Подкаст, ярилцлага | July 17, 2023

МG рестораны ерөнхий тогооч Н.Баяраа: ''Тогооч хүн амьдралынхаа ихэнх цагийг гал тогоонд хамт олонтойгоо өнгөрөөдөг учраас инээд цалгисан ажлын орчин, хамт олныг бүрдүүлэхийг хүсдэг.''

  1. Та олон жил Хятад, Япон, Францад тогоочоор сурч ажилласан, Монголдоо ажилласан эдгээр жилүүдэд ямар замыг туулсан бэ?

Сайн байна уу, Би өөрийн ажлын карьер, амьдралыг хоол хийхэд зориулсан. Анх Монголдоо гал тогооны туслахаас, бэлтгэгч, ээлжийн ахлах, дунд төвшний ахлах хүртлээ 10 жил ажилласан. Үүний дараа Хятадад, Японд, Францад  мэргэжил дээшлүүлэх сургуульд сурч, мэргэжлээрээ ажиллаж амьдран Хятад, Япон, Франц хоолны ур чадваруудад суралцаж тус улсуудад нийтдээ 10 жилийн туршлага хуримтлуулсан. 

2. Яагаад монголд ирэхээр шийд гаргав? Францаас ирээд энд ажиллах сонголтод тань юу нөлөөлөв?

Сэтгэлийн дуудлагаа сонссон, эх орноо санасан. Эх орондоо ажиллаж амьдрахыг үгүйлж, сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэхийг хүссэн дээ. Мөн, одоогоор ганц бие учраас Монголдоо ирж гэр бүлийн хүнээ олохоор ирсэн /инээв/. 

3. Галлериа УБ -ын 3 давхарт MG гээд стэйкний шинэ ресторан нээгдсэн. Ресторан, бүтээгдэхүүнийхээ онцлогоос  3-ыг дурд  гэвэл та юуг хэлэх үү?

Манай MG Grill рестораны онцлог гэвэл: Гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай, баталгаатай Mon Beef брэндийн үхрийн махаар бэлтгэсэн 5 төрлийн стейкээр дагнасан ресторан юм. Мөн Үйлчилгээ болоод үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж манай рестораныг илэрхийлнэ. 

4. Тогооч хүн ямар байх ёстой вэ? Таны бодлоор?

Нэн тэргүүнд хоолны мэдлэг. Үүнд хүнсийг зөв хадгалах, болгох, зөв хэрэглээ зэрэг стандартын дагуу хийж, хүний эрүүл мэндийг тэтгэх, сэтгэлийг баясгах хоол хийх нь чухал. Нэмээд зөв хандлага хэрэгтэй. Сэтгэлээсээ хоол хийх нь хамгийн чухал гэж боддог. 

5. Туршлагатай тогооч болоход ямар ур чадваруудыг эзэмших шаардлагатай байдаг вэ?

Хоолны шим тэжээлийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, шинэ зүйлд үргэлж суралцах. Жишээ нь 

-Үйл ажиллагаа явуулж буй ресторан тухайн улиралдаа шинээр ургадаг ног,оо хүнсээрээ менюгээ 3 сар тутамд 70-80% шинэчлэн гаргах хэрэгтэй байдаг. Энэ нь тогоочийн ур чадварыг давхар маш сайн нэмэгдүүлдэг.

6.  Бүтээлч байдал хоол хийхэд хамаатай юу?  

Маш их хамаатай. Хоол нь харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүрэх гээд хүний 5 мэдрэхүйг зэрэг эзэмдэж чаддаг нь гайхалтай. Хүсэл тэмүүллээр дүүрэн, ажилдаа дур сонирхолтой нэгэн ажилдаа үргэлж бүтээлчээр хандаж, хэрэглэгч нартаа тэр гайхалтай мэдрэмжүүдийг өгөх хоолыг санал болгож, тэдний сэтгэлийн сайхан үгээр цэнэглэгддэг. 

7. Хоол хийхэд сэтгэлээсээ шингээж хийх нь амтанд маш их нөлөөлдөг. Ээжийн хийсэн хоол их амттай байдаг шүү дээ. Үүн шиг тогооч хүн бүх хоолыг сэтгэлээсээ хийх боломжтой байдаг уу?

Ажилдаа дуртай байхад тогооч хүн ажлаа хийж байхдаа хэзээ ч ялархдаггүй, сэтгэлээ шингээн хийдэг. Гал тогооны амьдрал өөрөө маш ачаалалтай үеүд зөндөө байдаг. Тэгээд, тухайн өдөр дуусаад баг хамт олноороо ажлынхаа ард гарахад тэндээс маш их урам, эрч хүчийг авдаг. 

Мөн гал тогоонд энерги их чухал байдаг. Тогооч хүн амьдралынхаа ихэнх цагийг гал тогоонд хамт олонтойгоо өнгөрөөдөг учраас багаа аль болох эрч хүчтэй байх талаас нь их анхаарч инээд цалгисан орчин, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хичээдэг. Завсар гарвал хөгжилтэй үг хэлж, зай гарвал инээдээр цэнэглэхийг хичээдэг дээ... /инээв/. 

8. Таны хэлэх дуртай үг.

Хэрвээ танд хүсэл тэмүүлэл байгаад, хоолонд хайртай нэгэн бол сайн тогооч байж чадна. 

#ТаванБогдГрупп #МGRESTAURANT #ХамтынХүчАмжилтынТүлхүүр


 

 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай