''Таван Богд Групп''-ийн санхүү удирдлагa хариуцсан захирал Н.Мөнхбат
Сайн байна уу Захирлаа? “Бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтны өдөр’’-ийн мэнд хүргэе! Та бидэнд санхүү удирдлагынхаа газрынхаа тухай товч танилцуулаач.
Таван Богд Групп нь Монголын томоохон групп компаниудын нэг. Манай групп нь нийт 23 охин компани 4 хөрөнгө оруулалттай компанитай бөгөөд хамгийн олон төрлийн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нь бусад групп компаниудтай харьцуулахад онцлог гэж ойлгож болно. Группийн хэмжээнд Санхүү удирдлагын газар нь санхүү төлөвлөлт, санхүүгийн бүртгэл, бизнес хөгжил, худалдан авалт хариуцсан нийт 230 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэртээ 27 жилийн өмнө арав хүрэхгүй хүнтэй эхэлж байсан бизнес, өнөөдөр 12 мянган хүнийг ажлын байраар хангаж, Монгол улсынхаа хөгжилд үнэ цэнээ өгөн, томоохон татвар төлөгч групп болоход үе үеийн санхүүгийн ажилтнууд онцгой хүчин чармайлт гаргаж ажилласан. Иймд үе үед ажиллаж байсан группийнхээ нийт санхүүчдэдээ баярын мэнд хүргэе. Өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа, Санхүү төлөвлөлт, санхүү бүртгэл, бизнес хөгжил, худалдан авалт зэрэг 4 үндсэн чиглэл хамаарсан нийт 230 ажилтнуудад сайхан баярлахыг хүсье.

Таны баярын мэндчилгээг уншсан санхүүчид маань баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд хувь хүнийхээ талаар, өөрийн карьерын замналаа бидэнтэй хуваалцаач. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг санхүүч Таван Богд Группт ажиллаж байгаа гол хүчин зүйл нь юу юм бол.
Миний карьерын түүх зарим хүнд сонирхолтой байж магадгүй. Би их сургуулиа ШУТИС-д Электроникийн инженер мэргэжлээр суралцан төгсөж, энэ мэргэжлээрээ 4 жил орчим ажилласан. Дараа нь career change хийх буюу мэргэжлээ солихоор шийдэж, Англи улсын Лондон хотноо бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалан, нэмээд санхүүгийн чиглэлээр нарийн мэргэшихээр шийдэж, Олон улсын мэргэшсэн санхүүч CFA зэргээр 3 жил суралцсан. Ингээд Монголдоо буцаж ирээд санхүүгийн мэргэжлээр карьераа Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын шинжээчээс эхлүүлж, улмаар 2018 онд Говь ХК-ийн санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тухайн ондоо Таван Богд группийн хөрөнгө оруулалт, төсөв төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан. 2019-2021 Шунхлай компанийн Бизнес төлөвлөлт хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2021 оноос Таван Богд групптээ ирж санхүү удирдлагын газрын захирлаар ажиллаж байна.
Таван Богд Группт миний үнэт зүйлтэй нийцдэг нэгэн уриа үг байдаг. ӨДӨР БҮР БАЙДАГ ЧАДЛААРАА. Хувь хүнийхээ хувьд би өдөр хоногийг аргацааж өнгөрөөсөн, сул дорой нэгэн байхыг хүлээн зөвшөөрдөггүй, харин өдөр бүр бүх чадлаараа хичээж ажиллахыг эрмэлздэг. Группийн маань бас нэг таалагддаг зүйл нь аливаа бизнесийн шийдвэр маш хурдан хэрэгждэг. Өнөөдрийн бизнес, эдийн засгийн орчин маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өмнө нь магадгүй жилээр яригддаг байсан зүйл өнөөдөр цаг минутаар өөрчлөгдөж, бизнесийн орчин хүчтэй өрсөлдөөнд дунд байна гэж ойлгож болно. Нэг жишээ хэлэхэд саяхан нээлтээ хийсэн MG Steak рестораныг байгуулах санал 2022 оны 2 сард яригдаж эхлээд 6 сар гэхэд ашиглалтад орж, үйлчлүүлэгчээ авч эхэлсэн. Энгийн жишээгээр бол рестораны бизнес 1-2 жилийн хугацаа зарцуулдаг. Бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгчийн сегмент, санхүүгийн ашиг алдагдал, эдийн засгийн нөхцөл байдал гээд удаашруулах олон шалтаг гарч болох л байсан. Гэтэл анх энэ санал хурал дээр яригдсанаас хойш бүх шатны судалгаанууд 7 хоногтоо багтаж хийгдэн шийдвэр гарч, бэлтгэл ажлууд хангагдаад өнөөдөр энэ төсөл хэрэгжээд явж байна.
