ТАВАН БОГД ГРУППИЙН МАРКЕТЕР БАЙХ ЯМАР ВЭ?
ЯАГААД МАРКЕТЕР ГЭЖ
Би 7, 8-р ангидаа л маркетер болно гэдгээ сонгочихсон байсан. Тэр хүслээрээ СЭЗИС-д ороод, 2016 онд бизнесийн удирдлагаар төгсөөд, Таван Богд группт маркетингийн мэргэжилтнээр орж байсан. Өмнө нь нэг компанид түрхэн ажиллаж байсныг эс тооцвол, ажлын туршлага, байгууллагын соёл, мэргэжлийн ур чадварын хувьд намайг бүр анхнаас өлгийдөж авсан гэж ойлгож болно.
ОНОЛ ПРАКТИКЫН ЯЛГАА
Багш нараасаа сонссон маркетингийн хичээлүүдээ, практик дээр сууриас нь эхлэн хэрэгжүүлж, алдаж онож, ойлгож, өөриймшүүлж авсан. Хамгийн эхлээд хэрэглэгчээ мэдэх гэж судалгаа аваад, хэрэгцээг нь тодорхойлоод, тэр хүндээ нийцэмжтэй агуулгыг бэлтгэн, хамгийн зөв сувгаар өгч, анхаарлыг нь татаад, худалдан авах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ гээд, явж өгсөн. Ажлын туршлагын тухайд олон нийттэй харилцах, хамтын ажиллагаа хариуцсан чиглэлээр ажиллаж байгаад, Улаанбаатар гурил компанийн сурталчилгааг хариуцаж, дараа нь хэсэгхэн хугацаанд Годивагийн маркетинг дээр очоод, Хятадад мастераа хамгаалахаар явсан. 2022 онд мастераа хамгаалж ирээд, Ток Ток брэндийн Маркетингийн албаны даргаар ажиллаж байсан. Одоо Таван Богд Группийн, маркетингийн компани болох Ар И Ди Эжинсигийн албаны дарга ажиллаж байна.
БИД НАР БҮГДИЙГ БҮТЭЭНЭ
Одоо ажиллаж байгаа зах зээлийн хувьд хүнс болон ахуйн бүтээгдэхүүнүүдийн дистрибьютер багийн, маркетингийн албаны даргаар ажиллаж байгаа. ATL буюу брэндийн маркетингийнхаа төлөвлөлт, гүйцэтгэл, сошиал, пи ар, дизайн сурталчилгаа, CRM-ийн ажлуудыг гүйцэтгэж байна. Godiva, Activia, Actimel, Hardys, Kindzmarauli, MamyPoko, Sofy, McVities, Ulker зэрэг 10 гаруй олонд танигдсан брэндийг манай багийнхан хөгжүүлэн ажиллаж байна. Дандаа залуучууд ажилладаг болохоор алдаж онох нь олон. Нэмээд судалгааныхаа багтай хамтраад, бүтээгдэхүүнийхээ талаар өргөн мэдлэгтэй болж, маркетингийн бүх хэрэгслүүдийг ашиглан ажиллаж байна даа.
АЖЛЫН ОНЦЛОГ
Манай багийн хувьд Multitasking ажилладаг тул, олон чадваруудыг зэрэг эзэмшсэн гэж болно. Энгийн жишээгээр тайлбарлах юм бол нэг брэндийг хүлээж авсан бол, тэр брэндээ яг өөрийнхөө хүүхэд шиг л бойжуулна гэсэн үг. Өө би зөвхөн төлөвлөлт л хийх ёстой, би зөвхөн судалгааг нь хариуцна, сошиал хандалтыг нь дижитал менежер мэднэ, вэб нь болж байгаа эсэхийг CRM-ийнхан мэднэ гэж суудаггүй л гэсэн үг. Тэр брэндээ ямар өнгө төрхөөр таниулах уу, яаж хоногшуулах уу, ямар мессэж хүмүүст ойлгоход хялбар байх бол, ямар телевизээр сурталчилгаа цацах, сегментдээ хэрхэн тодорхойлох, сошиал хуудсаа хөтлөх, нэмээд үр дүнгээ өдөр тутамдаа хянах, судалгааны үр дүнгээ харж, дүгнэлт хийж явна гэсэн үг. Нэмээд сурталчилгааны зураг авалтаа бэлдэнэ, моделуудтай холбогдоно, хэрэглэгчийн датан дээрээ тулгуурлан дараагийн ажлуудаа төлөвлөнө. Энэ мэтчилэн яриад байвал олон ажлуудыг зэрэг хийж, амжуулдаг.
АРАЙ Л ИХ АЖИЛ УУ?
Дээрх ажлууд нь сонсоход их сонсогдож байж магадгүй ч, багаараа, төлөвлөөд, гүйцэтгэлээ хянаад ажиллахад ямар ч асуудалгүй. Чадахгүй, мэдэхгүй зүйл гарч ирэхэд багийн бусад гишүүд туслаад явдаг. Нөгөөтээгүүр илүү цагаар, оройтож суух соёл манай компанид байдаггүй гэж ойлгож болно. Эхэндээ суртлаа, туршлага суутлаа, хэцүү байж магадгүй ч, цагийн юмыг цагт нь хийдэг соёлд аандаа уусчихна. Ажлын ард сугарч үлддэг, биеийн амрыг хайдаг, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, цалингаа бүтэн аваад явах сонирхолтой хүн манай багт байх боломжгүй. Яагаад гэвэл таны гүйцэтгэлийг хэн нэгэн хувь хүн биш систем удирдаж байгаа болохоор, та менежерээ “найраад” гүйцэтгэлээ бүтэн тавиулах ямар ч боломжгүй, систем дээрээ хийгдээгүй ажил, таны цалинг зөв бодоод гаргачихна. Олон ажлыг, чанартайгаар, богино хугацаанд хийгээд сурчихвал, хэнд ч хэрэг болно, дургүйцэх хүн гарахгүй байхаа. Тэгээд ч “Өдөр бүр бүх чадлаараа” гэдэг манай группийн уриа шүү дээ.
ЧАДАХ БОЛОВ УУ?
Мэдээж эхлээд юугаа ч мэддэггүй л байлаа. Нөгөө бассейндаа оролгүй, гадна талд нь 4 жил бэлтгэл хийчихсэн хүн шиг. Хамгийн сайн мэддэг эксел дээрээ ч, зарим томьёог зөв татаж мэдэхгүй, Фэйсбүүк дээр аятайхан зураг оруулснаа сурталчилгаа хийчихлээ гэж бодож байсан цаг саяхан. Үнэхээр алхам тутамдаа, цаг минут бүр тасралтгүй суралцаж, гол нь тэрийгээ шууд ажил дээрээ хэрэгжүүлж, хэмжиж, хянаж, засаж сайжруулж, төлөвлөж ажиллаж байна. Манайд Маркетингийн газар бий. CRM, Digital, PR, Marketing-ийн чиглэлээр маш сайн мэргэшсэн баг ажилладаг учир, мэдэхгүй чадахгүй бүх зүйл дээр дэмжлэг авах боломжтой. Жишээ нь сошиал сувгаа хэрхэн хөгжүүлэх чиглэлээр сургалт өгч, үйлдлээр дадлагажуулж, хэрхэн хяналт тавихыг нь сургаж, эхэндээ алдааг хянаж, засаж, залруулж, байгаад, яваандаа сар бүр гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл мэдэхгүй зүйлээ өөрөө судлаад, туршаад, алдаж, оноод цаг алдахгүйгээр, баг хамт олноосоо тусламж, дэмжлэг аваад суралцаад өөрийгөө олон талд сориод явах боломжтой.
ШИНЭЭР АЖИЛД ОРОХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ЗАЛУУСТ
Мэдэхгүйгээсээ болж, цаг алдах шаардлагагүй, мэддэг нь хэлээд, сургаад явчихдаг болохоор та сурахад л цаг гаргах хэрэгтэй. Манай онцлог гэвэл чамд тодорхой таскууд өгнө, гүйцэтгэлийн явцад чинь чиглүүлнэ, шаардлагатай дэмжлэг авах хүнтэй нь холбож өгнө, цаг хугацаанд нь шахна, үр дүнг нь тооцно. Замд нь “эмормоор” санагдсан ч, ар араасаа таскууд нь тодорхой учир, хийгээд явахаас өөр аргагүй учир “Зав олдохгүй” л гэсэн үг. Ирээдүйд маркетингийн чиглэлээр карьераа төлөвлөж, холбоотой бүхий л чадварыг эзэмшихийг хүсэж байвал Таван Богд Группийн “МАРКЕТЕР” болохыг зөвлөе дөө.




