Мэдээ мэдээлэл | July 17, 2023

Тэргүүний ажилтан “Таван Богд Фүүдс Пицца” компанийн Бүсийн менежер Д.Жаргалсайхан

-Та яагаад Таван Богд Группийг сонгон ажилд орох болсон бэ?

Америкт 11 жил амьдрахдаа би есөн жил пиццаны газар ажилласан. Дөнгөж ирээд удаагүй байх үедээ би найзуудаа гэртээ урьж, пиццагаар дайлсан юм л даа. Тухайн үед Таван Богд Группт ажиллаж байсан найз маань “Таван Богд Групп Монголд Пицца Хат брэндийг оруулж ирж байгаа. Чи ийм туршлагатай юм чинь сонирхоод үзээч, ирж уулзаарай” гэж хэлсэн. Гадаадад пиццаны газар олон жил ажилласан туршлагатай байсан болохоор энэ ажилд орохоор шийдэж, намайг маш найрсгаар угтаж авсан. Монголын маш том тэргүүлэх компани, тэгээд анх ажилд орохоор очиж уулзахад хүмүүсийн надад гаргасан тэр хандлага, эелдэг, эерэг уур амьсгал надад маш их таалагдсан. Дээрээс нь дэлхийн №1 сүлжээ рестораныг Монголд гэршүүлж, стандартын дагуу ажиллана гэдэг маш том ажил. Тиймээс ч анхнаас нь би гар бие оролцъё гэж зорьсон. 2014 онд нээгдсэн цагаас нь хойш тасралтгүй найман жил ажиллаад байна.

-Анх гараагаа эхлүүлснээс авхуулаад Тэргүүний ажилтан болох энэ замналд сурч мэдэж, өөртөө олж авсан хамгийн үнэтэй зүйл нь юу байсан бэ?

Бүх зүйлийг эхнээс нь, гараанаас нь оролцоод явахаар тэр ажлыг маш сайн ойлгож, мэдэж, өөрөө салшгүй нэг хэсэг нь болсон. Тууштай, тасралтгүй хөгжиж, том сүлжээ рестораны стандарт, ажлын арга барилыг хэвшүүлж ажиллах нь надад маш урамтай байсан. Тиймээс ч хийж буй ажилдаа дуртай, жаргалтай байж, үнэнчээр ажиллаж ирсэн болохоор энэ том нэр хүндийг хүлээсэн гэж бодож байна.

-Шинээр ажилд орох гэж байгаа, дөнгөж ажлын гараан дээр ирсэн залуустаа та юу гэж зөвлөх вэ?

Таван Богд Групп бол маш том компани шүү дээ. Энд өсөн дэвшиж, суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хангалттай боломж бололцоо бий. Би Пицца Хатад ажилд орохоор ирсэн залууст юу гэж зөвлөдөг вэ гэхээр тэр бүх боломжийг ашигла, өөрийгөө харуул, өсөн дэвш. Манай компани жил болгон ямар нэг шинэ салбар нээх гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байдаг. Тиймээс залуу боловсон хүчнээ доороос нь эхлэн бэлдэж, дээш ахиж дэвшихэд нь түлхэц өгдөг. 

-Та өөрийн урд тавьсан зорилгоосоо хуваалцаач?

Орон нутагт, нэн ялангуяа Эрдэнэт, Дархан хотод очоод анх би Улаанбаатар хотод салбар нээгдэж байхад яаж эхлүүлж байсан яг түүн шиг орон нутагт салбар нээж ажиллуулахыг хүсдэг. 

-Таван Богд Групп, бас хамтран ажиллагсдынхаа юунд нь та хамгийн дуртай вэ?

Би азтай учралаар маш гоё хамт олонтой таарсан. Дээрээс нь маш эрч хүчтэй, залуу ажилчдаар дүүрэн байдаг. Тэдэнтэй цуг ажиллахаар би маш их эрч хүч, энерги авдаг. Бас тэдэндээ үлгэрлэх, зааж зөвлөх үүрэг хариуцлага их ирдэг. Ийм сайхан компанид ажиллаж байгаагаараа би үргэлж бахархдаг. Нийт удирдлагууд, хамтран ажиллагсад та бүхэндээ маш их баярлалаа.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээж аваарай