Таван Богд Группийн санхүү удирдлагын газрын ажилтнууд хамгийн урт хугацаанд тогтвортой ажилладаг. Тогтвортой урт хугацаанд ажиллахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ? Ингэснээр санхүүгийн ажилтнуудад ямар давуу тал үүсдэг вэ?
Дээр хэлсэнчлэн монголын хамгийн олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа групп компанийн хувьд санхүү төлөвлөлт, бүртгэлийн ажилтнууд маань урт хугацаанд тогтвортой ажиллахад нөлөөлдөг гэвэл сонин байна уу? Үнэндээ тийм. Группийн хүний нөөцийн бодлогоор ротацийн систем нэвтрүүлж, санхүүгийн ажилтнууд нэг ажлын байранд 2-с дээш жил ажилдаггүй. Жишээ нь нэг санхүүгийн шинжээч маань хүнс үйлдвэрлэлийн компанид ажилд орсон бол, 2 жил болсны дараа автомашины бизнес рүү, эсвэл өөр барилгын бизнес рүү шилжих, магадгүй тушаал дэвшүүлэх зэргээр өөрчилдөг гэсэн үг. Тэгэхээр хүн уйдах, ажлаасаа залхах завгүй гэсэн үг. Жишээ нь манай нэг нягтлан бодогч 16 жил групптээ ажиллахдаа7 компанид шилжин ажиллаж, олон ерөнхий нягтлан бодогчдыг сурган ажиллаж байна. Ингэснээр тухайн ажилтан мэргэжлээрээ өсөж хөгжих, шинэ бизнест суралцах, мэдлэгийнхээ хүрээг тэлэх, бусад ажилтнуудаа сургах, залгамж үеэ бэлдэх зэрэг боломжууд бүрддэг. Группийн өөр нэг давуу тал нь бид бизнесийн аливаа шийдвэр гаргахдаа санхүүгийн тооцоолол дээр тулгуурлан илүү бодитоор шийдвэр гаргадаг. Энэ нь өөрөө бүртгэл тайлан, санхүү төлөвлөлтийн ажилтнууд хурдан шуурхай, зөв алдаагүй ажиллах шалтгаан болдог. Өдөр тутмын шийдвэрүүд гарахдаа ч хэн нэгэнд төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээс илүү тооцоо судалгаа зэрэг мэдээлэл дээр тулгуурлаж гардаг учир зөв тоог, зөв гаргалгаа дээр суурилж гаргаж сурна гэсэн үг. Бид тооцоололд суурилсан компани гэж ойлгож болно. Гурав дахь том шалтгаан бол хүний нөөцийн бодлогын хүрээнд бид ямар нэг орон тоо гарч ирэхэд гаднаас биш дотроосоо ажилтнуудаа дэвшүүлэх боломжийг эрэлхийлдэг. Хэрвээ үнэхээр тохирох хүн олдохгүй бол гаднаас авдаг, тэгэхээр өсөж дэвших боломж нээлттэй гэж ойлгож болно.
Санхүүгийн ажилтнуудад ажил мэргэжлээ гүйцэтгэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Ta өөртөө удирдлага хүний хувьд ямар шаардлага тавьж, багийнхныгаа хэрхэн чиглүүлдэг вэ?
