#CEO TALK Таван Богд компанийн Дэд захирал Б.Энхсайхан
Таван Богд Группийн 2023 оны шилдэг Удирдагчаар тодорсонд баяр хүргэе. Монголын томоохон группт тогтвортой ажиллаж байгаа тухайгаа, карьер өсөлтийн нууцаасаа хуваалцсанаар яриагаа эхлэх үү? Ажлын гараагаа хэрхэн эхэлснээ хуваалцаач.
Би 10 жилээ Шинэ Монгол ахлах сургууль төгссөн. 2005-2012 онд Япон улсад бакалавр, магистрын зэргээр суралцаж, хамгаалаад Монголдоо ирж, Таван Богд Группээс ажлын анхны гараагаа эхэлснээс хойш 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх Таван Богд Интернэйшнл компанид ажилд орсон бөгөөд компани маань бараа түгээлт, борлуулалтын нэгдсэн системтэй болохоор шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, системээрээ борлуулж чадахаар байсан тул өөрийн группийн бүтээгдэхүүн болох Улаанбаатар гурилыг ашиглах бэлэн гоймон хийх, мөн гүний цэнгэг усыг ашиглан хүнсний цэвэр ус үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх төслийн менежерээр ажиллаж байсан. Тоног төхөөрөмж, технологи, сав баглаа, хэрэглэгчийн зан төлөв, олон талт санхүүгийн тооцоолол хийсний эцэст дээрх төслүүдийг хойшлуулж байсан. Дараа нь группийн ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байгаад, тэндээсээ Бизнес хөгжүүлэлтийн хэлтэст шилжиж, Таван Богд ХХК-н Тoyota брэндийн анхны үзүүлэнгийн танхимыг бүтээн байгуулах ажилд томилогдон, 500 м2 барилгыг сууриас эхлэн барьж 5 сарын дотор бэлэн болгосон. Тухайн жилдээ Таван Богд ХХК маань борлуулалт эхлээд, 9 сарын хугацаанд 327 ш автомашиныг хүлээлгэн өгч байлаа. Тухайн үед Toyota брэнд маань борлуулалтын гуравхан ажилтантай эхэлж байсан бол өнөөдөр 136 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 13,500 м2 талбай бүхий, 4 үндсэн обьекттой, борлуулалтаа 6 дахин өсгөсөн амжилттай явж байна. Дан ганц борлуулалтаар эхэлж байсан Toyota брэндийн үйл ажиллагаа нь сэлбэг, засвар үйлчилгээ, автомашины дагалдах хэрэгсэл зэрэг борлуулалтын дараах үйлчилгээнүүдтэй болж, 2023 оноос Lexus брэндийг нэмэн өргөжин тэлсээр байна.
Таны ярианаас нэг зүйлийг анзаарлаа. Хурдтай, судалгаатай ажиллах нь таны эсвэл танай компанийн онцлог уу?
Японд 7 жил суралцсан хүнд онолын мэдлэг л байсан байх, харин хурдны тухайд Таван Богд Группийн шаардлага эсвэл онцлог гэж хардаг. “Судалгааг бүх түвшинд сайн хийх, мэдээлэлд зөв анализ хийх, шуурхай шийдвэр гаргаад маш хурдтай гүйцэтгэх, мэдрэмжтэй байх” гэдэг нь манай группийн ялгарал. Зөв бол хурдан гүйцэтгэх, буруу байвал дор бүр нь засаж, сайжруулж чаддаг. Мөн олон төсөл, челленжийн ард олон ажлыг зэрэгцүүлж хийх чадвар болон бусад ур чадвар хүнийг өөрийг нь хөгжүүлээд, хүндээ үлддэг.
Та японд үлдэж ажиллах талаар бодож байсан уу?
