Мэдээ мэдээлэл | July 17, 2023

Ажлаа хобби болгох нь хүнийг аз жаргалтай болгодог

Та өөрийнхөө карьерын талаар товчхон танилцуулахгүй юу?

Миний карьерын замнал их энгийн. Би арван жилдээ улсын математик, физикийн олимпиадад идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Энэ нь миний ШУТИС-д барилга архитектурын мэргэжлээр суралцах шалтгаан болсон юм. 2-р курсээсээ Японы засгийн засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж Гифү хотын технологийн коллеж болон Токиогийн Технологийн Институтэд 2008-2014 он хүртэл суралцан бакалаврын зэрэг авсан. Японд өнгөрөөсөн он жилүүд миний ажил, амьдралдаа баримтлах зарчмын суурийг тавьж өгсөн гэж боддог. Анх Токио хотын гудмаар алхаж явахдаа сүрлэг бүтээн байгуулалт, технологийн шийдлийг нь хараад өөрийн эрхгүй дуу алдаж билээ. Жил өнгөрөх бүр Япон улсын хөгжлийн нууц нь ард түмнийх нь ёс суртахуун, хөдөлмөрч зан гэдгийг гүнзгий ойлгосон. Тэд аливаа ажлыг эхлэхийн өмнө төлөвлөдөг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, цаг нарийн барьдаг, үгэндээ үнэнч байхыг хичээдэг гэх мэт олон авууштай зан чанартай. Жишээ нь, Би анх цагийн ажилд ордог өдрөө 5 минут хоцроод даргадаа маш их загнуулж байснаа тодхон санадаг. Тиймээс ч би Япончуудын соёл, зан чанар, баримталдаг зарчмыг нь  өөртөө  бага ч болов шингээн Монголдоо очихыг хүссэн. 2014 онд Монголд ирээд хэд хэдэн газарт ажлын ярилцлага өгч тэнцсэн. Гэхдээ Таван Богд Группийг  Япон менежментийн арга барилтай ажилладгийг мэдээд барилгын инженерээр орохоор шийдсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл мэдлэг туршлагаа баяжуулан ажилласаар байна.

Та ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

Ерөнхийд нь  дүгнээд хэлэхэд  би үндсэн дөрвөн зарчимтай.

Нэгдүгээрт: Төлөвлөсөн ажлаа шуурхай гүйцэтгэх. Барилга бүтээн байгуулалт нь цаг хугацаатай үргэлж уралдаж явдаг. Тухайн хүний хийж буй ажил нь бусдын ажилтай салшгүй холбоотой тул ажлаа удаах нь багийн нийт бүтээмжид сөргөөр нөлөөлөх сөрөг талтай.

Хоёрдугаарт: Асуудалд биш шийдэлд төвлөр. Бие даан шийдвэрлэх боломжгүй асуудал үүссэн тохиолдолд хэд хэдэн шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулж багаараа хуралддаг. Энэ нь богино хугацаанд хурлаар оновчтой шийдвэр гаргах боломжийг олгодог.

Гуравдугаарт: Хүлээлтээ нэгтгэх. Би багийн гишүүдтэйгээ тэд миний ажлаас хэзээ, ямар үр дүн хүсэж байгаа болон би тэднээс юу хүсэж байгаагаа тогтмол ярилцаж тодорхой болгодог. Энэ нь багийн гишүүд нэн шаардлагатай гол ажлуудаа тодорхойлох, гүйцэтгэлтэй холбоотой үл ойлголцол үүсэхээс сэргийлдэг.

Дөрөвдүгээрт: Чин сэтгэлээсээ хандах. Хүн аливаа ажилд чин сэтгэлээ зориулж чадаагүйгээс аз жаргал, амжилтыг хайсаар л байдаг гэж боддог. Тиймээс би тухайн цаг мөчид хийж буй ажилдаа 100% төвлөрч, өндөр чанартай гүйцэтгэхийг зорьдог. Ажлаа хобби болгох нь хүнийг аз жаргалтай болгодог шүү дээ.

Таны хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга юу вэ?
 

Би өглөө эрт босоод хийх ажлуудаа чухлын зэргээр нь ангилж төлөвлөдөг. Хүн зорилго тавьсан байхад түүндээ хүрэх гэж бүтээмжтэй, хурдтай ажилладаг. Мартсан жижиг ажлууд эргээд цаг их зарцуулах том зүйл хувирах боломжтой  тул төлөвлөгөөндөө орхигдуулахгүй байх нь чухал. Мөн хийсэн ажлаа давтан хийхгүйн тулд тухай бүрд ажлаа чанартай хийх нь чухал гэж боддог.

Та юунаас эрч хүч авдаг вэ?

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, амьдралынхаа сайн сайхан зүйлсийн талаар бодох, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг харах нь надад ажиллах урам зориг, эрч хүч өгдөг.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, 60-100 зуун жилийн насжилт даах өндөр чанартай бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа нь миний ажлын хамгийн сайхан зүйл гэж боддог. Нөгөө талаас барилгын салбар нь эрсдэл өндөртэй байдаг. Нэг алдаа л гаргавал санхүү, цаг хугацаа, барилгын үйл ажиллагаанд ихээхэн хохирол авчрах эрсдэлтэй. Тиймээс алхам бүрээ зөв эсэхийг нь нарийн нягтлах шаардлагатай болдог. Гэхдээ тусалж дэмжих чадварлаг баг хамт олонтой учир хоорондоо ярилцаад л шийдээд явдаг.

Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Чөлөөт цагаараа англи хэл дээр барилга угсралттай холбоотой дэвшилтэт технологийн материалууд унших дуртай. Мөн санхүүгийн тайлан тооцоо гаргах арга техникүүдийн талаар судалдаг. Түүнчлэн Таван Богд Группээс ажилтнуудаа зориулж зохион байгуулдаг олон талын сургалтуудад тогтмол хамрагдаж, ур чадвараа хөгжүүлж байна даа.

Бусдаас авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Надад нэг сул тал байсан. Тэр нь асуудал гарсан тохиолдолд сандарч, гол санаагаа тойруу байдлаар илэрхийлдэг. Нэг өдөр багийн гишүүд болон захиралтайгаа хуралдлаа. Тэр үед манай захирал тайван бөгөөд товчхон гол санаагаа илэрхийлж бай гэсэн энгийн зөвлөгөөг өгсөн. Тэр цагаас хойш үгээ цэгнэж хариулдаг болсноор сул талаа арилгаж чадсан гэж боддог.

Эцэст нь, Нийт уншигчдадаа та ямар ч мэргэжлийг сонгосон бай түүндээ тууштай байж үр шимийг нь хүртээрэй гэж хүсье.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай