Таван Богд Интернэйшнл ХХК –ийн гүйцэтгэх захирал О. Болорбат
Та Таван Богд Интернэйшнл ХХК –ийн гүйцэтгэх захирлаар ажиллаад 10 гаруй жил болжээ. Энэ бизнесийн CEO –оор ажиллахыг сонгох шийдвэр гаргахад хамгийн ихээр ямар хүчин зүйл таны шийдвэрт нөлөөлсөн бэ?
Тухайн үед би өөрөө гүйцэтгэх захирал болохыг сонгох гэхээсээ илүү удирдлагууд надад итгэл хүлээлгэж, чи чадна, багаа сайн бүрдүүлээд ажилла, бид бас дэмжиж ажиллах болно гэдэг үүрэг даалгавар өгч, урам зориг хайрласан. Би ч нэг талдаа их эргэлзэж, бас эмээсэн ч залуу омголон зангаар хүн хийж болж байгаа юм чинь би ч гэсэн хийж чадах ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьж байсан. Бас их хөөрч байсан. /инээв/ 😅
Манай Таван Богд Интернэйшнл ХХК-ийн хамт олон байнга шинэ соргог хэрэглээ, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, шинэлэг хэв маяг гэх зэрэг цаг үетэй уралдан, дэлхийн хамгийн шилдэг брэндүүдээс үргэлж тэргүүн туршлагуудыг суралцаж, Монголын хэрэглэгчдэдээ шинэ соёл, хэрэглээг нэвтрүүлэн ажилладаг. Бас бид зах зээлээс нэг алхам урд алхаж ажиллахыг зорьдог нь миний хувийн хүсэл эрмэлзэлтэй яв цав нийцэж, надад урам зориг өгдөг. 😊
Та анх судалгааны мэргэжилтнээр ажилд ороод хэдэн жил ажилласны дараа, хэдэн настайдаа гүйцэтгэх захирал болсон бэ?
Сургуулиа төгсөөд анх 2007 онд судалгааны мэргэжилтнээр ажилд орсон. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд өсөн дэвшиж, менежер, дарга болоод, 27 настайдаа гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Та багийнхаа гишүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?
Миний хувьд хамгийн чухал гурван шаардлагыг баримталдаг.
Нэгт: “Ямар ч зүйл бүтэхээсээ өмнө боломжгүй л мэт санагддаг” талаар Киосера -ийн хүндэт ерөнхийлөгч асан Инамори Казуо сан хэлсэн байдаг. Тиймээс би үзээд алдъя гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлэхийг зорьдог. Манай удирдлагын багийнхан бүгд борлуулалтын бизнес дээр мэргэшиж яваа залуучууд. Гэхдээ хүн туршлагажаад ирэхээр түүндээ хайрцаглагдах гээд байдаг учраас аль туршлага маань хувьсан өөрчлөгдөж байгаа зах зээл, нийгэм дээр үнэ цэнтэй хэвээр байгаа, аль нь биднийг хайрцаглаад байгааг ялгаж салгаж хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч ажиллах нь чухал гэж боддог.
Хоёрт: Аливааг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэх ёстой. Манай бизнесийн хувьд чанар гэдэг бол харилцагч, хэрэглэгчээ зөв ойлгож тэдэнд бодит үр дүн, үр ашиг авчрах ёстой байдаг. Нэг л удаа чанаргүй зүйл хийвэл үйлийн үр нь бидэнд ирдэг гэдгийг хүмүүстээ ухамсарлуулж ажиллахыг хичээдэг. Үүний цаад талд мөн Инамори сан -ийн өөрийн амин хувиа хичээлгүй хүнийхээ хувьд зөв зүйл хийх талаар философи оршиж байдаг.
Гуравт: Залгамж халаагаа сайн бэлдэх ёстой. Хүн бүр өөрөө өсөн дэвшихийн хэрээр бусдад боломж олгож, хөгжүүлж байж хамт олноороо, байгууллагаараа, нийгмээрээ илүү хөгжил дэвшилд хүрнэ.
Сайн борлуулалт хийхэд хамгийн чухал хүчин зүйлүүдийн талаар дурдаач.
Сайн борлуулалт хийх гэхээр үр дүнтэй болоод үр ашигтай борлуулалт хийх талаар хэлнэ гэж ойлгож байна. Үр дүнтэй борлуулалт гэхээр манай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд худалдан авч буй харилцагч /дэлгүүр, зах, супермаркетууд/ талынхаа онцлогийг зөв ойлгож, оновчтой бүтээгдэхүүнийг оновчтой тоо хэмжээгээр санал болгох гэж ойлгож болно.
Манайх дистрибьюшний бизнес учраас харилцагч бүрийнхээ талбар дээр тогтмол очиж, очилт бүр дээр алдаа оноогоо харилцагчтайгаа дүгнэн дараагийн сайжруулсан арга хэмжээг авч, хамтын бизнесээ уйгагүй өргөжүүлэн, нэг ойлголттой ажиллахыг хичээдэг.
Ингэснээр харилцагчтайгаа хамтын үр дүн болоод үр ашгийг бий болгож, урт удаан хугацаанд тогтвортой орших бизнесийг бүрдүүлнэ.
Таны бодлоор одоо цаг үед бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад хамгийн том сорилт юу байна вэ?
Энэ цаг үед өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж буй оролцогч талууд болох импортлогчид, дистрибьютерүүд, жижиглэн худалдаа эрхлэгчид хамтын бизнесээ шинээр загварчилж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг шуурхай биелүүлж ажиллах дээр хамтран ажиллах шаардлагатай болсон гэж боддог. Сүүлийн хэдэн жил конвениенс дэлгүүр, хайпермаркетын концепт, тэдгээрийг дагасан шинэлэг нөү-хау орж ирж байгаа нь хэвшсэн баригдмал чиг хандлагад асуулт тавьж, өөр өөрсдийн шийдлийг зах зээлд танилцуулж байна.
Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж буй байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд хязгаарлагдалгүй процессуудаа эргэн харж, автоматжуулж, импортлогчид, дистрибьютерүүд, жижиглэн худалдаа эрхлэгчид хоорондоо харилцан идэвхтэй хамтран ажиллаж чадвал асар их эдийн засгийн хэмнэлтийг бид хийж, автомат системийн үр дүнд ажилтнуудын бүтээмж болон цалин эрс нэмэгдэж, хэрэглэгчдийн гарт хүрэх бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж байна.
Дараагийн 5 жилд Таван Богд Интернэйшнл ХХК ямар түвшинд хүрсэн байна гэж зорьж байгаа вэ?
Манай хамт олон хэрэглэгчдэдээ өнөөг хүртэл хүргэж ирсэн үнэ цэнээ улам илүү хүртээмжтэй болгохын зэрэгцээ нэн шинэ чиг хандлагыг соргог хүлээн авч зах зээлд хүргэн ажилласаар байх болно. Бид ийм болно, тийм болно гэж олон нийтэд дэлгэхээс илүүтэйгээр хийж байгаа ажлаа сайн хийж, хамгийн шинэлэг, хамгийн хүртээмжтэй байснаар зах зээл дээр тэргүүлэгч байр сууриа улам бататгах болно гэдэгт итгэлтэй байна.
Таны өөрийн хувийн зорилго зорилт тань юу вэ?
Би ер нь философилог хүн юм шиг байгаа юм. 😊
Хамгийн түрүүнд хэрэглэгчдэдээ илүү шинэ хэрэглээг илүү хялбараар нээж өгөх юм сан гэж хүсдэг. Учир нь хүн авахаасаа өгөх нь амар юм шиг санагддаг. Өгч чадвал авч чадна, улмаар компанийн маань ашиг орлого өснө.
Удаах нь хамт олны маань хүн нэг бүрийн цалин орлого, хувь хүний чадамж бизнесээ дагаад өсөж байгаасай гэж хүсдэг. Иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ. Амьдралаа аваад явах хэмжээний орлоготой, түүнээсээ ч илүүг хийж бүтээх чадвар, эрмэлзэлтэй хүмүүс манай нийгэмд хэрэгтэй байгаа.
Түүний дараагаар хийж байгаа ажил маань нийгэмдээ хэрэгтэй, байгальдаа хор хөнөөлгүй, эерэг нөлөөлөлтэй байж, улсдаа орлого ашгаасаа шударгаар татвараа төлж ажиллах учиртай.
Эцэст нь энэ бүх боломжийг олгосон хувьцаа эзэмшигчдэдээ энэ олон эерэг өөрчлөлтийг бий болгох боломжийг олгосонд талархаад хангалттай ногдол ашиг өгөх учиртай.
Дээрх дөрвөн хүсэл минийх гэхээс илүү манай компанийн түнш алдарт Johnson & Johnson компанийн “Our Credo” буюу “Бидний Үнэмшил” хэмээн томьёолсон үнэт зүйлс юм шүү. Компани гэлтгүй аливаа ашгийн бус, бас төрийн байгууллага удирдаж байгаа хүн өөрийн гэсэн хүчтэй философитой, түүнээсээ няцдаггүй байх ёстой гэдэгтэй би санал нэг байдаг. Миний философи J&J -ийн дээрх үнэт зүйлстэй ойролцоо санагддаг учир энэ философидоо хэзээд үнэнч гүйцэтгэх удирдлага байхыг эрмэлздэг.



