>Цагийн ажилтнаас Гадаад харилцааны мэргэжилтэн болсон миний түүх
2021 оны 2 сарын 18

Цагийн ажилтнаас Гадаад харилцааны мэргэжилтэн болсон миний түүх

By: Admin

Сайн уу? Намайг Б.Түшиг гэдэг. Би МУИС-ийн 1-р курст суралцаж байхдаа зөвхөн ажлын байран дээр суралцах боломжтой ур чадваруудыг эзэмших, хамт олонтой болох зорилгоор анх KFC-д ажилд орж байлаа. Хичээлийнхээ хажуугаар бага цагаар ажиллаад явж байя гэсэн миний бодол ажилд ороод удалгүй эсрэгээрээ эргэв. Хүн хичээх юм бол KFC-д өөрийн ур чадвараа үнэлүүлж, карьер өсөх боломжтой олон жишээг би нүдээрээ харав. Эндээс би хийж буй зүйлээ зөвхөн цагийн, түр зуурын гэж харахаа больж илүү том зорилго тавин өөрийн бүх нөөц, боломжоо шавхаж салбарын “Ээлжийн менежер” болтлоо дэвшиж чадсан юм.

Үндсэн ажилтан буюу ээлжийн менежер болоод баг удирдан хажуугаар нь хичээлээ амжуулах амар байгаагүй. Өдөржин хичээлтэй, орой нь ажилтай. Шөнийн ээлжнээсээ буугаад өглөө сэрэхэд аав минь ажлын хувцсыг угаагаад цэв цэвэрхэн болгоод бэлдчихдэг гээд гэр бүл, хамт олон минь их дэмждэг байсан нь шантрах үед хамгийн их урам зориг өгсөн дөө. 

Олон цагаар сурч, ажиллахад ядардаг ч унтаад сэрэхэд бие амардаг. Харин чадахгүй, мэдэхгүй, хэцүү гэсэн сөрөг бодлууд л хүнийг хамгийн их ядраадаг гэж боддог.

2017 онд Champs Challenge буюу дэлхийн өнцөг булан бүрд KFC-д ажилладаг ажилтнуудын дунд зохион байгуулагддаг ур чадварын тэмцээнд Монголоос анх удаа оролцох багийн гишүүн болж Индонезийн Бали арлыг зорьсон юм. Тэмцээндээ амжилттай оролцож Best Supply Base буюу Шилдэг бэлтгэл хэсгийн ажилтан  номинацын эзэн болсон тэр мөч одоо ч сэтгэлд тод дурсагддаг.

alt

Менежер байхын хамгийн сонирхолтой зүйл нь өөрөөсөө олон насаар эгч ах хүмүүсээр удирдлагаа гэж хүндлүүлэн “Та” гэж дуудуулах байлаа. Мөн маш олон төрлийн ажил үүргүүд хийж гүйцэтгэх шаардлагатай болсон нь ажлаасаа уйдах завгүй, цаг үргэлж шинийг суралцах боломжийг надад олгосон. 

Нягтлан бодох бүртгэл, хөдөлмөрийн харилцаа, хүнсний аюулгүй байдал, салбарын засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, бүтээгдэхүүний стандартын шаардлагыг хангаж ажиллах зэрэгтэй холбоотой олон салбарын мэдлэг, ур чадварыг ажлын байран дээрээ суралцаж чадсан. 

alt

Удахгүй их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахаар хайртай ажил, хамт олноосоо сална гэж бодохоор хэцүү санагдаж байлаа. Тэр үед компаниасаа ажлын шинэ санал хүлээж авсан минь бас нэгэн гэнэтийн явдал байсан. Шинэ ажлын байр минь Таван Богд Фүүдс ХХК буюу KFC backoffice-д Гадаад харилцаа, худалдан авалтын албанд Мэргэжилтнээр   ажиллах санал байсан ба мэдээж энэ саналыг би дуртайяа хүлээж авсан. Хэдий би шинэ албан тушаал дээрээ туршлагагүй боловч, KFC-д оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг минь үнэлж, итгэл хүлээлгэж буй удирдлага, хамт олондоо баярлалаа. 

Би KFC-д хайртай❤️

alt

Та KFC брэндийн хамт олонтой илүү сайн танилцахыг хүсвэл энэхүү фэйсбүүк хуудсыг дагаарай KFC Mongolia HR