Мэдээ мэдээлэл | July 17, 2023

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛИЙН ЦЭГТ ИРЛЭЭ

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө маш товчхон танилцуулаач. Хүмүүс магадгүй таныг Голомт банкны од, хувьцааны гүүр гэх мэтчилэн мэддэг байх. Гэхдээ хоёулаа өнөөдөр Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ гэдэг өнцгөөс ярилцах гэж байна? 

Би СЭЗИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Таван Богд Групп миний ажил, карьерын хувьд гурав дахь том гэр бүл маань болж байна. Анх 2007 онд намайг оюутан болоход ээж маань хувьцаа ав гээд 50,000 төгрөг өгч байсан юм. Миний хөрөнгийн зах зээлд хөл тавьсан анхны алхам тэр байлаа. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Би төгсөөд шууд л мөрөөдлийнхөө дагуу үнэт цаасны компанид ажилласан. Гэвч тухайн үед зах зээл бэлэн болоогүй байсан л даа. Гэхдээ бэлэн болох үед нь компани байгуулаад эргэн ирнэ гэж өөртөө хэлээд даатгалын компани болон банканд ажилласан түүхтэй. Тэр нь ч зөвдсөн. Харин одоо хөрөнгийн зах зээлийн эрчимтэй, хурдацтай хөгжих түүхэн цаг үе иржээ. Тиймээс би энд, энэ салбартаа эргэж буцалтгүй орлоо. Хийж бүтээх маш их зүйл бий. Хоногт 24 цагаас их хугацаа байдаг ч болоосой гэж бодож сууна.

 Таныг би харьцангуй залуу CEO гэж харж байна л даа. Энэ амжилтыг таны өнөөдрийг хүртэлх туулсан зам, хийж бүтээсэн ажил, бодит туршлагууд нийлж бүтээсэн гэж бодож байна. Тэгвэл та өөрийнхөө энэ амжилттай ажлуудаасаа бидэнд хуваалцаач? 

Хамгийн эхний томоохон ажил бол Монгол шуудан төрийн өмчит компанийг хувьчилсан явдал юм. 2015 онд Монгол Шуудан ХК-ийн 34 хувийг хувьчлах ажлыг Япон Шуудан болон Германы Шуудангийн хувьчлалын туршлагаас судалж байгаад гардан гүйцэтгэсэн. Нийт 6.2 тэрбум төгрөг босгосон. Тухайн үед 185 төгрөгөөр гарсан хувьцаа өнөөдөр 1,300 гаруй төгрөг болчихсон явж байна. Ер нь манай улсад төрийн өмчийн хувьчлал маш буруу явагддаг. Цөөн хэдэн мэдээлэлтэй хүмүүс чимээгүй авчихдаг. Гэтэл төрийн өмч гэдэг бол ард түмний өмч. Хэрэв хувьчлагдаж байгаа бол эргээд эзэндээ л очих ёстой. Яг энэ үзэл баримтлалаар ажиллаж хувьцааг нь хэн ч бай нэг ижил үнээр, нэг ижил цаг хугацаанд худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Залуу хүний хувьд энэ улс оронд бүгд тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг. Хаана ч явсан энэ зарчмаараа ажиллахыг хичээдэг дээ. Үүний дараа би Голомт банканд алтны дилерээс, Арилжааны хэлтсийн захирал хүртлээ дэвшин ажилласан. Энэ хугацаанд миний санаачилсан алтны төслийн үр дүнд банкны алтны зах зээлд эзлэх хувь нэг жилийн хугацаанд 10 дахин, ашиг 11 дахин өсөж байлаа. Мөн 999 сорьцтой цэвэршүүлсэн “Алтан Гулдмай” гаргасан нь хүмүүсийн дунд хамгийн чухал, бизнесийн түнш, хамтрагчдаа барьдаг бэлгийн дээд болсон байна. Бид алтаа ухаад л гаргачихдаг. Тэр алт дахиад эргээд Монголд орж ирдэггүй. Миний хувьд энэ их баялаг хөрөнгөө багахан хэмжээгээр ч болов Монголдоо үлдээе л гэж бодсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр алтны үнэ цэн нэмэгдэж, түүхэн өв болно. Мөн хадгаламжийн бүтээгдэхүүнийг гадаадын хувьцаа, түүхий эд, валютын ханштай уяж ашиг хүртэх, нөгөө талдаа анх хийсэн мөнгөө алдахгүйгээр эрсдэлийг нь бууруулсан гибрид хадгаламж гэх бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн. Алтны ханштай уясан гибрид хадгаламжаас жилийн 52 хувийн хүү авч байсан жишээ ч байдаг. Харин одоо хөрөнгийн зах зээлд ажиллаж байна. Хүмүүсийн зүүдэнд ч оромгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Чанартай мөн хялбар байх нь бидний нэн тэргүүний зорилт.

Танай компанийн уриа үг “Боломжоо бодит болго”. Яагаад компанидаа ийм уриа үг гаргах болов? Таны өөрийн санаа гэж сонссон. Энэ талаар?  

Хүн бүрд БОЛОМЖ гардаг, байдаг, бий болдог. Гагцхүү тэрхүү боломжоо олж харж чадах уу?, олж харснаа үйл хэрэг болгож ашиглаж чадах уу гэдэг нь л хувь хүний асуудал юм байна лээ. Би ч өөрөө олон удаа ийм нөхцөл байдалд орж байсан. Олон хүн надад нэг ийм боломж, тийм боломж байсан. Би гэхдээ ашиглаж чадаагүй гэж харамсаж ярьдаг. Тиймээс бид тэр БОЛОМЖУУДЫГ харилцагчдадаа хэлж өгөх, боломжийг нь БОДИТ БОЛГОХ арга замыг зааж өгөх хэрэгтэй юм байна. Тэгж чадвал харилцагчид маань тун баяртай болох юм байна гэж дүгнэсэн. Бид харилцагчдынхаа боломжийг бодит болгож өгөхдөө мэргэжлийн ёс суртахуун, ур чадвараа дайчлан ажиллаж, найдвартай түнш нь байхын төлөө тасралтгүй ажиллах болно.  

Таван Богд Капитал ҮЦК нь Таван Богд Группийн 20 дахь охин компани. Групп ер нь яагаад хөрөнгийн зах зээл рүү орох болов?  

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарын тэлэлтээс үүдэн хурдтай томорлоо. Үүний хэрээр хуримтлалтай хүмүүс их болсон. ААН-үүд маань ч их томорлоо. Харин одоо хувь хүмүүс, компаниуд хөгжлийн дараагийн үе шат руугаа орж байна. Компаниуд илүү том амбиц тавьж дэлхийд гарахын төлөө ажиллаж эхэллээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулъя, мөн өөрсдийн бизнесүүдийг хөрөнгийн зах зээлд гаргая, цаашлаад хамтдаа дэлхийн зах зээлд өрсөлдье, дэлхийд Монгол улсын байр суурийг ахиулъя гэсэн алсын хараатай ажиллаж байна. 

 Таван Богд Группийн охин компаниуд нээлттэй хувьцаат компани болох эсвэл бонд гаргах ажил хийгдэх юм байна гэж ойлголоо? Зөв үү? 

Тийм ээ. Тун удахгүй маш таатай нөхцөл бүхий бонд гарна. Цаашлаад охин компаниудын нэг болох ХААН банк IPO хийхийг бүгд мэдэж байгаа. Говь ХК Монголын хөрөнгийн зах зээлийг өнгөлдөг компаниудын нэг. Таван Богд Групп бол улс төрөөс хамааралгүй, уул уурхайн салбараас ашиг орлого олдоггүй. Энэ бол хөрөнгө оруулагчийн нүдээр харахад маш том давуу тал юм. Яагаад гэвэл эрсдэл маш бага, дээрээс нь тогтвортой өсөлт үзүүлэх боломжтой бизнесүүдийг эрхэлдэг. 

Таван Богд Групп Монгол Улсын банк санхүүгийн системийн номер нэг нөлөө бүхий Хаан банкны 40 хувийн хувьцааг эзэмшдэг. Монгол банк арилжааны ТОП-5 банкийг  нээлттэй хувьцаат компани болохыг зөвшөөрчихлөө. Энэ талаар таны өнцөг ямар байгаа вэ? 

Банкны хувьцаа эзэмшигчдийг задлаад нээлттэй болгох нь эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой реформ юм. Монголын санхүүгийн зах зээлийн сүүлийн 30 жилд түүхэнд  ийм хувьсгал болж байсангүй. Нөгөө талаасаа системийн банк гэдэг бол товчхондоо дампуурч болохгүй л таван банк гэсэн үг. Аль нэг нь дампуурахад Монгол улсын банк санхүүгийн систем, эдийн засаг доголдоно. Тийм л том, хамгийн чанартай, найдвартай банкнууд хувьцаагаа гаргана гэсэн үг. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд банкны хувьцаа авах гэж буй хүмүүст хамгийн түрүүнд улс төрийн эрсдэлийг бодож үзэхийг зөвлөнө. Улс төрөөс хамгийн бага хамааралтай банкийг сонгох нь урт хугацаандаа таны хөрөнгө өсөхөд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, санхүүгийн тайланг нь харьцуулж үзэх хэрэгтэй. Түүхэн үзүүлэлт нь тогтвортой өсөлт гаргаж ирсэн, цэвэр ашиг сайтай, ногдол ашиг өгөх боломжтой хувьцааг сонгох нь зүйтэй. Хөрөнгө оруулалт хийх гэж буй хүмүүс банкийг өндөр өгөөж өгнө гэж харах биш харин эрсдэл багатай, боломжийн өгөөж хүртэх хөрөнгө оруулалт гэж харах нь зүйтэй. Боломжийн гэдэг нь ногдол ашиг, ханшийн өсөлт нийлээд жилдээ 15 хувиас дээш байхыг хэлж байгаа юм.   

Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай, охин компаниуд дундаас Говь ХК-ийн хувьцаа нээлттэй байдаг. Говь ХК-ийн хувьцааны ногдол ашиг, өгөөж, үр дүнгийн талаар товчхон мэдээлэл өгөөч? 

Товчхондоо бол гол гурван л зүйл бий. Нэгдүгээрт, Монгол улс ноолуурынхаа 10 орчим хувийг л боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Дэлхийн зах зээлд зарж л чаддаг юм бол түүхий эд нь хангалтай байна гэсэн үг. Эцсийн бүтээгдэхүүн болгоод зарж чадвал жилдээ тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Хоёрдугаарт, түүхий эд нь төгрөгөөр, орлого нь ам.доллароор орж ирнэ. Ихэнх Монгол бизнес яг эсрэгээрээ байдаг. Түүнээс үүдэн үргэлж ханшийн эрсдэлд ордог. Говь ХК-ийн хувьд ам.долларын ханшийн өсөлтөөс ч ашиг олж байдаг. Гуравдугаарт, хамгийн чухал нь буюу дэлхийн зах зээлд зарж чадах юм уу? гадаадынхан худалдаж авах юм уу? гэсэн асуулт. Говь ХК сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд онлайнаар бүтээгдэхүүнээ худалдах алхмыг шат дараатай хийж багагүй амжилтыг аль хэдийнээ гаргачихсан. Энэ талаар тайлангаас нь бодитоор дэлгэрэнгүй харж болно. Одоо хоёр дахь том алхмаа хийхээр тасралтгүй ажиллаж байна.  Төв аймагт үйлдвэр барих ажлаа эхлүүлж байна. Ажилтнууддаа үнэгүй хувьцаа эзэмшүүллээ. Энэ мэтээр бэлтгэл хангагдаж байна. Миний бодлоор манай хөрөнгийн биржид байгаа компаниудаас хувьцаа нь  хангалттай өсөж амжаагүй байгаа хувьцаа бол Говь ХК. Дашрамд дурдахад Говь ХК-г 2007 онд Таван Богд Групп хувьчилж авснаас хойш хувьцааны ханш 14 дахин өссөн байна.

Таван Богд Капитал ҮЦК-ийн онцлог давуу тал, бусдаас ялгарах ялгарал, үнэ цэн юу вэ? 

Манайх үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэлтэй  

1. Брокер буюу харилцагчийг гадаад, дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд зуучлах 

3. Андеррайтер буюу компаниудад хувьцаа болон бондоор санхүүжилт босгож өгөх 

3. Хөрөнгө оруулалтын зөвлөх буюу харилцагчийг оновчтой шийдвэр гаргаж мөнгөө өсгөхөд нь тусалж, дэмжин ажиллах 

4. Онол практик хосолсон онлайн ба танхимын сургалтыг анхан, дунд, гүнзгий шатанд зохион байгуулах юм.

Бид эхлээд дотоодын зах зээлд хамгийн найдвартай компаниудын бондыг гаргаж, харилцагчдадаа эрсдэл багатайгаар мөнгөө өсгөх боломжийг нээж өгнө. Мөн гадаадын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд харилцагчдынхаа найдвартай түнш нь болж ажиллахаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид хувьцаагаа сонгоход нь мэдээлэл, судалгаагаар тогтмол хангаж ажиллана. Товчхондоо, бид харилцагчдынхаа хувьцаа авахаас эхлээд, зарах хүртэл нь хамт байна аа л гэсэн үг. Энэ бүгдийг бид технологийн дэвшил ашиглан дижитал хэлбэрээр зохион байгуулна.

Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе? 

Монгол Улсын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө үсрэнгүй үеийн эхэнд ирээд байна. Гадаад, дотоодын зах зээлд хөрөнгө оруулах өргөн боломж бий болно. Тэр бүхнийг бүү алдаарай. Боломжоо бодит болго – Таван Богд Капитал 

Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Компанийнх нь үйл ажиллагаа болон хамт олонд нь амжилт хүсье.  

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай