Таван Богд Групп “Иргэн бүр эрүүл” нийгмийн аяныг санаачлан эхлүүллээ
Монголын ууган группуудын нэг Таван Богд Групп үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Группийн зүгээс ойн баяраа угтан бизнес, нийгмийн чиглэлээр олон ажил төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын нэг хэсэг болгон “Иргэн бүр эрүүл” аяныг эхлүүлж байна.
Монгол Улсад томоохонд тооцогдох хиймэл оюунд суурилсан эрт илрүүлгийн НУРА төвтэй хамтран нийт 300 хүнийг хамруулах энэхүү аяны хүрээнд олон нийтийн эрүүл нөхцөлд, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох зэрэг хүний анхдагч эрхийг хангах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэж буй албан хаагчдыг хамруулахаар төлөвлөсөн юм. Тодруулбал, иргэдийн эрүүл мэндийн манаанд тууштай ажиллаж буй эмч, сувилагчид, өдөр тутмын аюулгүй амьдралыг бий болгодог цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчид төдийгүй залуу хойч үед хүртээмжтэй боловсролын суурь болдог цэцэрлэг, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, мөн ДЦС-ууд, УСУГ-ын харьяа байгууллага болон ТҮК-ийн ажилтнууд гээд нийгмийн салбарын төлөөллүүдээс 200 иргэнд талархал болгон эрхийн бичиг гардуулна.
Түүнчлэн Таван Богд Группийн болон НУРА төвийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан GIVE AWAY зарлан үлдсэн 100 иргэнийг тодруулж шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм. Энэ нь иргэдэд эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зорилготой.
Ийнхүү “Иргэн бүр эрүүл” аянаар дамжуулан эрүүл амьдралын нэгэн хэв маяг, соёлыг бий болгох ажлыг Таван Богд Групп манлайлан эхлүүлж байна.