Японд ажиллахгүйгээр, Монголдоо хийж бүтээе, эх орондоо сайхан амьдаръя гэсэн хүсэл эрмэлзлээр буцаж ирсэн. Ирсэн чинь мэдэхгүй, чадахгүй байдлаасаа болж бүтэлгүйтэх, ажил санаснаар явахгүй байх гээд шантарч байсан үе байлгүй яах вэ. Гэхдээ алдаа оноо болон янз бүрийн бэрхшээлүүд нь эргээд хувь хүн, албан байгууллагадаа ямар ч үед сайхан туршлага болж үлддэг юм байна. Ер нь байнга суралцаад л урагшилж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил болсон үер. Үерт автсан байраа хараад даваад гарах нь үнэн хэдий ч, ширхэг плита бүрд нь бидний хөлс хөдөлмөр шингэсэн болохоор тэр үү, өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Тэндээс л бид зүгээр ч нэг баг хамт олон биш, зүрх сэтгэлээ зориулан, хөдөлмөрөө шингээж, дурлаж хийж бүтээсэн юм байна гэдгээ ойлгосон. Нэг талаараа миний болон манай хамт олны хөгжил байгаа биз. Мөн өөр дээрээ ажиглаж байгаа бас нэг зүйл нь аж ахуйч хэвшилтэй болсон. Ажиллаж буй орчин, хэрэглэгчийн үйлчилгээ авах орчинд аль болох өөриймсөг хандаж, эвдэрсэн бол засдаг, бохирдсон бол цэвэрлэдэг, эмх цэгцгүй байдлыг цэгцтэй болгоод ирэхээр асуудал жигдрээд ирдэг юм байна. Ямар ч ажил тодорхой хэмжээнд аж ахуйч байдлаас эхэлдэг тул түүнийг сайн гүйцэтгээд байхаар зөв төлөвшил, зөв харах өнцөг өнцөг биед сууж, ажлын сайн үр дүн гардаг гэж бодож байна.
Өөриймсөг сэтгэл гэдэг яг юунаас эхэлдэг юм бэ? Миний харж байгаагаар Монгол улсын бүх түвшинд хамгийн их дутагдаж байгаа төлөвшил юм шиг санагддаг.
Ямар ч ажилд өөриймсгөөр хандахаар сайн үр дүн гардаг. Өдөр тутамдаа ажиллаж байгаа орчин, хэрэглэж буй ширээ сандал, автомашин, компьютер зэргээс эхлээд өөрийнхөөсөө илүү хайрлаж, гамнаж байж компанийн хүн болно. Компанийн төлөө хэт зүтгэлээ, өөрийгөө бодсонгүй гэх мэт үзэл байдаг байх, гэхдээ энэ ойлголт нь буруу юм. Яагаад гэвэл компани гэдэг маань чи өөрөө юм шүү дээ. Тэнд ажиллаж байгаа хүн бүр хэр байхаас хамаарна. Жишээ нь, Японд цагийн ажил хийж байх үед тухайн дэлгүүрийн маань эзэн надад “Зүгээр огт зогсож болохгүй, цаг бүр хөдөлж байх хэрэгтэй. Чамайг ажиглахаар 5 мин зүгээр зогслоо. Би чамд ажлын хөлс төлнө, хэрвээ чи сайн ажиллавал дэлгүүр улам орлоготой болж, түүнээс эргээд чиний цалин ч өснө. Иймд наанаа байгаа савх, сэрээ, уут ч хамаагүй цэгцлээрэй” гэж байсан удаатай. Дээрх жишээ бол сургуулиас биш амьдралаас олсон туршлага. Японд сурсан, сайн сургууль төгссөн гэдгээрээ аргалаад хүн ажилд орчих л байх. Гэхдээ тэр ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдэг нь дипломоос биш, хувь хүний хандлагаас шалтгаалдаг. Энд нэг жижигхэн тодруулгыг хэлэхэд манай группийн дотоод сургалтаар Инамори Казүогийн “Амьдралын үр дүнгийн тэгшитгэл”-г бидэнд зааж, чиглүүлж ирсэн.
