Таван Богд Трейд ХХК –ийн дэд захирал О. Доржханд
Та хүний нөөц суурьтай, энэ чиглэлээр нийт 9 жил ажилласан. Хүний нөөц мэргэжлийн хамгийн чухал үүрэг роль нь юу байдаг вэ?
Компанид ганцхан шавхагдашгүй нөөц байдаг. Тэр нь хүн юм. Бидний эргэн тойронд хөгжил дэвшил жилээр, сараар биш цаг минутаар ямар их хурдацтай өөрчлөгдөж байгааг бид харж байна. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийг зөвхөн хүн хийж байгаа. Тэгэхээр хүн өөрөө асах их нөөц, чадамжтай, юуг ч хийж чадах потенциалтай юм. Хүний нөөцийн ажилтан нь тухайн ажилтныхаа авьяас чадвар, нөөцийг олж илрүүлж, тэрийг нь ашиглах боломжийг нь бүрдүүлж, зөв чиглүүлэх нь хамгийн чухал юм.
Хүний нөөц гэдэг 2 хэсгээс бүрддэг гэж боддог. Тухайн компанийн бодлогын хэмжээнд, бүтцийн хэмжээнд, соёл, бүтээмжийн хэмжээнд, ажилтнуудын хөгжил дэвшлийн хүрээнд архитекторыг нь гарган удирдан ажиллаж байгаа хэсэг бол одоо яг компани бүрийн хүний нөөцийн ажилтнуудын үндсэн функц юм. Харин тухайн ажилтны давуу талыг олж харан, түүнд байгаа бүхий л нөөц бололцоог гаргаж удирдан чиглүүлж, бүхий л чадлаар нь дайчлан хөгжүүлж баялаг бүтээлгэдэг, бүтээмж бий болгуулдаг хэсэг нь удирдлагууд буюу тухайн ажилтныг удирдан чиглүүлж, өдөр тутам хамтран ажиллаж буй удирдлага нь юм.
Жишээ нь: Хамгийн сайн хүний нөөцийн менежер хэн бэ гэвэл би Чингис хааныг гэж хэлнэ. Чингис хаан тэр олон жанждаа бүгдийг нь маш сайн таньж, ямар давуу талтайг нь мэддэг байсан бөгөөд хэнд, хэзээ, ямар ажил даалгах, хэнтэй хэрхэн ярилцах, нөхөрлөх, хэнд ямар хэргэм зэргийг олгох, хэзээ хэнийг магтах, сайшаах, ял зэм ногдуулах зэргийг үнэхээр гайхалтай цагийг нь олж менежмент хийдэг байсан буюу тухайн жанжны нөөц бололцоог тултал ашиглаж, урт удаан хугацаанд үнэнч шударга, бүх сэтгэлээ зөвхөн Чингис хаанд, Их Монгол улсад зориулах үнэт зүйлээр нь удирддаг байсан хэмээн боддог. Чингис хаан агуу сэтгэл зүйч болоод асар өндөр менежментийн арга ухаантай хүн байжээ. Энэ талаар удирдах ажилтнуудтайгаа ярилцах дуртай.
Та Таван Богд Группийн үнэ цэнтэй ажилтан болоод 13 жил болжээ. Энэ хугацаанд Хүний нөөцийн алба хэрхэн өргөжин тэлсэн бэ? Хүний нөөцийн газрын амжилтыг юугаар үнэлэх вэ?
Амжилттай бизнес бүрийн цаана Хүний нөөцийн зөв бодлого явагдаж байдаг. Таван Богд Группийн бизнесийн цар хүрээ маш их өргөжин тэлж, салбар бүрдээ манлайлж байна. Бизнесийн тэлэлт, хөгжил дэвшлээр тухайн компанийн Хүний нөөцийн багийн амжилтыг тодорхойлдог. Мөн, компанийн үнэт зүйл, зорилго зорилт, алсын хараа, соёлтой хүний нөөцийн бодлого нягт уялддаг.
Та ажлын эерэг орчныг хэрхэн бүрдүүлдэг вэ?
Ер нь их энгийн л дээ. Empathy буюу бусдыг мэдэрч ойлгодог байхад л эерэг орчин өөрөө бий болно. Хэнтэй ч байсан сайхан мэндлээд, хэний ч өөдөөс сайхан инээмсэглээд, хэн нэгнийг ялгалгүй харилцах нь өөрт нь амар өрөөлд ч таатай. Мөн, дотоод арга хэмжээ, спортын арга хэмжээ, сургалт зэрэгт манлайлан оролцож, ач холбогдол өгдөг бөгөөд 2 дахь гэр бүл болсон ажилтнуудтайгаа илүү ойр нөхөрлөхийг чин сэтгэлээсээ хичээдэг.
Ажилтныхаа гэр бүлд санаа тавихаас эхлээд, ажлын хамт олны сайхан дулаан уур амьсгалыг бүрдүүлж, илүү анзааргатай, халамжтай байхыг хичээдэг. Удирдлага ямар үзэл бодолтой, ямар үнэт зүйлтэй хүн байхаас хамааран тэр компанийн соёл, ажилчдын уур амьсгал тэр чигээрээ тогтдог.
Гэхдээ мэдээж ажил дээр удирдах, удирдуулах ёс, хүндлэл гэж зүйл бий. Үүнийг алдагдуулж болохгүй.
Таван Богд Групп –д ажилладаг ажилтнуудад ямар давуу талууд үүсдэг вэ?
Компани танил тал харж, хэн нэгэнд илүү эрх өгдөггүй. Чин сэтгэлээсээ, өөрийгөө дайчилж ажилладаг хэн бүхэнд шударга боломжийг олгодог. Ажлын байран дээр хүн цалин авахаас гадна, тасралтгүй хөгжин суралцаж, дэвшиж чадварлаг боловсон хүчин болж байдаг. Амьдрал дээр найз нөхөд, хамаатан садан, хань ижил хүртэл урвах тохиолдол байдаг. Харин компани хэзээ ч надаас урвахгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь хүн хичээл зүтгэлтэй байгаад, ажлаа сайн хийгээд л байвал, хичээл зүтгэлийг нь үнэлж, цалин урамшуулал, карьер хөгжил, хангамж байнга нэмэгдэж, ажлын байраар хангаад л байдаг. Хэрэв эсрэгээрээ, хүн өөрийгөө дайчлахгүй, хичээхгүй, залхуураад, ажлаа муу хийгээд байх юм бол тэр дор нь хална. Энэ чинь хамгийн шударга шүү дээ.
Хүний нөөцөөр ажиллахаар карьер хөөж байгаа залуучуудад хандан юу гэж захимаар байна?
Юун түрүүнд үнэ цэнтэй мэргэжил сонгосонд баяр хүргэе. Зөв хүнийг, зөв газар нь, зөв цагт нь ажиллуулж чаддаг хүний нөөц болоход, хамгийн түрүүнд бизнесээ ойлгоод, компанийнхаа үйл ажиллагаа болоод захирал, ажилтнуудаа юу руу зорьж, чиглэж байгааг гүн рүү нь нэвтрэн орж ойлгосны дараа тухайн ажлын байранд тохирсон хүнийг олж ажиллуулдаг байхаас эхэлнэ. Бас, хүнийг таньж мэддэг, ойлгож чаддаг, сэтгэл зүйн мэдлэгтэй байгаад ХҮН БИЗНЕС хоёрын уялдаа холбоог нэгтгэдэг, зөвхөн гүйцэтгэгч биш сэдэн үйлдэгч, манлайлагч хүний нөөц болоорой. Энэ чиглэлээр ажиллах гэж байгаа залуучууддаа бүгдэд нь ажлын амжилт хүсье. Зах хязгааргүй суралцагч байгаарай гэж захья. Мэдлэгт өлөн байгаарай. /инээв/
Дашрамд, Таван Богд Группийн 12,000 гаруй ажилтныг бүрдүүлэн, зөв бодлогоор удирдаж үр дүнтэй ажиллуулж, сурган хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх чухал үүргийг гүйцэтгэж группийн бизнест үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХҮНИЙ НӨӨЦИЙН нийт ажилтнууддаа баярын мэнд дэвшүүлье.



