БОЛОМЖ НЭГ Л ӨДӨР ТАНЫ ХААЛГЫГ ТОГШДОГ, ТЭР ҮЕД БЭЛЭН БАЙХ НЬ АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ ЭХНИЙ АЛХАМ

By: Admin

Таван Богд Проперти ХХК-ийн GERLUG VISTA төслийн Бизнес хөгжүүлэлтийн ахлах менежер Ж.Оюунбилэг

Та өөрийгөө товч танилцуулна уу?

Би СЭЗИС-ийн Санхүү менежментийн ангийг 2015 онд төгссөн. Оюутан байхдаа сайн дурын илтгэл мэтгэлцээний клуб, судлаач оюутан клубүүдэд гишүүн байснаас гадна мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний хурал, илтгэлүүдэд оролцдог нэлээн идэвхтэй оюутан байлаа. Сүүлийн 6 жилийн хугацаанд  Дата анализ, Борлуулалтын стратеги, Байгууллагын санхүү менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Харин одоо Таван Богд Проперти компанийн хэрэгжүүлж буй “Гэрлүг Виста” орон сууцны төсөлд Бизнес хөгжүүлэлтийн ахлах менежерээр ажиллаж байна.

Таван Богд Группт ажиллаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

Миний хувьд 2018 онд Таван Богд Группт Хөрөнгө удирдлагын менежерээр орж байсан. 2015 онд төгсөх ангийн оюутан байхдаа Монголын топ 100 компанийн жагсаалтаас өөрийн сонирхсон чиглэлийн арваад компани руу анкетаа явуулсан юм. Тэр 7 хоногтоо Таван Богд Интернейшнл ХХК-аас холбогдож шалгалт өгөхийг урьсан. Гэхдээ тухайн үед шалгалтад тэнцээгүй л дээ /инээв/.  Харин цаашид мэргэжлийнхээ чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн сайн боловсон хүчин болохын тулд мэргэжлийн суурь мэдлэгээс гадна бусад хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдээ маш сайн ойлгож мэдэж авсан. Ингээд сургуулиа төгсөөд Монголын томоохон шингэн хүнсний компанид гурван жил орчим ажиллаж туршлага хуримтлуулаад, дахин Таван Богд Групп рүү хандаж одоогийн ажлын байрандаа шилжиж ажиллах боломжтой болсон. Үүгээр ч зогсохгүй дараа дараагийн олон том боломж өмнө минь нээлттэй байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

Та санхүүгийн мэргэжлээсээ хөрвөн “Gerlug Vista” төслийн борлуулалт, маркетингийг хариуцан ажиллаж байна. Энэ хугацаанд шинээр суралцсан арга барил, баримталж буй зарчмаасаа хуваалцвал?

2020 оны 3 дугаар сард Таван Богд Проперти ХХК нь Таван  Богд Группийн 18 дахь охин компани болон байгуулагдахад  Бизнес хөгжүүлэлтийн менежерээр шилжин орон сууцны төслийн концевц, бизнес төлөвлөгөө, хэрэглэгч, зах зээл рүү чиглэж ажиллаж эхэлсэн. Мэдээж шинэ салбар, шинэ албан тушаалд хөрвөн ажиллах нь олон талын ур чадвар шаардахаас гадна том, жижиг олон сорилттой тулгарна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ сорилтоос айлгүйгээр шийдвэртэй алхам хийх нь ур чадвараа дахин нэг шат ахиулах боломж гэж хардаг. Төсөл албан ёсоор эхлээд жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэд хэдэн зүйлсээр ажлын арга барил, ур чадвараа баяжуулсан гэж боддог.

Эхлээд судал, дараа нь асуу – Миний хувьд мэдэхгүй, чадахгүй зүйлс тулгарахад хэн нэгнээс шууд тусламж хүсэхээс илүү интернэтээр бие даан судалж шийдлийг нь олохыг хичээдэг. Энэ нь бие даан асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхээс гадна, бусдын үнэт цагийг ч хэмнэдэг.

Чадварлаг, туршлагатай нэгнээс суралц - Ямар ч хүнд бусдаас илүү хөгжүүлсэн ур чадвар байдаг. Миний хувьд ямар ч хүнтэй хамтран ажиллахад тухайн хүний сайн талыг хамгийн түрүүнд олж харж чаддаг. Тиймээс төслийн багт ажиллаж буй олон төрлийн мэргэжил, ур чадвартай хүмүүсээс алхам бүрд суралцахыг хичээдэг.

Хувь хүнийхээ хувьд - Удирдлага хамт олныхоо итгэж болох нэгэн нь байх, хийж буй зүйлдээ бүтээлч, сэтгэлтэй, хариуцлагатай хандахыг хүсдэг. Мөн хамгийн чухал нь намайг хүрээлж байгаа хүмүүс дунд эерэг, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэгч хүн нь байхыг хичээж явдаг даа.

Би энэ жилээс 5 хүнтэй борлуулалт, маркетингийн баг хариуцаж ажиллах болсон. Тиймээс бусдыг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах, хэрхэн багаараа үр дүнтэй ажиллах, хязгаарлагдмал нөөцөд тааруулж бусдыгаа хэрхэн сэтгэл ханамжтай ажиллуулах болон шийдвэр гаргалтын арга техникүүд, удирдлагын арга барил зэрэгтээ түлхүү анхаарч ажиллаж байна.

 Та эрч хүч, урам зоригоо юунаас авдаг вэ?

Миний хувьд өөрийн сонгосон ажил болон мэргэжилдээ дуртай. Мэдээж ажлын байран дээр дандаа аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг гэвэл бас худлаа. Тэвчихэд хэцүү тохиолдлууд ч гардаг. Гэхдээ би

- Өөрийн гэсэн урт, богино хугацааны зорилго, тэмүүлэл

- Алдартай, амжилттай хүмүүсийн намтар, амьдралын замнал

Өөрөөсөө туршлагатай, чадвартай амьдралын ментор зэргээсээ эрч хүч авч урам зориг дүүрэн ажилладаг.

Шинээр ажлын гараагаа эхэлж буй залууст юу зөвлөх вэ?

Өнөөдөр хүн бүр л мэргэжилдээ эзэн болж чадварлаг нэгэн болохыг тэмүүлдэг. Иймд өөрийгөө илүү үнэ цэнтэй, ялгаралтай нэгэн байлгахын тулд  мэргэжлийн чиглэлийн гүнзгий мэдлэг, бусад салбарын ерөнхий мэдлэг болон ятган үнэмшүүлэх харилцааны ур чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Залуу хүн мэдлэг туршлага, ур чадвар нимгэн боловч урагшаа  явах цаг хугацаа, боломж ихтэй байдаг. Хэрэв чи зорилготой, эерэг хандлагатай, гар эрмэлзэлтэй л бол цаг хугацааны явцад ажил, амьдралдаа заавал амжилт гаргана гэдэгтээ итгээрэй.

​Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.