УР ЧАДВАР х ГАЛ ЭРМЭЛЗЭЛ х ХАНДЛАГА = АМЬДРАЛЫН ҮР ДҮН
Эндээс харахад гадаадад төгссөн, ур чадвартай, мөн нэмээд гал эрмэлзэл байлаа ч гэсэн хамгийн гол зүйл болох хандлага муутай хүн бол хасах утгаараа үржээд ирэхээр хасах үр дүн гаргачихна. Иймд би анхнаасаа ур чадвартай, гал эрмэлзэлтэй байсан нь юу л бол, харин тодорхой хэмжээнд хандлага сайтай байсан болов уу даа гэж боддог. Тэгэхээр хандлага зөв байх юм бол ямар нэгэн байдлаар ур чадвар суудаг, хамт олноосоо суралцаад, зүг чигээ олоод хийж бүтээх гал эрмэлзэлтэй болчхож байгаа юм. Тэр ч утгаараа одоо ажлын байран дээр чиний төгссөн сургууль, хэлний мэдлэг гэхээсээ эхлээд хандлагыг хардаг болчихжээ. Өөриймсөг байна гэдэг нь зөв хандлага юм уу даа.
Үнэхээр хандлага гэдэг зүйл амьдралын чанарын гол үзүүлэлт болжээ. Эдийн засагч хүн хувирахад тийм амар биш байсан байх даа.
Миний хүндэлж явдаг, манай найзын аав надад зөвлөж байсан юм. “За миний дүү сайн менежер л болох ёстой юм шүү. Эдийн засгийн мэргэжил гэдэг чинь гарт баригдах зүйл биш. Өгсөн даалгаврыг өөрийнхөө чадлаараа 100% хийж сур” гэж хэлж байсан. Тэр үгийг санаж аливаа ажлыг чадахаасаа авхуулаад чадахгүйгээ хүртэл хичээж хийсэн. Чадахгүй гэж эмээх, сэтгэлээр унах, орхимоор санагдах үе байсан ч, хойш суулгүй хийе гэж хичээж явна даа.
За бизнесийн тухай асуултаар яриагаа үргэлжлүүлье. Дотоодын зах зээлийн борлуулалтын 70% гэдэг үнэхээр том тоо санагдаж байна. Хэрхэн хэрэглэгчээ татсан талаарх нууцаасаа хуваалцаач.
Toyota, Lexus гэдэг дэлхийн брэндийг Монголын хэрэглэгч нар маань сайн мэддэг. Мэдээж дээр нь Таван Богд гэдэг брэнд Монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр маш сайн танигдсан брэндүүд дээр, өрсөлдөхүйц үнэ, чанартай түргэн шуурхай үйлчилгээ гээд сайн нийлэмж бүрдсэн гэж хардаг. Бид анхнаасаа брэндээ таниулах чиглэл рүү биш шууд хэрэглэгч рүү хандсан чиглэлээр ажилласан болохоор биднийг илүү сайн сонгож байсан. Нэмээд манай компанийн хийж чадсан нэг чухал ажил бол автомашины зээлийн бүтээгдэхүүн. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч тухайн үедээ байгаагүй, хэрэглэгчдэд таатай нөхцөлүүдийг санал болгож байлаа. Мөн Монгол орны уур амьсгал, замын нөхцөлд нийцсэн автомашин болон дагалдах бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдэд үнэ цэнийг бий болгосон. Мэдээж манай хотын төв дэх байршил, албан ёсны засварын төв, борлуулалтын дараах үйлчилгээ гээд олон хүчин зүйлүүд хэрэглэгчид бидний сонгох шалтгаан болсон. Энэ бүхэн дээр удирдлагуудын дэмжлэг, хамтрагчдын нягт уялдаа холбоотой ажиллагаа, нийлүүлэгч талын дэмжлэг, хамт олны минь тасралтгүй ажиллагаа гээд олон зүйлс бий.
Iphone утасны сери болгоноос худалдаж авдаг хүмүүс байдаг шүү дээ. Түүн шиг Ланд Крузерийн шинэ сериэс тогтмол худалдаж авдаг хүмүүс байдаг уу?
Байлгүй яахав. LC200 загвар анх 2007 онд танилцуулагдаад 2021 оны дунд хүртэл 13 жил дотор 4-5 удаа сайжруулалт ороход, тэр болгон дээр худалдан авдаг хэрэглэгчид байгаа.
Гэхдээ гар утас бол 10 сая доторх асуудал, автомашин бол багадаа 130-аас дээш сая байхаар боломжгүй санагдах юм.
Ганцхан үл хөдлөхийн л үнэ өсдөг юм биш. Хөдлөх хөрөнгийн үнэ ч тасралтгүй өсөж байна. Харин автомашины үнэ тогтмол унаж байдаг гэсэн ойлголт бий. Монголын нөхцөлд Тоёота нь шалгарсан бүтээгдэхүүн тул тийм ч амар үнээ алдахгүй, харин ч найдвартай байдлаараа алдартай тул анх авсан үнээсээ илүү өсөх тохиолдол ч байдаг. Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүндээ итгэж дараа, дараагийн загварыг худалдан авах сонирхолтой байдаг. Энэ үед банк санхүүгийн байгууллага ч гэсэн нэмэлт барьцаа гэхгүйгээр автомашиныг өөрийг нь барьцаалан зээлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн дайтай хөдлөх хөрөнгө шүү гэдгийг харуулж байдаг. Тодорхой хэмжээнд өндөр үнийн дүнтэй ч зээлээр авах боломж бүрддэг, өөрийн үнэ цэнээ амархан алддаггүй тул давтан худалдан авалт боломжтой болдог. Хөдлөх хөрөнгийн үнэ цэн унадаг гэдэг ойлголт хоцрогдож байна.
Хэрвээ эрэлт ийм их байдаг юм бол, хүссэн тоогоор нь авчраад нийлүүлчхэж болдоггүй юм уу?
Харин тиймээ. Энэ сэдэв маань цаанаа их нарийн учиртай. Toyota Motor Corporation нь олон мянгаар зарагддаг зарим загваруудаа бүс нутгуудад нь үйлдвэрлэдэг бол, зарим нэг онцлох загвар, брэндийг зөвхөн Япондоо үйлдвэрлэх тохиолдол байдаг. Жишээ нь Монгол улсад албан ёсоор борлуулж буй Toyota, Lexus брэндээс зөвхөн Hilux загварыг Thailand улсад үйлдвэрлээд бусад бүх загвар, брэндийг Японд үйлдвэрлэсэн байдаг. Үйлдвэрлэх тоо ширхэг хязгаартай тул дагаад Монголын зах зээлд нийлүүлэх тоо ширхэг хязгаартай байдаг. Хялбархан хэлбэл, Toyota Motor Corporation нь 10.0 сая ширхэг автомашин хийхээр төлөвлөж байтал эрэлт, захиалга маань их байгаа тул гээд шуудхан 20.0 сая ширхгийг хийчихдэггүй. Тэгэхээр улс бүрийн тоо ширхэг тодорхой хэмжээнд, тодорхой хугацаагаар тогтсон байдаг. Японы талаас Монгол орны нөхцөл байдал, засвар үйлчилгээ, эдийн засгийн чадавхи гээд олон талаас нь харж тоо ширхэг тогтоодог. Ийм нөхцөл байдлын тунд манай компани Toyota-н автомашиныг төрлөөс хамааран 1-3 сар, Lexus брэндийн автомашиныг мөн загвараас хамааран 3-6 сарын хугацаатайгаар нийлүүлж байгаа. Хамгийн гол нь борлуулаад дуусах биш, засвар үйлчилгээг зөв хугацаанд хийлгэж, аюул осолгүй, тав тухтай урт хугацаанд унах боломжийг хангахаар хичээн ажиллаж байна.
Цаг зав гарган, сонирхолтой мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.




