Мэдээ мэдээлэл | February 5, 2025

“Улаанбаатар Гурил” ХХК-ийн Дэд захирал Э.Золбоо: Хэрэглэгчдийн сэтгэл ханамж 90-ээс дээш хувьтай байгаа нь манай компанийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний үр дүн

Хүнсний аюулгүй байдал гэдэг нь аливаа улсын нийгэм, эдийн засаг цаашлаад үндэсний аюулгүй байдал, хөгжлийн түвшинд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Монголчууд бидний хүнсний хэрэглээний томоохон хэсгийг бүрдүүлэгч гурил үйлдвэрлэл, үүний зах зээлийн талаар “Улаанбаатар Гурил” ХХК-ийн Дэд захирал Э.Золбоотой ярилцлаа. 

 

-Гурил бол хүнсний аюулгүй байдлын стратегийн бүтээгдэхүүн. Яагаад стратегийн бүтээгдэхүүн бэ. Яагаад энэ салбар хөгжих ёстой вэ? 
 

-Гурил бол иргэдийн хүнсний өдөр тутмын өргөн хэрэглээнд томоохон хувь эзэлдэг онцлогтой. Энэ бүтээгдэхүүний хангамж тасалдах нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй тул улаан буудай, гурилыг нөөцлөх, хянах нь улс орны аюулгүй байдлын нэг хэсэг болдог. Бидний хувьд боломжит нийлүүлэгч нь урд болон хойд хөрш хэдий ч эдгээр улсын гурилын импорт, экспорт нь төрийн хяналт, бодлогын дагуу зохицуулалттай байдаг. Гурилын хувьд түлш шатахуун шиг тасалдал үүсэх эрсдэл маш өндөр. Энэ нь цаанаа улс төрийн ч нөлөөлөл үзүүлэх арга хэрэгсэл болдог. Жишээлбэл, 2008 онд ОХУ гурил, улаан буудайн импортоо хязгаарласнаар бид хүнд байдалд орж, АНУ-аас тусламжаар улаан буудай авч хүндрэлийг давсан түүхтэй. Энэ явдлаас үүдэж тухайн үеийн засгийн газар “Атарын аян” эхлүүлж байсныг бид мартаж болохгүй. 2020 онд буюу Ковид 19-ийн халдварын хүнд нөхцөлд хүнсний асуудал олон улсад том асуудал болж байсан. Харин дотоодын гурил дээр хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэлгүй давж гарсан нь дээрх зөв бодлогын үр нөлөө гэж бодож байна.

 

-Дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэдэн хувийг манай аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг вэ. Тэгвэл “Улаанбаатар Гурил” ХХК үүний хэдэн хувийг бүрдүүлж үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Манай улс 2008 онд гурилын зах зээлийн 70%-ийг импортоор хангадаг байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд бараг 100 хувийг дотоодоосоо хангадаг болж чадсан нь том амжилт байсан. Яагаад байсан гэж ярьж байна вэ? гэхээр 2024 онд гурилын импортын татварыг 0 болгосонтой холбоотой гурилын импорт нийт хэрэглээний 30% болтлоо өсөөд байна. Энэ зохицуулалт зөв үү? Үгүй бол гэдэг зүйл яригдах хэмжээнд хүрсэн. Бид үйлдвэрлэгч хэвээрээ байх уу эсвэл хэрэглэгч улс болох уу... 
Бидний хувьд чанараар давуу талтай ч тодорхой хэмжээний сөрөг нөлөө бий болсон, гол нь түүхий эдийн өртөг тал дээр орос гурилтай харьцуулахад тэс өөр. ОХУ нь газар тариалангийн салбартаа татаас дэмжлэгтэй. Жишээ нь, түлш, бордоо өртөг бага, хөнгөлөлттэй, мөн рубль ханш дайны нөхцөл байдлаас шалтгаалан өртгийн давуу байдалтай байгаа. 
Манай компани 2000 оноос хойш буюу 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж дотоодын зах зээлийн нийт 30 хувийг хангаж ажиллаж байна. Ингээд харахад “Улаанбаатар Гурил” ХХК улсынхаа хүнсний салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн.


-Хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг энэ олон жилийн турш үйлдвэрлэж, нэвтрүүлнэ гэдэг бас тийм ч амар ажил биш байх. Энэхүү байр суурийг хадгалсан “Улаанбаатар Гурил” ХХК-ийн үйл ажиллагааны онцлог юунд оршиж байна вэ?

 

-Бид үйлдвэрлэлийн процессоо тогтмол шинэчилж, дэлхийн стандартад нийцсэн тоног, төхөөрөмжийг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилладаг. Түүнчлэн дотоодын тариаланчдаас чанартай түүхий эд худалдан авч тариаланчид болон компанийн аль, аль талын тогтвортой үйл ажиллагааг хангах бодлого баримталдаг. Үүнээс гадна ажилтнуудынхаа мэргэшил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн гарт хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэх бүх талын зохицуулалтыг хийдэг гэж харж болно. 
Мөн үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтад анхаарч ажилладаг. Энэ хүрээнд гамшгийн эрсдэлээс хамгаалах төлөвлөгөө, логистикийн тогтолцоо, нөөц хуваарилалт, пестицидийн үлдэгдэл хяналт гэх мэт маш олон нарийн зүйлд анхаарч, стандартыг хангаж ажилладаг. 

 

-Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад мөрдлөг болгодог стандартуудаас дурдвал? 

 

-Манай компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын болон үндэсний бүхий л чанарын стандартуудад нийцүүлэн ажилладаг. Тодруулбал, 

  • ISO 22000: Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
  • FSSC 22000: Хүнсний аюулгүй байдлын менежментийн системийн баталгаажуулалт
  • HACCP: Эрсдэлд суурилсан хүнсний аюулгүй байдлын аргачлал
  • Монгол Улсын MNS стандартууд зэргийг үйлдвэрлэлдээ мөрдөж ажиллаж байна.     
     

-Цар тахал болон сонгуулиас шалтгаалсан хоёр ч удаагийн цаг үе, улс төрийн өөрчлөлтөөс үүдэн 2020-2024 оны хооронд тодорхойгүй зүйлсээр дүүрэн жилүүд өнгөрлөө. Ийм нөхцөлд Та бүхэн хэрхэн ажилласан бэ?

 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай компанийн үйлдвэрлэлийн хэмжээ 10 хувиар өссөн. Бид Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийж, тасралтгүй сайжруулалт хийж ажилладаг. Сүүлийн үеийн судалгаагаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин 90-ээс дээш хувьтай байгаа нь манай компанийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний үр дүн юм. 2024 онд л гэхэд манай бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгчдийн тоо 200 мянга гаруй айл, өрх байсан бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байна. Бидний зарчим маш энгийн. Манай баг, хамт олон таны, бидний,  6 сартай бяцхан үрсийнхээ бантангийн гурилыг үйлдвэрлэж байгаа гэдгээ л маш сайн ухамсарлаж ажилладаг. Чанар дээр нэмээд сайхан амтаа хадгалсаар байдаг нь Улаанбаатар гурилын хамгийн том ялгарах онцлог. Түүнчлэн бид сүүлийн үед UB Rice брэндээр дамжуулан зах зээлийн эрэлтэд нийцсэн чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ургацын цагаан будааг хэрэглэгчдэдээ нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

 

-Мэдээлэл өгсөн Танд баярлалаа. 

 

-Та бүхэнд мөн баярлалаа. Ирж буй могой жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх байхыг ерөөе. Уламжлалт баяраа Улаанбаатар гурилтай!
 

 

UBF 3-02

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай