Подкаст, ярилцлага | July 17, 2023

Таван Богд Пицца Хат ХХК-ийн Маркетингийн албаны дарга Н.Болор: АЗИЙН 17 ОРОНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МЭРГЭШСЭН, MОНГОЛ МАРКЕТЕРУУДЫН НЭГ БОЛСОН

Таван Богд Групп ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс ажилтнуудаа ажлын байран дээрээ тогтвортой хөгжин дэвших, төлөвших, мэдлэгээ тэлэх боломжийг олгох олон талт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажилладаг. Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, өөрийгөө хөгжүүлэн, хамт олныхоо манлайлан ажилладаг, салбартаа мэргэшсэн Лидерүүдээ танилцуулж байна. Энэ удаад Азийн мэргэшсэн маркетер Н.Болорыг танилцуулж байна.

Юуны өмнө та өөрийгөө танилцуулж, Таван Богд Группэд ажилд орсон түүхээсээ яриагаа эхлэх үү?

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.  Намайг Н.Болор гэдэг. Би АНУ-ын Виржина мужид Олон Улсын Санхүү, Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Монголдоо дөнгөж ирээд 2018 онд Таван Богд Фүүдс Пицца ХХК-д маркетингийн ахлах мэргэжилтнээр сонгон шалгаруулалтад тэнцэн ажилд орж, ажлын гараагаа эхлүүлсэн. Монголдоо ирээд удаагүй, ажлын туршлага багатай надад Монголын том Групп компанийн нэг болох Таван Богд Групп болон,  Pizza Hut-ын франчайзыг эзэмшдэг Дэлхийд данстай YUM! Брэндээс, мөн удирдлагууд, залуу хамт олноосоо өдөр бүр суралцах алтан боломж олдсон. Ажилд орсноос 10 сарын дараа миний шууд удирдлага маань Групп дотроо дэвшин ажиллахаар болж, би маркетингийн ме

нежер болж, харин 2019 оноос маркетингийн албаны даргаар томилогдон 6 дахь жилдээ Групптээ суралцсаар, ажилласаар байна.

Маркетерууд тийм сайн мэдэхгүй байх. Таныг Азийн мэргэшсэн маркетер гэж сонслоо. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

Азийн Маркетингийн Холбооноос  “Мэргэшсэн маркетер” (The Certified Professional Marketer CPM) цолыг олгодог бөгөөд, Азийн 17 улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн цол гэж ойлгож болно. Энэхүү  цолны шалгалтыг жилд 2 удаа авдаг бөгөөд үндсэн 5 чиглэлээр /Marketing Strategy, Marketing Research, Marketing communication, Asia Business and Asia Marketing Management/ тус бүр 3 цаг, нийт 2 өдөр 15 цаг үргэлжилдэг шалгалт юм. Энэ цолыг авснаар нэрийн хуудсандаа CPM Asia гэсэн тодотгол хийх, албан ёсны эрхтэй болох бөгөөд цаашид Азийн улсуудад карьераа хийх боломжтой.

Анх 2020 онд CPM цолын тухай сонсож, мэргэшсэн маркетер болох зорилтыг тавьж бэлтгэлээ эхлүүлсэн бөгөөд, 2022 онд анх удаа энэ зэргийг авахаар Mонгол улсаас нийт 5 маркетер энэхүү шалгалтад оролцсон. Ингээд бид тус шалгалтад тэнцэж, сертификатаа гардан авч, Азийн 17 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн зэрэгтэй анхны Mонгол маркетеруудын нэг болсон нь хувь хүнийхээ хувьд төдийгүй, салбартаа авчирсан том үр дүн хэмээн харж байгаа.

Одоо залуучууд маань Старт-ап эхлүүлэх сонирхол их болсон. Харин та том группт ажиллахын давуу талыг хуваалцаач. 

Энэ асуултад “Баян аав, ядуу аав” номын нэг сэдвийг хуваалцахыг хүсэж байна. Та бүхний ихэнх нь уншсан байх. Нэгэн компанийн захирал, хөрөнгөтэй аав хүүгээ шууд захирал болголгүйгээр анхан шатнаас нь эхлүүлж, ажил хийлгэж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж, дараа нь хугацаат цэрэгт явуулдаг. Ингэсэн шалтгаанаа хүнд удирдуулж, мөн удирдаж сургахын тулд гэж тайлбарладаг. Эндээс дүгнэж үзвэл хүн эхлээд суралцах ёстой, хувийн бизнесээ эхлүүлэхэд, бэлтгэгдэх хэрэгтэй бөгөөд гарааны компани үүсгэн шууд амжилтад хүрнэ гэдэг нь тун амаргүй зүйл болов уу гэж боддог. Гарааны бизнес эхлүүлээд амжилтад хүрэх тухайд Google-ийн эхний илэрцээс харахад 10 стартап тутмын 9 нь эхний жилдээ “Хаалгаа барьдаг” гэсэн тоог байдаг. Бизнес судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалт, шийдвэр гаргалт, гүйцэтгэл, хяналт гэсэн цогц менежментийг хэрэгжүүлсний үндсэн дээр хөл дээрээ тогтох эхний шат бүрдлээ гэж үздэг. Энэ дээр нэмэх нь хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн орчин, тухайн зүйлдээ тууштай байх, хамт олны уур амьсгал гэх мэт маш олон зүйлсийг оруулбал Шинэ Стартап-ууд амаргүй давааг дуулах нь гарцаагүй . Миний хувьд энэ үзэл ажлын сонголтод нөлөөлж, томоохон Группийн нэг хэсэг болж,  менежментийн арга, аргачлалыг суралцаж, олон алба, нэгжүүдийн хамтын ажиллагааг уялдуулж, бизнесийн олон сорилтуудыг даван туулж, хамтран ажиллаж байгаа хүмүүсээсээ харилцан сурч, алхам алхамаар хөгжиж байгаадаа баяртай байдаг.

 

Бидэнтэй цаг зав гарган туршлагаа хуваалцсанд баярлалаа. 

 

 

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай