Подкаст, ярилцлага | July 17, 2023

Таван Богд Группийн маркетингийн газрын захирал Ж.Оюунчимэг

 

Сайн байна уу, Таван Богд Группийн маркетингийн газрын захирал Ж.Оюунчимэг танд болон танай хамт олонд Монголын Маркетеруудын өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр баярын өдрөөрөө ярилцлага өгч байгаа танд баярлалаа.  Та маркетингийн багийнхаа тухай товч танилцуулаач.
Өнөөдөр маркетингийн газар ба салбар компаниудад нийт  110 гаруй хүсэл эрмэлзэл дүүрэн, эрч хүч түгээсэн, бүтээлч маркетер, дизайнер, судалгааны мэргэжилтнүүд ажилладаг. 2007 онд анх би PR менежерээр ажилд орж байхад группийн хэмжээнд 20 хүрэхгүй маркетерууд ажилладаг байсан бол салбар компаниудын үйл ажиллагаа өргөжин тэлэх хирээр маркетерууд бид илүү олуулаа болжээ. Үе үеийн баг, хамт олон минь миний бахархал. Би тэднээсээ урам зориг авч, эрч хүчээр цэнэглэдэг. 
Ярилцлагын эхэндээ Таван Богд группт одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан нийт маркетерууддаа, энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуустаа мөн хамтран ажилладаг байгууллага, уран бүтээлчид, студийн бүтээлч залуустаа маркетеруудын өдрийн мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ талархаж явдгаа онцлон хүргэмээр байна.  

 

Та 15 жил энэ группт, маркетингийн салбарт тогтвортой ажиллажээ. Уйдах зав гарч байсан уу?
Надаас нэг ажлын байран дээрээ, нэг ажлаа хийгээд уйддаггүй юм уу ? гэж зарим хүн асуудаг. Групп маань хөгжиж, үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжих тусам бид олон төрлийн салбарт өөрсдийгөө сорих шаардлага гардаг. Мөн технологийн хөгжил, цахим шилжилтүүд хаа сайгүй нэвтэрч, түүнийг дагаад  хүмүүсийн амьдралын хэв маяг,  худалдан авалтын зан төлөв, мэдээлэл хүлээн авах сувгууд, үзэл хандлага гээд олон зүйл хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бид өдөр бүр  шинэ challenge –тай тулгардаг. Тиймээс надаас гадна нийт маркетерууд маань уйдах завгүй, байнга суралцаж, хөгжиж, урагшилж байна. Мөн, эрч хүчтэй хамт олон, итгэл хүлээлгэсэн удирдлагууд, ахин дэвшиж тасралтгүй суралцах боломж олгодог, дэмждэг зэрэг группийн соёл нь тогтвортой ажиллах суурь нь болсон гэж боддог.

 

Маркетеруудын ажил тухайн брэндийн, компанийн илэрхийлэл,  нэрийн хуудас нь  болдог хариуцлагатай ажил. Энэ талаар та өөрийн бодлыг хуваалцана уу.
Таван Богд Групп нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийгээ өөрийн брэндэд хэрхэн үнэнч байлгах вэ? гэж бодохоос илүү тэдэндээ үнэнч байхыг хамгаас чухалчилдаг. Тийм ч учраас маркетерууд бид өөрсдийн ажлын цар хүрээг хэрэглэгчдэд нийцэмжтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, сэтгэл ханамжит үйлчилгээ гэсэн өргөн цар хүрээтэйгээр харж, төлөвлөн, гүйцэтгэж, ажлын үр дүн бүрээ бодитойгоор хэмжиж, сайжруулалт хийхийг чухалчилдаг. 

Энгийн жишээ хэлэхэд, Группийн хэмжээнд 50 гаруй брэндийн 100 гаруй сошиал платформуудыг маркетерууд маань хөгжүүлдэг /FB, Tik Tok, Instagram, Youtube/. Эдгээрийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах суваг гэж харахаас илүүтэй хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах, тэдэнтэйгээ ойр байж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, тэдэнд зориулсан нийцэмжит бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх гол суваг гэж хардаг.

Мэдээж, маркетеруудын хийсэн бүхэн олны өмнө нээлттэй. Бидний ажил компанийн, брэндийн нэр хүндтэй холбоотой хариуцлагатай ажил. Тиймээс заримдаа би хатуу шаардлага тавина. Дараа нь арай л хатуудчихав уу даа гэж харамсах үе бий.

 

Та өөртөө ямар шаардлага тавьж, багийнхныгаа хэрхэн чиглүүлдэг вэ?
Аль болох итгэл үзүүлж,  хэрэглэгчдэд нийцэмжтэй байх зүгээс нь ажлаа төлөвлөн хийх эрх мэдэл маркетерууддаа олгохыг хичээдэг. Ажил хийж байгаа тохиолдолд алдаа гарч,  хаяадаа асуудал үүснэ. Алдаанаас айгаад хойш суугаад байвал боломжоос хоцорно. Тиймээс хурдтай, бүтээлч байхыг чухалчилна.  

Өөр өөр үеийн, өөр өөр амьдралын хэв маяг, зан төлөв, үзэл хандлагатай хүмүүстэй нэг дор амьдарч, ажиллаж байгаа энэ үед мэргэжлийн болоод удирдах арга барилын хувьд байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь миний үүрэг. Яг одоо болчихлоо л гэж бодвол бид тэндээ гацна. Тиймээс өөрөөсөө ч, багийнхнаасаа ч байнга шинэ зүйл хүсдэг. 

Дандаа залуучууд болохоор би тэдний нас, байр суурин дээр өөрийгөө тавьж үзээд ойлгохыг хичээдэг. Харин маркетерууддаа хэрэглэгчийн байр суурин дээрээс аливааг харж төлөвлөхийг зөвлөдөг.

 

Маркетеруудын сурч хөгжих боломжийн тухайд ?

Таван Богд Группийн хэмжээнд зохион байгуулагддаг сургалтуудаас гадна маркетингийн газраас шаардлагатай мэргэжлийн  болон  салбарын шинэ мэдээ мэдээлэл түгээх сургалтууд байнга зохион байгуулагдахын хамт маркетерууд  маань онцлох Best ажлуудаа танилцуулж,  knowledge sharing хийн нэг нэгнээсээ тасралтгүй суралцдаг. 

Мөн олон улсын брэндүүдтэй хамтарч ажилладаг болохоор тэднээс тогтмол суралцах боломж бүрдэж, сурч мэдсэнээ групп компанидаа нэвтрүүлдэг. Цар тахлын хорио дуусаж сайхан цаг ирж  байгаа болохоор 11 сараас эхлээд олон улсын сургалтуудад маркетер, дизайнерууд маань явж эхэлнэ.

 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай