүрийн шилдэг ажилтны шалгаруулалт, цалин бонусны систем гээд олон зүйлс байдаг шүү. Ямар ч гэсэн уйдах завгүй, зогсолтгүй хөгжиж, ганцаардаж гиюүрэх, эморох ч завгүй л байдаг шүү.
ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ, ХОЙШОО СУУЛГҮЙ СОРИОД ҮЗ
Чи маркетер болохоор шийдсэн бол бидэнтэй нэгдээрэй. Зар сурталчилгаа, пиар, контент, дижитал, CRM, төлөвлөлт, эвэнт гээд бүх зүйлийг зангидаж явдаг гэдэг утгаараа өөр хаанаас ч сурах боломжгүй бүхэн 1 дор байна. Нэмээд туршлага чинь дутахад зөвлөөд өгөх нь дэргэд чинь байна, өөрийгөө голж хойшоо суулгүй сориод үз. Оюутны ширээний ардаас ирсэн би ганцхан жилийн хугацаанд ийм их зүйлийг сурсантай адилхан, чи ч гэсэн маркетингийн өнөөдөр идэвхтэй ашиглагдаж байгаа бүх түүлийг сурах боломжтой шүү гэж хэлмээр байна.