Хувь хүнийхээ хувьд Comfort zone-д байж чаддаггүй. Үргэлж суралцахыг хичээж, мэдлэгийнхээ, ажлынхаа цар хүрээг нэмэх гэж хичээдэг. Байнга өөрийнхөө дутуу байгааг, илүү хөгжих шаардлагатай гэдгээ алхам тутамдаа мэдэрч ажилладаг гэж ойлгож болно. Танд нэг л тааламжтай, тухтай, ажил чинь амархан санагдаад эхэлбэл, хувь хүний хөгжил чинь зогсож байна гэж ойлгоход буруудахгүй. Өнөөдрийн та магадгүй хангалттай санагдаж байж болох ч, өөрийнхөө дутагдаж байгаа ур чадвараа харж, түүн дээрээ ажиллах хэрэгтэй. Би шинэ ажитнууддаа дөрвөн жил бакалаврт суралцсан бол, мэдлэгээ практик дээр баталгаажуул, цаашлаад илүү нарийн мэргэшиж, олон улсын CFA мэргэшсэн санхүүгийн шинжээч, ACCA, CPA гэх мэт мэргэшсэн нягтлан бодогчийн зэргүүдийг авахыг санал болгодог.
Эдгээр мэргэжлийн зэргийг авахад дор хаяж 3 жил цаашлаад 5 сурч байж авна. Тэр чинээгээр мэргэжлээрээ илүү нарийн мэргэшнэ. Мэдээж заавал олон улсын зэрэг авах ёстой биш ч, даяарчлагдаж байгаа энэ санхүүгийн ертөнцөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц, дэлхийтэй нэг хэлээр ярьдаг санхүүч болохыг хүсэж байвал өөр арга байхгүй.
Орчин үед бизнесүүд томрохын хэрээр зөвхөн Монголдоо үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.. Өөрөөр хэлбэл олон улсын компаниуд, банкууд, стратегийн түвшний бизнес хамтрагчтай болж байна. Зөвхөн монголоор төсөөлж ажлаа төлөвлөж болохгүй байна. Гадны компаниудтай ажиллахаар олон улсын стандарт шаардаад эхэлдэг. Тэрхүү шаардлагад нийцэхийн тулд бид өөрсдөө илүү мэргэжлийн байх, тухай стандарт дүрэм журмыг компанидаа хэрэгжүүлсэн байх ёстой болдог. Тэднээс сурах биш, тэдэнтэй нэг хэлээр, нэг түвшинд ярилцах хэрэгтэй болж байгаа юм.
Мэдээж бид ч гэсэн адилхан суралцсаар явна. Гэхдээ ямартай ч дэлхийн томоохон компаниудтай зээл, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр нэг хэлээр ярьдаг болсон. Тэгэхээр энэ түвшин дээр орж ирж байгаа залуус юу сурах уу? Хүн 4 жил сургууль төгсөөд өөрийгөө мундаг болчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Би ч гэсэн тийм байлаа. Гоё сургуулийг онц төгсчихвөл бүр, бүгдийг мэдэх юм шиг санагддаг. Ийм байдлаар шинэ ажилтнууд ажлын байран дээр орж ирдэг. Үнэндээ хамгийн анх ажлын гараагаа эхэлж буй компаниас тухайн хүний карьерын замнал, бараг амьдралын чиг баримжаа шалтгаалдаг гэж хэлж болно. Ажлын гараагаа эхэлж байгаа компани нь зөв соёлтой, хөгжсөн, чиний ажиллах гэж байгаа салбарын хөгжил дэвшлийг илэрхийлж чадаж байна уу гэдгийг харах л хэрэгтэй. Нэгэнт сонгоод орсон бол, дараагийн алхам нь өөрийн гэсэн ментортой болох нь чухал. ТА өөрийнхөө давуу талаа улам зүлгэж, сул талаа хөгжүүлэх байдлаар ментортойгоо ажиллах нь хувь хүний ирээдүйн амжилтад шууд нөлөөлнө. Эцэст нь мэргэжлийн зэргүүдээ авснаар чи ур чадвартай дэлхийд зөвшөөрөгдсөн санхүүч болно.
#ТаванБогдГрупп #ХамтынХүчАмжилтынТүлхүүр



