Аливаа ажилд зөв сэтгэл, эерэг хандлага хамгийн чухал
Тэрээр ажилдаа хандах чин сэтгэл, эрч хүч, эерэг хандлагаараа хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлдэг. Мөн түүний ур чадвар болоод ажлын өндөр үзүүлэлтийг онцлон хуваалцаж байгаа юм.
Борлуулсан машины тоо:
2018 он 178
2019 он 192
2020 он 152
Би анх 2009 оны 8-р сард “Улаанбаатар принт ХХК”-д захиалгын менежерээр ажилд орж, Таван богд групп дахь ажлын гараагаа тавьсан. Хэвлэлийн компанийн бүтээгдэхүүн нь захиалагчид шууд харагдахгүй, зөвхөн төсөөлөл дээр суурилсан барааг санал болгодог. Энэ нь миний сонирхлыг маш их татдаг байсан учир 10 гаруй жил дурлан ажилласан.
Хүүхэд асрах чөлөө аваад эргэж “TOYOTA Таван богд ХХК”-д автомашин борлуулалтын менежерээр ажилд орсон. Борлуулалтын менежер өдөр бүр өөр хүмүүстэй, шинэ харилцаа үүсгэж байдаг. Ингэхдээ дэлхийн брэндийн цоо шинэ бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа санал болгож, тэд маань бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байгааг мэдрэх үнэхээр сайхан. Мэдээж сэтгэл хангалуун байгаа учир талархлын үг, урмын үг харамгүй сонсдог.
Миний гол зарчим бол өдөр бүр эерэг байх. Биднийг зорьж ирсэн бүх хүнтэй сэтгэлээсээ харьцаж, юу хүсэж байгааг нь сонсохыг хичээдэг. Харин сонсож дуусаад бүтээгдэхүүнээ маш сайн тайлбарлана, ярилцана. Жижиг зүйлд ч чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг учраас үйлчлүүлэгчид маань дахин ирэх, найз нөхөд, ах дүү, хамт ажилладаг хүмүүстээ манайхыг санал болгож дахин эргэх холбоо үүсгэж байдаг. Бид худалдан авалт хийсэн бүх үйлчлүүлэгч нарынхаа хэрэгтэй үед нь тусалж зөвлөн, тогтмол харилцаатай ажилладаг. Ингэснээр бид үйлчлүүлэгчдийнхээ итгэлтэй хамтрагч болдог. Зарим нь бүр найз нөхөд, хуурай ах дүүс шиг л болдог юм. Би өнгөрсөн 12 жилийн хугацаанд харилцааны ур чадвараа маш сайн нэмэгдүүлсэн гэж боддог. Олон үйлчлүүлэгчтэй харилцахад дунд нь янз янзын л ааштай хүн таарна. Аль болох асуудал үүсэхээс сэргийлж, хэрэглэгч нартаа урьдчилан мэдээлэл хүргэхийг зорьж ажилладаг. Үнэхээр асуудал гарвал маш тайван, нухацтай шийдвэрлэхийг хичээдэг.
Ажилтны хувьд Таван Богд ХХК-ийн дотоод журам, хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийг үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэй өнгөрүүлдэг. Эргүүлээд компанийн зүгээс ажлын бүтээмж, ур чадварыг маань үнэлж, урамшуулж байдагт үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хамт олон маань ур чадвар маш сайтай хүмүүс учир үргэлж өрсөлдөөнтэй, хурдтай ажиллах шаардлага гардаг. Мөн өөрийгөө тэднээсээ дэм авч, урам зоригоор ирлэгддэг учир амжилттай яваа гэж боддог.
Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгд, эерэг хүмүүсээр хүрээлүүлж, 12 дахь жилдээ аз жаргалтайгаар ажиллаж байгаадаа баяртай байна.



