Мэдээ мэдээлэл | July 17, 2023

Байгалийн гаралтай дээд зэрэглэлийн орц найрлагатай, гар аргаар хийдэг шоколад GODIVA

2018 оны 10-р сард Таван Богд Группт анкетаа өгч, маш хурдан хугацаанд ажлын ярилцлагад орж, шууд л ажлын дадлагаа хийж  эхэлсэн. Ингэж л Godiva брэндтэй амьдрал минь салшгүй холбогдсон билээ. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Намайг анх Шангри-Ла салбарын маш мундаг менежер, авъяаслаг охид  угтаж авсан. Ямар мундаг охид энд ажилладаг юм бэ? би ч гэсэн дутахгүй байхын төлөө илүү их хичээх болно гэж боддог байлаа. 
 

Хамгийн эхний өдөр дэлгүүрийн шилэн хоргон дахь шоколаднууд, тавиур дээрх шоколаднуудын ялгааг ярьж сурах,  цээжлэх, өдөр бүрийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлдэх үйл явц, өдөр тутамд хийх зүйлс, орой дэлгүүрээ хаагаад маргаашдаа бэлдэх гээд сурах зүйлс маш их санагдаж билээ. Шинээр ажилд орсон охидод маань хамгийн хэцүү санагддаг зүйл нь зайрмаг шахах. Заагдсан граммын дагуу зөв, гоё хэлбэртэй шахах ёстой байдаг юм. Ажилд орсноос долоо хоногийн дараа менежер маань Энхүүшээ нэг зайрмаг шахаадах гэхэд ямар их сандарч байснаа одоо ч санаж байна. Граммын дагуу янзын сайхан шахжээ, сайн байна гэдэг үгийг сонсоод маш их баярлаж урам авч байлаа.

Godiva брэндийн шоколад энгийн нэг шоколад биш. Байгалийн гаралтай дээд зэрэглэлийн орц найрлагатай, гар аргаар хийдэг шоколад. Энгийн шоколаднаас хадгалах хугацаа тэс өөр. 12-18 градус хэмийн дулаантай 50-70 хувийн чийгшилтэй орчинд хадгалдаг. Хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө дэлгүүрээс хураагддаг гээд маш нарийн аргаар хадгалдаг шоколаднууд байдаг юм шүү.  Та хэрвээ Godiva брэндийн салбар дэлгүүрүүдэд орж байсан бол шилэн хоргонд чийгшүүлэгч байдгийг анзаарч байсан байх. Зарим үйлчлүүлэгч нар маань “Энэ шоколад надаас дээр орчинд байх юм аа, чийгшүүлэгч хүртэл хэрэглээд” гээд хошигноод гардаг.

Манай хамт олон үйлчилгээний стандартаараа бусдаас маш их ялгаатай. Охид маань үсний жигд сүлжилт, тод өнгийн уруулын будаг, ажлын ижил хувцаслалт хэрэглэл гэх мэт. Их дэлгүүр салбар маань үйлчилгээний стандартаараа тэнд байрлах олон брэндийн охидын үлгэр жишээ нь болж ажилладаг. Мөн манай охид групп компанийхаа тэмцээн уралдаан болгонд тэргүүлж, хамгийн шилдэг баг болж ажиллаж чаддагт нь бахархаад баршгүй.

Mystery гэх нууц үйлчлүүлэгчийн судалгаанд Godiva брэндийн охид үргэлж өндөр үнэлгээ авдаг. Учир нь манай менежерүүд бидэнд тогтмол сургалт орж шинэ мэдлэг өгч, мартсан зүйлсийг сэргээн сануулдаг. Мөн манай охид өөрсдөө суръя, мэдье гэсэн хүсэл эрмэлзэл сайтай. Үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуун гарахад тэр өдөр тэр чигтээ сайхан байдаг шүү. Та манай Godiva брэндийг үнэтэй брэнд, үнэтэй шоколад гэдгээр нь биш үнэ цэн бодон зориорой. Бид таныг хамгийн гоё шоколад, хамгийн гоё бэлэгтэй гаргах болно оо🍫❤️

Мэргэжил бүхэн сайхан. Хэрвээ та хичээх л юм бол, хүсэх л юм бол бүх ажил таны гар дор байна.

#TBI #Godiva #Godivateam ❤

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай