Мэдээ мэдээлэл | July 17, 2023

Таван Богд Вашёкү компанийн захирал Шимизү Күнитоши: Манлайлагч хүн хэлсэн үг, бодолдоо өөрөө хүрч чаддаг байх ёстой

-Та анх Таван Богд Группт ажиллаж эхэлсэн үеэ дурсан хуваалцана уу?

Би 18 настай байхаасаа Японд тогоочоор ажиллаж, 12 жилийн хугацаанд хичээнгүйлэн ур чадвараа сайжруулж, туршлага хуримтлуулсан. Гадаадад ажиллаж үзэх хүсэлтэй байгааг сонссон нэг найз минь Таван Богд Группийн ерөнхийлөгч Баатарсайхан гуайг таньдаг байж таарсан юм. Тэр үед Ц.Баатарсайхан захирал Японд ирээд буцаж байсан бөгөөд онгоц нь хөдлөхөөс хэдхэн минутын өмнө би ажлаа хаяад галт тэргээр яаран очиж, тавхан минут уулзаад салж байсан юм. Захирал намайг Монголд ирэхийг урьж, би 2006 онд анх удаа гадаад улсыг зорьсон нь Монгол байлаа. Тэр үед манай захирал намайг Япон хоолыг хэр хийдэг талаар сайн мэдэхгүй байсан учраас тухайн үед надаас гадна хоёр тогоочийн хоол хийх ур чадварыг шалгасан юм. Миний хоолны амт таалагдаж, сонгогдсоноор би 2006 оны 11 сараас эхлэн Кемпински зочид буудлын хоёр давхарт байсан “Сакура” ресторанд ерөнхий тогоочоор ажиллаж эхэлсэн. 

-Анх Монгол улсад ирээд ажиллаж байхад гарч байсан бэрхшээлүүд юу байсан бэ, мөн хэрхэн тэр болгоныг даван туулж байв?

Би тэр үед Монгол хэл, соёл мэдэхгүй, дээрээс нь анх удаа гадаад улсад ирж үзсэн. Анх юу ч мэдэхгүй, хүссэн хоолоо хийе гэхээр материал байхгүй, нэг хэсэг яахаа мэдэхгүй гацсан. Гэхдээ ямар нэгэн саад тулгарахад түүнийг даваад гарна гэсэн итгэлтэй байж, асуудлуудыг шийдэхийг оролдохгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Хичээсээр байвал цаг хугацааны явцад бэрхшээлүүдээ бага багаар давах болно.

-Таван Богд Вашёкү компанийн хувьд ямар үнэт зүйлийг эрхэмлэн ажилладаг вэ?

Манай компанийн хувьд бид үйлчлүүлэгчдээ нэн түрүүнд тавин ажилладаг. Бидний цалинг үйлчлүүлэгчид маань өгдөг. Үүнийг бид байнга санаж байх ёстой. Бид зөвхөн сайн ажиллаж, ур чадварын хувьд өсөхөөс гадна сэтгэл санааны хувьд өсөн дэвших ёстой гэж үздэг. Ажлын тав тухтай орчныг бүрдүүлж, нэг нэгэндээ сайхан сэтгэл гарган ажиллахыг бид эрмэлздэг. Ажлаа хийхдээ ч бид таатай, сэтгэл хангалуун, нэгэндээ ойр, эерэг байдаг. Ингэж чадвал бид үйлчлүүлэгч болон бусад хүмүүст найрсаг үйлчилгээ үзүүлж, сайхан харилцаа бий болгож чадна шүү дээ.

-Та “Монгол Улсад япон хоол сурталчлах, түгээн дэлгэрүүлэх анхны элч” болсон шүү дээ. Танд баяр хүргэе. Бас энэ мэдээг дуулаад та анх хэрхэн хүлээж авсан бэ?

Баярлалаа. Би яг шударгаар хэлэхэд, хоёр гурван жилийн өмнө Японы элчин сайдын яамнаас надад элч төлөөлөгч болох саналыг тавьж байсан юм. Гэхдээ тэр үед “Соёлыг түгээгч гэсэн ийм нэр хүндтэй зүйлийг надад гардуулах нь бас нэг талаараа намайг давраасан хэрэг болж мэдэх юм. Би зүгээр л ажлаа хийж байгаа шүү дээ” гэсэн бодол сэтгэгдэлтэй байсан учраас эелдгээр татгалзаж байсан. Гэвч удалгүй Ковид-19 халдвар тархаж, тэр цаг үе үнэхээр хүн бүхэнд хэцүү байсан. Би Японоос буцаж ирж чадахгүй хагас жил орчим болсон. Буцаж ирсний дараа би энд ажлаа хийхэд үнэхээр аз жаргалтай байсан. Ажлаа хийх нь надад үнэхээр чухал, ийм сайхан сэтгэгдэл төрүүлсэн учир үүний дараа би өөрөөсөө “Монголд миний хийх ёстой ажил, үүрэг юу вэ? Би энд юу хийхийг зорьж байгаа вэ” гэж асуусан юм. Тэр үед надад “Би энд япон хоолны соёлыг илүү түгээх хэрэгтэй юм байна, энэ миний үүрэг” гэж бодогдсон юм. Хөл хорио суларснаас хойш би нийгмийн үйл ажиллагаануудад илүү идэвхтэй оролцож, түгээх ажлаа илүү сайн хийхийг хичээж эхэлсэн. Тэгээд сая “Та Япон хоолны элч төлөөлөгч болох уу? Япон Монголын дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна” гэсэн санал дахин ирсэн. Сошиал сувгаар дамжуулаад Япон хоолыг Монгол дахь материалаар гэрийн нөхцөлд хэрхэн хийж болохыг таниулах контент хийж бага ч гэсэн сурталчилж, түгээж байгаа учраас хүлээж авсан. Ийм нэр хүндтэй өргөмжлөлийг авсандаа баяртай байна. 

-Япон соёл, хүмүүжлээр “Удирдагч”, “Манлайлагч” гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Удирдагч хүний хувьд миний үйлдэл, миний бодол бүр үр дагаврыг тооцоолсон, нухацтай байх ёстой. Би ажил дээрээ “За хоцорч болохгүй шүү” гэж хэлээд, шаардлага тавиад байгаа хэрнээ өөрөө хоцроод байвал тэр үгэнд ямар ч хүч байхгүй болно. “За чи сүши хий, аяга таваг угаа” гэж хэлээд байгаа хэрнээ би өөрөө хийж чаддаггүй байсан бол, би өөрөө хичээхгүй бол хэн ч чин сэтгэлээсээ миний үгэнд орохгүй, үгийг минь хүндлэхгүй. Манлайлагч гэдэг бол хэлдэг үг, бодож байгаа зүйлдээ өөрөө хүрч чаддаг хүн байх ёстой. Жишээ нь манай группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан бол хэлсэн үгэндээ, бодсон зүйлдээ үнэхээр хүрдэг. Би тэр чанараас нь ихээхэн суралцсан. 

-Япон хоолны онцлог нь, хамгийн сайхан нь юундаа байдаг вэ?

Япон улсад жилийн дөрвөн улирал ээлжлэх үетэй зэрэгцээд хот суурин бүрд өөр өөр хоолны материал гардаг. Ургамал, цэцэг мод хүртэл янз янз байхаас гадна улирал болон тухайн нутгаас шалтгаалан янз бүрийн аяга таваг хэрэглэнэ. Тэгээд хэрхэн тэр болгоныг ашиглаж хавар нь хаврын улирлыг мэдрүүлсэн зоог бэлдэх вэ, ямар цэцэг ногоогоор амтлах вэ гэж бодож, гүн ухаанч байдлаар ханддаг нь япон хоолны онцлог байх. Яг тэнд ургасан ногоо, тэр нутгаас барьсан загас, цэцэг ашиглан хоол хийж, тэндээ үйлдвэрлэсэн амтлагч, цуунд дүрээд иднэ гэдэг хүний биед хамгийн сайн. 

-Ажилтан, хамт олноо ямар байгаасай гэж хүсэж, юуг хамгийн ихээр захиж, шаарддаг вэ?

Хэрэв та өөрөө үйлчлүүлэгч байсан бол яавал таатай байх, яавал гоё сэтгэгдэл төрөх вэ? Хөмсөг зангидаад очих уу, эсвэл инээмсэглээд очих уу? Өөрөө үйлчлүүлэх гээд сууж байгаа үед хэрэв ирээд эелдгээр харилцаж, инээмсэглэн яривал, сайн үйлчилгээ үзүүлбэл та баярлана биз дээ. Яг түүн шиг үргэлж зочны оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Бас ажилтнаа дандаа магтаад эсвэл чангалаад байж болохгүй. Тэнцвэрийг нь дандаа хадгалж байхгүй бол дандаа магтаад эхлэхээр

 “Би мундаг шүү дээ” гээд өсөж дэвшихгүй, дандаа загнаад байвал мэдээж ажиллахгүй. Тиймээс тэнцвэрийг нь хадгална гэдэг маш чухал. Ажилчдаа би эерэг, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, энд ажиллаж байгаадаа баяртай байгаасай л гэж хамгийн ихээр хүсдэг.

-Шинээр ажилд орохоор ирсэн хүмүүсийг хэрхэн хүлээж авдаг вэ? 

Бид ч бас 18 настайдаа, залуудаа анх ажилд орохдоо айж сандарна. Хэцүү болов уу, загнах болов уу, алдаа гаргавал яана аа гээд их айна. Тийм болохоор эхний 2 сар битгий загна. Эхлээд учраа олох хүртэл нь сайн зааж зөвлөөд, ярилцаж байх хэрэгтэй. Эхний хоёр гурван хоногт нь хангалттай анхаарал тавьж, зөвлөхгүй бол тэр хүн төөрөлдөнө, юу хийхээ мэдэхгүй болно, тэгээд эцэст нь ажлаасаа гарах болчихно шүү дээ. Тиймээс анх ярилцлагад ирэхээс нь эхлээд л зочин шиг хандах хэрэгтэй. “Цай уугаарай”, “Жаахан суугаад амраарай” гэх мэтээр хүндлэлтэй харилцаж, чиг үүргийг нь анхнаас нь зөв өгөх хэрэгтэй. Бид л ажилд авах гэж байгаа юм чинь гэсэн хандлага гаргаж болохгүй. 

-Ойрын үед төлөвлөсөн том төсөл, ажлуудаасаа бидэнтэй хуваалцаач?

Манайх “Grill” ресторан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Би аливаа зорилгыг урдаа тавихдаа 5, 10 жил гэж хэтийн зорилго тавихыг хүсдэггүй. Хэрхэн хүн бүрийг аз жаргалтай байлгах вэ гэдгээсээ урьтаж “Яаж миний эргэн тойронд, ойр байгаа хүмүүсээ жаргалтай байлгах вэ” гэж боддог. Миний эхнэр, хүүхэд, ажилтнууд гээд хамгийн ойр байгаа хүмүүс минь жаргалтай байвал тэр сайхан. Шууд би рестораны 20 салбартай болно гэхээс илүүтэй, шат ахихтай ижил нэг нэг алхмаар урагшлах нь зүйтэй гэж боддог. 

-Та нийт хамт олон, гэр бүлдээ хандан сэтгэлийн үгээ хэлнэ үү.

Би 16 жил Монголд амьдарч, ажиллаж байна. Би мэдээж ганцаараа байсан бол энд амьдарч, ажиллаж чадахгүй. Компанийн маань хамт олон байгаа учраас би энд япон хоолны соёлыг түгээхээр ажиллаж, хийхийг хүсэж зорьж байсан зүйлсээ хийж чадна. Юм бүхэнд дэм, түшиг болдог Таван Богд Вашёкүгийн хамт олон, ерөнхий захиралдаа, нийт Таван Богд Группийнхэндээ болон гэр бүл, найз нөхдөдөө маш их баярлалаа. 

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай