Подкаст, ярилцлага | July 17, 2023

Таван Богд Финанс ББСБ-ийн Гүйцэтгэх Захирал Б.Өрнөхжаргал: ТАВАН БОГД ГРУПП МААНЬ ХИЧЭЭСЭН ХҮН БҮРД БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ НЬ ҮНЭХЭЭР ТАЛАРХУУШТАЙ

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Таван Богд групптэй холбогдсон түүхээсээ, мөн санхүүгийн салбарыг сонгох болсон тухайгаас ярилцлагаа эхлэх үү?

Би МУИС-ийг Статистикч-Эдийн засагчаар дүүргэж, ХААН банканд мэдээ судалгааны эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тэр үеэс ХААН банканд эдийн засагч, Зээлийн бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, салбарын захирлаар ажиллаж байгаад 2021 оны 5 сараас шинээр үүсгэн байгуулагдсан Таван Богд Финанс ББСБ-н Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.

Компани маань маш богино хугацаанд хөрөнгө оруулагчид, туршлагатай, ур чадвартай менежментийн баг, ажилсаг, хичээнгүй хамт олон, бидэнд итгэж үйлчлүүлдэг харилцагч, хамтрагчид, хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, 150 ажилтантай, орон даяар 19 салбартай, Монголын зах зээлд ТОП ББСБ-ын нэг болоод байна. Бид үйл ажиллагаагаа улам сайжруулах, тогтвортой хөгжилд түүчээлэгч, үйлчлүүлэгчдэдээ хүрч үйлчилж чаддаг санхүүгийн байгууллага болохоор хичээж байна. 

Нэг үеэ бодоход санхүүгийн үйлчилгээ харилцагч руу илүү ойртсон, нөгөөтэйгүүр зах зээл дээр илүү өрсөлдөөн бий болсон харагддаг. 

Мөнгө унтдаггүй гэдэгчлэн санхүүгийн зах зээл бол маш их өрсөлдөөнтэй, өндөр хурдацтай хөгжиж байгаа салбар. Санхүүгийн зах зээлийн хөгжил сайн байх  нь салбарын цэвэр, эрүүл өрсөлдөөнөөс хамаарна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд банк болон бусад санхүүгийн сектор, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллага, даатгал, финтек, хөрөнгийн зах зээл технологийн дэвшилтэй хөл нийлүүлснээр илүү хурдацтай хөгжиж байна. Манай олон төслүүд үүний жишээ гэж дүгнэдэг.

Нууц биш бол Компанийнхаа хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар, цаашдынхаа хэрэгжүүлэх гэж байгаа томоохон ажлуудын талаар хуваалцахгүй юу?

Бид одоогоор PayOn, TreeOn, Оёдлын салбарын кластер 20,000, ISO27001 стандарт хэрэгжүүлэх гэсэн төслүүддээ гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

PayOn апп-ынхаа шинэчилсэн хувилбарыг гаргаж зээлийн үйлчилгээг илүү амар, илүү хялбар байдлаар харилцагч нартаа хүргэж, малчид гар утсаараа дамжуулан зээлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. 

PayOn аппликейшны маань нэг хэсэг болох TreeOn мини аппликейшны тухайд илүү сонирхолтой, илүү ухаалаг байдлаар бодит мод тарих асуудлыг шийдсэн.  Яг өнөөдөр гэхэд харилцагчид маань аппликейшнаараа дамжуулан виртуал моддыг бүрэн ургуулж, 7000 орчим модоо услан, бойжуулж, ургуулж байна. Бид 5-р сараас эхлэн харилцагч нарынхаа ургуулсан виртуал модыг бодит мод болгон тарьж өгөх болно. 

“Оёдлын салбарын кластер 20,000 төсөл” нь кластерийн системээр дамжуулан оёдлын салбарын үйл ажиллагааг дэмжихийг зорьж байгаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлын маань нэг бөгөөд уг төсөлд одоогоор 25 харилцагч хамрагдаад байна. 2023 онд уг төслийг орон даяар хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. 

Харилцагч бүрийнхээ мэдээллийн нууцлалыг хангах, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх зорилгоор ISO27001 стандартыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 

Цаашдаа ч олон улсын стандартад бүрэн нийцсэн үйлчилгээг харилцагч нартаа хүргэх, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Бид алсын хараагаа Ногоон финтек-Ногоон дэлхий гэж тодорхойлсон болохоор ногоон финтекийн тусламжтайгаар Ногоон дэлхийг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно. 

Тантай ажиллаж байгаа ажилтнууддаа тавьдаг шаардлага, хүсдэг ур чадвар, санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн амбиц ер нь ямар байх нь илүү зохистой гэж үздэг вэ?

 

Чин сэтгэл гаргасан бүхэн эерэг үр дүнг заавал авчирдаг гэж хэлэх дуртай, ер нь бол цагийн ажлыг цагт нь сэтгэл гарган оновчтой гүйцэтгэхийг шаарддаг. Ажилтан бүртээ заавал эзэмшүүлэхийг хичээдэг ур чадвар гэвэл тасралтгүй суралцах чадвар гэж хэлнэ. 

Санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нягт, хариуцлагатай, хүний итгэл дааж чаддаг, харилцааг зөв удирддаг, харилцагчдынхаа зөвлөн туслагч байгаасай гэж хүсдэг. 

Одоо сурч байгаа, ирээдүйд санхүүгийн мэргэжлийг сонгох төлөвлөгөөтэй байгаа, эсвэл ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байгаа залуустаа мэргэжлийнхээ онцлог, давуу тал, бэрхшээл, ирээдүйн чиг хандлагын тухай хуваалцаач.

Бид улам ихээр даяаршсан, техник технологийн эрин зуунд амьдарч байгаа болохоор юу л сурахыг хүснэ, тэрийгээ хийх боломж хүн бүрд адилхан болж байна. Тэгэхээр өөрийгөө сонсож, ойлгох нь хамгийн чухал, нэгэнт өөрийн хүсэл, мөрөөдлөө олж, мэргэжлээ сонгосон бол түүндээ тууштай байж, өдөр бүр тасралтгүй суралцаж, технологи, инновацитай заавал хослуулах нь зүйтэй болов уу. Ямар ч мэргэжилтэй байсан санхүүгийн анхан шатны мэдлэг чухал. 

Харин чи бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй, бусадтай харилцах дуртай бол, санхүүгийн мэргэжлийг сонгосноор өөрийн зорилгод бага ч болов ойртох болно гэж хэлэх байна. 

Бэрхшээлийн тухайд харах өнцөг ямар байгаагаас хамаардаг гэж боддог, хүндрэлтэй асуудал тулгарах үед ямар хэцүү юм бэ гээд л байвал ямар ч зүйл бэрхшээл болно, харин боломж гэж харж, хүсэж тэмүүлж, өөрийгөө сорьж, сайжруулж, даван туулж чадвал амжилт болно. 

Сүүлийн асуулт. Том группт ажиллах, өөрийн жижиг бизнесийг эхлүүлэх тухайд таны бодол ямар байдаг юм бол. Магадгүй олон хүний ажлын байрны сонголтонд нөлөөлөх асуулт болж мэдэх юм. 

Шинэхэн төгсөгчдийн хувьд том группт ажилд орсноор шилдэг менежерүүдээс суралцах, ур чадвараа системтэйгээр сайжруулахад чухал ач холбогдолтой. Харин шууд өөрийн бизнесийг эхлүүлэх нь бүхнийг тэгээс эхэлж, шууд алдаа онооноосоо туршлага хуримтлуулах боломж байж бас болох юм. Дахиад хэлэхэд бас л харах өнцөг, өөртэйгөө хир их ажилласнаас хамаарах болохоор шууд хариулт өгөхөд хэцүү асуулт байна. Миний хувьд гэвэл том компаниас ажлын гараагаа эхэлж, хамтран ажиллагсад, харилцагч, удирдлагуудаас өдөр бүр суралцсаар ирсэн, одоо ч суралцсаар байна. Таван богд группийн маань удирдлагууд, гүйцэтгэх захирлууд, менежерүүдийн ажил хэрэгч, хурдтай байдал, хийж бүтээх хүсэл эрмэлзэл, суралцах зүйл ихтэй, хичээсэн хүн бүрд боломжийг олгож байгаа нь үнэхээр гайхалтай санагддаг. Манай улс шиг цөөхөн хүн амтай, хийх ажил, боломж ихтэй газарт хүн бүр илүү бүтээлч байж, илүү сайнаар, илүү хичээж ажиллаасай гэж хүсдэг дээ. 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай